ОХУ-д болж буй хөлбөмбөгийн хамгийн том баяр наадам болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээн олон олон гэнэтийн бэлгээр дүүрэн байна. “Алтан дагина”-ын төлөө өрсөлдөж байгаа дэлхийн шилдэг багуудад хожлын баяр баясал, хожигдлын гунигт мөч ээлжлэн тохиосоор. Эдгээр багуудын дунд Панам шиг мөч монголчуудад ч ойрхон биз ээ.
ДАШТ-д анх удаагаа оролцож байгаа орны нэг бол Панам улс юм. Төв Америкийн Панам улс бүсдээ Мексик, Коста-Рикагийн шигшээ багийн араас гуравт бичигдэн Орост ирэх эрхээ авсан. Гэхдээ тэд АНУ болон Гондурас, Тринадад ба Тобаго улсуудыг ардаа орхин 21 дэх удаагийн ДАШТ-д оролцохоор болсон нь том дуулиан байсан юм.
G хэсэгт Англи, Белги, Тунистай нэг хэсэгт багтсан Панамын шигшээ баг дэлхийн аваргын анхны оноогоо авах зорилготой ирсэн. Энэ хэсгийн хүчирхэг хоёр баг болох Англи, Белги төвөггүйхэн хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авлаа.
Гэхдээ дөрвөн сая хүн амтай Панамын шигшээ багийн хувьд өчигдөр түүхэн баярын өдөр байлаа. Англитай хийсэн тоглолтод 6:1-ээр хожигдсон ч гэлээ Балоя улсынхаа анхны гоолыг хийсэн юм. 37 настай Балоя олон сая панамчуудын хүсэл мөрөөдлийг дахин бадрааж өглөө. Мөн тэрээр дэлхийн аваргад гоол хийсэн анхны Панам хөлбөмбөгчин болж байна.
1996 онд Гари Стэмпэл гэх дасгалжуулагч Панамд хөлбөмбөг хөгжүүлэх гээд иртэл тоглох бөмбөг байхгүйгээс гадна хөлбөмбөгийн сайн талбай ч байгаагүй аж. Тэрбээр Англиас авчирсан хэдэн бөмбөгөөрөө хүүхдүүдийг тоглуулж, бейсболын талбайг хөлбөмбөгийн талбай болгож байсан түүхтэй. Тухайн үед Панамын шигшээ баг дэлхийн чансааны 150-д бичигдэж байсан бол өнөөдөр дэлхийн аваргын анхны гоолоо хийн баярлаж байна. 2018 оны Орост ирэх урьдчилсан шалгаруулалтад АНУ-ыг гэрт нь үлдээсэн баг бол Панам юм. АНУ-ын шигшээ баг 1986 оноос хойш анх удаагаа ДАШТ-ийг өнжсөн нь ийм учиртай.
20 жилийн дотор Панамын хөлбөмбөг хөгжиж, дэлхийн чансаагаа 100 байраар ахиулан 55-д бичигдэж байна. Тэнд хөлбөмбөг хөгжжээ. Өнөөдөр дэлхийн аваргын анхны гоолоо хийсэн панамчууд баярлаж байна. Тэдэн шиг бид ч гэсэн баярлахсан.