Дэлхийн II дайн эхэлсний дараах өдрүүдийн тулалдааны талаарх түүхэн ховор баримтуудыг ОХУ-ын Батлан хамгаалах яам цахим хуудсандаа нийтэллээ. Тухайлбал, дайн эхэлсэн өдрийн шөнө гаргасан анхны тушаал, мөн Гитлерийн “Барбаросса” төлөвлөгөөний план зургийг нийтэлжээ.
Үүнээс гадна ЗХУ-ын Батлан хамгаалах Ардын хорооны нууц материалууд, тушаалууд, фашистуудын довтолгоонд анх өртсөн цэргийн анги, нэгтгэлүүдээс ирүүлж байсан байлдааны нууц мэдээллүүд, гавьяа байгуулсан дайчдыг шагнах тогтоол, тэдний ямар гавьяа байгуулсан талаарх дэлгэрэнгүй мэдээлэл зэргийг мөн нийтэлсэн байна.
Анхны №1 тушаалыг 1941 оны зургадугаар сарын 22-ны өдөр гаргаж Жанжин штабын дарга Георгий Жуков, Батлан хамгаалах ардын хорооны дарга Семен Тимошенко нар гарын үсэг зуржээ. Энэ тушаалыг тэр өдөртөө Улаан армийн III, IV, X армиудад хүргүүлжээ. Хоёр тоот тушаалыг Георгий Жуков гараар бичсэн нууцын зэрэглэлтэй байсан бөгөөд энэ тушаалыг дайн эхэлснээс гурван цагийн дараа зургадугаар сарын 07.15-д гаргажээ. “Бүх хүч, чадлаараа дайсны цэргийг бут цохих, хилийн нэвтэрсэн хэсэг бүрт шууд устгах”-ыг тушаажээ.
Мөн Гитлерийн “Барбаросса” төлөвлөгөөний план зургийг дэлгэжээ. Зурган дээр Зөвлөлтийн ойролцоох Германы анги, нэгтгэлүүдийн байршлыг тодорхой харуулж, эхний цохилтуудыг хийх маршрутыг заажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ