ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн хоёр дахь тоглолт өчигдөр өндөрлөж, гурав дахь тоглолт өнөөдрөөс эхэлнэ. Одоогоор зарим хэсэгт шөвгийн 16-д өрсөлдөх багууд тодроод байна.
Өчигдөр “G” хэсгийн хоёр дахь тоглолт болж, Англи Панамыг 6:1-ээр хожлоо. Уг тоглолтод Английн багийн довтлогч, багийн ахлагч Харри Кэйн гурван гоол оруулж, нийт таван гоолтойгоор мэргэн буучдын жагсаалтыг ганцаараа тэргүүлж эхэллээ. Харри Кэйн зургадугаар сарын 18-д Тунисийн шигшээ багтай хийсэн тоглолтод хоёр гоол (2-1) хийсэн бөгөөд түүний сүүлийн гоолын ачаар англичууд эхний хожлоо авсан юм. Тэгвэл өчигдөр Панамтай хийсэн тоглолтод гурван гоол хийж, Роналдо, Лукаку нарын урд бичигдэж эхэллээ.
Харри Кэйн хэсгийн тоглолтод дөрвөөс дээш гоол оруулсан анхны англи хөлбөмбөгч боллоо. Түүнээс өмнө Рожер Хант 1966 оны ДАШТ-д, Гари Линекер 1986 оны ДАШТ-д тус бүр гурван гоол оруулсан нь дээд амжилт байжээ. Тэгвэл энэ амжилтыг Харри Кэйн тав болгон ахиулахдаа 21 дэх удаагийн ДАШТ-ий мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхлэв.
Харри Кэйнийн араас Португалын Криштиану Роналдо, Бельгийн Ромелу Лукаку нар дөрвөн гоолтой удаалж байна. Мөн гурван гоолтой хоёр тамирчин бий. Дахин хэсгийн нэг тоглолт үлдээд байхад хоёр гоол хийсэн долоон тоглогч бүртгэгджээ. Энэ ДАШТ эхний тоглолт болох ОХУ, Саудын Арабын (5:0) тоглолтоос эхлэн гоол арвин байна.