С.Ганбаатар: Би МАХН-д  гялалзаж яваа

Хуучирсан мэдээ: 2018.06.24-нд нийтлэгдсэн

С.Ганбаатар: Би МАХН-д  гялалзаж яваа

С.Ганбаатар: Би МАХН-д  гялалзаж яваа

УИХ-ын гишүүн асан, МАХН-ын дэд дарга, С.Ганбаатар  цаг үеийн асуудлаар  ярилцлаа.


-Сүүлийн үед  та хэвлэлээс хол  хөндий байх шиг. МАХН-ын дэд даргын хувьд улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг идэвхтэй ажиглаж байгаа байх. Ирэх аравдугаар сард Хэнтий аймагт нөхөн сонгууль болох нь тодорхой боллоо. Энэ бүх үйл явцыг хэрхэн  харж байна вэ?

-Нөхөн сонгуульд МАН, АН, МАХН болон бусад намууд өрсөлдөх байх. Ямар ч байсан Монголын ард түмнийг сайхан амьдруулах, улс уурхайн дээрмээс нь салгах боломжийг улс төрийн хүчин болгон ашиглах ёстой. Улс орныг дампууруулж байгаа МАН, АН-ыг таслан зогсоох бас нэг боломж нь нөхөн сонгууль гэж харж байна. Манай нам энэ сонгуульд ялах ёстой. Хэнтийн ард иргэддээ бид итгэж байгаа.

-Нөхөн сонгууль болохтой зэрэгцэн танай намаас хэн нэр дэвших бол гэдэг таамаглал улс төрийн хүрээнд хүчтэй яригдаж эхэлсэн. Намын дарга нь эсвэл таныг нэр  дэвшиж магадгүй гэсэн учир битүүлэг мэдээлэл байна. Энэ асуудалд та албан ёсны байр сууриа илэрхийлнэ үү?

– Сүүлийн үед энэ талаар гадуур албан бус худал мэдээлэл гарч ард иргэдийг дэгстүүлэх явдал ихээр гарч байна. Энэ болгоны  араас нь  очоод  тэр  нь  буруу  ярьсан  байна,  энэ  нь   зөв  ярьсан  байна  гэж хэлэх боломжгүй. Тиймээс би албан ёсны  мэдээллийг танай сайтад анх удаа өгөх гэж байна. МАХН  нөхөн сонгуульд  орно. Хэнтий  нутгийн  ард иргэд биднийг дэмжинэ гэдэгт бид итгэлтэй байгаа. МАН, АН биднээс ухаан  алдалтаа айж байгаа. Биднийг  нөхөн сонгуульд ялах  магадлал өндөртэйг ч мэдэж байгаа учраас тэд булхай, луйвар хийх бэлтгэлдээ  аль хэдийнээ орсон  байна. МАХН-ын  эрх  бүхий  байгууллагын  шийдвэрээр  удахгүй нэр дэвшигч  тодорно.

-Таны хувьд өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд Хэнтий аймагт үнэмлэхүй ялалт байгуулсан шүү дээ. Хэрэв нөхөн сонгуульд таныг нэр дэвшвэл ялах магадлал  өндөр гэсэн прогноз гарсан байгаа. Та  нэр дэвших үү?

-Хэнтий нутгийн ард иргэд шударга, үр хойчийнхоо ирээдүйн төлөө тууштай байдагт нь үргэлж баярладаг. МАХН-ын эрх бүхий байгууллагын албан  ёсны  шийдвэр  удахгүй  гарна. Миний бие  МАХН-аас  нэр  дэвшсэн  нэр  дэвшигчээ   тууштай  дэмжиж  ажиллана. 

-Одоогоор намын зүгээс тодорхой шийдвэр гараагүй учир  та хариулахад хэцүү байх шиг байна. МАХН-ын дарга Н.Энхбаяр нөхөн сонгуульд ач холбогдол өгч байгаа нь мэдээж. Эртнээс энэ бүхнийг тооцоолж цагаан сараас хойш нөхөн сонгуульд бэлдэж  тойрогтоо үе үе үзэгдэх болсон гэдэг?  

-Хэнтий аймгийн сонгууль бидэнд маш чухал. Энэ сонгуульд МАХН ялалт байгуулсан тохиолдолд бид ард түмэндээ санал болгож байгаа Шинэ дээд Үндсэн хуулиа парламентад   батлуулах  магадлал улам  ихэснэ гэсэн  үг.  Бид энэ утгаараа нөхөн сонгуульд өндөр ач холбогдол өгч байгаа. 

-О.Баасанхүү гишүүнийг намынхаа Шинэ  дээд Үндсэн хуулийг УИХ-д танилцуулах үүрэг бүхий, МАХН-ыг энэ УИХ-д төлөөлөх хүн  гэж  ойлгоод  байгаа шүү дээ?

-Үгүй дээ.

-Яагаад?

-Түүнээс өөрөөс нь асуу. О.Баасанхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 100 хувь миний эсрэг ажилласан. Энэ нь дан ганц миний эсрэг биш, намынхаа олон мянган гишүүд,  дэмжигчдийн эсрэг ажилласан гэсэн үг. Үүндээ тэр хүн дүгнэлт хийж байгаа  байх аа. 

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нөхөн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ намын бүлэг дээрээ мэдэгдсэн.  Энэ нь танай намд илүү их боломж гарч ирж байгаа байх, тийм үү?

-Энэ яриа нь  зүгээр л цуурай. МАН, Ардчилсан нам хоёр 27 жил ард иргэдийн амьдралыг ингэж доройтуулж сүйрүүлсэн учраас ёсзүйн хувьд уучлалт гуйгаад энэ удаагийн нөхөн сонгуульд болон бусад сонгуульд оролцохгүй байх нь тэдэнд өлзийтэй  гэж үзэж байна. Ингэж  байж манай нам ард иргэдийнхээ амьдралд  дэмтэй тустай олон шийдвэрийг гаргах боломж бүрдэнэ.

-Танай  нам ирэх долдугаар сард намынхаа Их хурлыг дахин хийхээр болсон. Өмнөх Их хурлаас гарсан намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг нь Улсын дээд шүүх яагаад бүртгээгүй юм бэ?

-Улсын дээд шүүхийн зарим шүүгч нар банкны халаасанд орсон байна. Мөн зарим нь МАНАН-гийн бүлэглэл, мафуудын халаасанд орсон. Тэд ард түмний эрх ашгийн үүднээс  үнэн, худлыг дэнсэлж шударга үнэний зарчмаар асуудлыг шийдвэрлэхээ больсон байна. Ажилдаа үлдэхийн тулд МАН эсвэл АН-ын дээд удирдлагын захиалгаар хандаж байгаа нь дэндүү харамсалтай. Дээд шүүх нь Үндсэн хуулиар олгогдсон эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хангаж, намуудын дотоод асуудал руу орохгүй зөвхөн бүртгэх ажлаа хийдэг байгууллага. Тэгтэл өнөөдөр Дээд шүүх МАХН-ын дотоод асуудал руу орж, хутган үймүүлж байгаа явдал нь дэндүү хэрээс хэтэрсэн. Улсын дээд шүүхийн шүүгч н.Сонинбаяр нарын арчаагүй  үйлдэлд би маш ихээр харамсч байна. Гэхдээ Монголын ард түмнийг хүндэлж, монгол  түмний  Дээд  шүүхийг  хүндэлж байна. Манай  намын  онц  Их  хурал долдугаар сарын  7-нд  болно. Оюутолгой болон уул уурхайн нөхцөл байдалтай уялдуулж бусад цаг үеийн асуудалтай  холбогдуулан Их хурлаа  хийхээр товлосон.

-Таны  хувьд  Оюутолгой  төслийг  анхнаасаа  шүүмжилж ирсэн хүний нэг.  Тус гэрээний яг ямар заалт нь манайд ашиггүй болсон юм бэ?

 -Оюутолгойн гэрээ  гэгчээр Монголын ард түмний  баялгийг  барьцаалж 10 гаруй тэрбум  ам.долларын цэвэр  луйвраар гэрээг байгуулсан.  Энэ луйврын нэг хэсэг нь тус  гэрээнд гарын үсэг зурсан нэр бүхий улстөрчид. Оюутолгойн төслийн зөвхөн менежментийн багийн төлбөрт бид  6.7 тэрбум ам.доллар төлдөг.  Нийтдээ бүх луйвар  нь 10 тэрбум ам.доллар  болж байгаа. Энэ их мөнгө бол Монголд ажилгүйдлийг байхгүй болгох, иргэн бүр нь ажилтай, орлоготой амьдрах, ахмадын тэтгэврийг  2-3 дахин  нэмэх, багш, эмч нарын цалинг мөн 2-3 дахин нэмэх зэрэг асар өндөр боломж байх байлаа. Үүний төлөө би өнгөрсөн 14 жилийн турш ярьж хэлж  ард түмэндээ мэдээлэл өгсөн. Өнөөдөр ард түмэн маань ч тэр хэрээр мэдээлэлтэй  болсон гэж бодож байна.  УИХ яаралтай  Оюутолгойн гэрээг сайжруулж, өөрчлөхийн тулд нийт ард түмнээс  санал асуулга  авах ёстой гэдгийг би хатуу шаардаж байна.

-УИХ-ын даргын захирамжаар  байгуулагдсан  Оюутолгойн гэрээний үр өгөөжийг шалгах ажлын хэсэг  шалгалтын дүгнэлтээ энэ долоо хоногт УИХ-д  танилцуулах учиртай. Таны хувьд  дэд ажлын хэсэгт нь орж ажиллаж байгаагийн хувьд ажлын хэсгээс гарах дүгнэлтийг хэр бодит  гарна гэж үзэж байна вэ?

-Үндсэндээ өнгөрсөн хугацаанд манай дэд ажлын хэсэг хоёрхон удаа хуралдсан. Оюутолгой, Рио Тинтод үйлчилж байгаа хүмүүсийн цуглуулга болсон байх вий, цаашлаад арга зальд орсон байх вий  гэдэгт  маш их санаа зовж байна.

-Дэд ажлын хэсэгт байгаа таны хувьд ингэж хэлж байгаа нь шалгалтын үйл явц, үр өгөөж тун тааруу байгааг илтгэж байна гэж  ойлгож болох уу?

-Тийм ээ. Маш тааруу. Оюутолгойн гэрээг  анх хийхдээ ард түмнээсээ асуугаагүй. Төр засгийн шийдвэр гаргах нэр бүхий  хүмүүс авлигалд идэгдэж хийсэн гэж бид үзэж байгаа.  Үндсэн хуулийн 6.1-д  “Газрын хэвлийн баялаг гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна” гэж  заасан байдаг. Гагцхүү ард түмний  мэдэлд байх Оюутолгойн  баялгийг ямар ч ард түмний мэдэлгүйгээр, мэдээлэл өгөлгүйгээр цөөн хэдэн луйварчдын гараар орсон.  Оюутолгойн гэрээг сайжруулахын тулд  Үндсэн хуулийнхаа дээрх заалтыг дагаж, нийт ард түмний  дунд санал асуулга явуулах ёстой.

-Энэ тохиолдолд  Оюутолгойн гэрээг зогсоохыг ч үгүйсгэхгүй юм?

-Зогслоо гэхэд бидэнд ямар ч гай болохгүй.  Одоо байгаагаар  өдөр бүр хоёр сая ам.долларын өрөнд  монголчууд орж байна.  Гэрээг монголын ард түмэнд ашигтай болгон өөрчлөх хэрэгтэй.

-Таны хэлж байгаагаар тус гэрээнд яг ямар ямар заалтууд орсноор Монголчуудад ашигтай гэрээ болох вэ?

-Би дөрвөн зүйл хэлье. Гэрээг анх байгуулах үед  над мэтийн хүмүүс талбай дээр өлсгөлөн зарлаж, суулт  тэмцэл явуулж байх тухайн үед Засгийн газар мөн хөрөнгө оруулагч тал нь Оюутолгойн гэрээг дэмжээд  гарын үсгээ зурчихсан байсан. УИХ-аар зөвхөн алх цохих л дутуу энэ үеийн гэрээний талаар яръя.  Монголын ард түмэн  баялгаа өгснийхөө төлөө 34 хувийг шууд авна гэж  тухайн үеийн гэрээнд тусгасан байсан. Үүнд би эсрэг байр суурьтай байсан. Гэвч энэ нь хэдийнээ дэмжигдээд 68 хувийн татвар мөн батлагдчихсан байсан. Гэнэтийн ашгийн албан татварын 68 хувийг манайх авна гэж тооцсон. Гуравдугаарт, таван жилийн дотор зэс хайлуулах үйлдвэр барина гэсэн энэ  гэрээгээр бол өдгөөгөөс гурван жилийн өмнө Монголчууд зэс хайлуулах үйлдвэртэй болчихсон байх байлаа. Мөн дээр нь 10 хувийг Монголын компаниудад өгнө гэж заасан. Энэ дөрвөн заалтыг  Засгийн газар,  хөрөнгө оруулагч тал нь дэмжчихсэн байхад УИХ дээрээс С.Баяр, С.Баярцогт нар тус заалтуудыг буцааж татаж авсан. Тэгээд тэд  баялгаа өгчихөөд  дээр нь 34 хувийг  дунджаар 10 хувийн хүүтэй зээлээр авах болсон. Гэнэтийн ашгийн албан татварын 68 хувь байхгүй, зэс хайлуулах үйлдвэр ч барихгүй болсон. Мөн Монголын компаниудад  10 хувийг өгөхөөргүй болсон. Ийм л муу гэрээ хийсэн. Эдгээр заалтуудыг өөрчлөх хэрэгтэй. Ингэхдээ ард түмнээсээ санал авъя. Дээр нь нэмээд хоёр зүйл хэлэхэд, уул уурхайн баялгаа ухаж гадагш  нь гаргасан өнгөрсөн есөн жилийн хугацаанд Монголын ард түмэн  27  тэрбум ам.долларын өрөнд орсон. Бид баялгаа өгчихөөд дээр нь өртэй үлдэнэ  гэж огтхон ч бодоогүй  шүү дээ. Мөн Оюутолгойн уурхайг ашигласны төлөө 6.7 тэрбум ам.долларын төлбөрийг менежментийн төлбөр гэж авсан. Энэ бол маш том луйвар. Монголынхоо маш олон залуусыг ажилтай болгох боломжоо бид гаднынханд бэлэглэсэн  ийм л луйврын гэрээ байгуулсан.  Үүнийг одоо өөрчлөх ёстой.

-Энгийнээр зүйрлэж  яривал Оюутолгой бол сүүтэй үнээ нь. Үнээгээ  саах саальчин  нь, хувин нь, хариулах малчин нь, мөн тэжээх өвс нь манайд байгаагүй. Энэ бүхнийг Рио Тинтогоос авсан гэж  хэлж болох байх. Гэтэл бид гаднынханд сүүтэй  үнээгээ саалгасны төлөө яг юу алдчихаад байна вэ?

-Рио Тинто саальчнаа, хувингаа авчирсан.  Рио Тинто сүүгээ саалаа. Саасан 100 литр сүү  тутмын 34 литрийг   нь бид буцааж  Рио Тинтогоос худалдаж авч байгаа гэсэн үг. Манай үнээ учраас 34 литр  эсвэл  50  литр сүүг нь үнэгүй авъя, Рио Тинто саасан учир үлдсэн литр сүүгээ ав гэж ярих ёстой байсан. Гэтэл бид өнөөдөр 34 литр сүүгээ хүүтэй мөнгөөр худалдаж авч байна. Ийм  утгагүй гэрээг өөрчилж ард түмэнд ашигтай болгох нь чухал. Залуучууд өнөөдөр ажилгүй байна. Монголын ард түмний амьдрал тун гундуу байна. Ард түмнийхээ төлөө зориулах ёстой ажлын байр,  тэдэнд зориулах ёстой баялгаа хэдхэн гэр бүл өөртөө зориулж ашиглаж, гаднынханд зөөж өгч байгаа учраас бид хэцүү амьдарч байгаа юм.

‘Бусдын тархийг  угаадаг барууны тэжээвэр ноход миний тэвчээрийг барж байна’

– Оюутолгойн гэрээний талаар монголчууд хоёр талцаад есөн жил болж байна.  Энэхүү гэрээ тойрсон сайн, муу гэх шүүмжлэл тайлбар одоо ч өрнөсөн хэвээр. Энэ хаврын гол үйл явдлын нэг нь Оюутолгойн гэрээнд оролцсон нэр бүхий хүмүүсийг баривчилсан явдал байлаа. Оюутолгойн гэрээг эсэргүүцдэг хүний хувьд үүнд ямар хариулт өгөх вэ.

-Би өнгөрсөн 14 жил Оюутолгойн гэрээг шүүмжлэхдээ хэзээ ч хувь хүний тухай ярьж байгаагүй. Ч.Сайханбилэг,  С.Баярцогт нар  хувь хүнийхээ хувьд ямар хүн эсвэл хэдэн авгайтай  болох нь надад ямар ч сонин биш. Би зөвхөн тэдний гаргасан шийдвэр,  байгуулсан гэрээний заалтууд нь  газар нутгаа худалдчихсан байна, ард түмнээ 15 банкны барьцаанд өгчихсөн энэ шийдвэрээ өөрчлөөч гэж л  ярьдаг. Үүнд хувь хүний яриа огт байхгүй байгаа биз. Тэднийг хорьж шалгасан баривчилгааны тухайд хэлэхэд,  хуулийн байгууллагууд  нь тодорхой хэмжээнд авч үзэж шийдвэр гаргах ёстой гэж би үзэж байна.  Хулгайч хүн хулгай хийчхээд  дараа нь хулгайд юмаа алдсан хүмүүс нь ер тоохгүй байвал сайхан сэтгэлтэй сайн хүмүүс шүү. Миний хулгай хийснийг мэдсэн ч мэдээгүй мэт зүгээр өнгөрөөлөө дөө гэж боддоггүй.  Харин усан тэнэг хүмүүсийг би сайхан хуурлаа даа гэж бахархан боддог юм гэнэ лээ. Монголын ард  түмнийг хуурахгүйн төлөө, хуурдаг хүмүүст хариуцлага тооцдог байхын төлөө шүүх, цагдаа, хүчний байгууллагууд ажиллах үүрэгтэй. Тэдний  цалинг ард түмэн өөрсдийнхөө хөлс хүчээр төлдөг гэдгийг тэд ухамсарлах хэрэгтэй. Түүнээс биш улс төрчид тэдний цалин хөлсийг тавьдаг юм огтхон ч биш.

-Сангийн сайд асан  С.Баярцогт хэвлэлийн хурал хийх үеэрээ Оюутолгойн  гэрээг байгуулахын тулд “Би чөмгөө дундартал зүтгэсэн” гэж хэлж байсан л даа.  Тэгтэл өнөөдөр хууль шүүхийн байгууллагаар шалгуулж байгаадаа мэдээж гомдолтой л байгаа байх?

-Хөөрхий дөө. Өрөвдмөөр чөмөг вэ дээ. Ард түмнийг  асар их өрөнд оруулах тэр боломжийг бий болгохын төлөө чөмгөө дундартал зүтгэж дээ. Энэ том төөрөгдлөө тэр хүн мэдэхгүй явж байхыг үгүйсгэхгүй. Энэ гэрээг байгуулсны үр дүнд Монголын ард түмнийг өрөнд унагасан. Оюутолгойн гэрээг байгуулахаас өмнө бид бараг өргүй байлаа. Дээр нь нэмээд Оюутолгойн хүчинд эмч, багш нарын цалинг тавьж байгаа гэж Б.Баабар худал ярьсан байна лээ. Оюутолгойн гэрээ зурагдаагүй байх үед багш, эмч нар цалингүй ажиллаж байсан юм уу. Үгүй биз дээ. Дандаа энэ мэт бусдын тархийг  угаадаг барууны тэжээвэр ноход миний тэвчээрийг барж байна. Тэд ард түмний зовлон, шаналал,  нулимсаар мөнгө хийдэг хүмүүс. Оюутолгойн гэрээг  байгуулсан хүмүүсийг  баривчласнаас хойш Монголын төлбөртэй, захиалгат алуурчдын нийтлэлчдийн бүлгүүд цалин авч эхэллээ шүү дээ.

-Нэг ёсны  Б.Баабар гуайг хэлж байна уу?

-Тийм ээ. Б.Баабарын  бүлгүүдийг хэлж байна. Гэхдээ шударга  сэтгүүлчид нь олон  учраас Монголын ард түмэн зөв  мэдээлэл хүлээж авдаг гэдэгт би итгэдэг.

-УИХ-ын чуулганаар  Татварын багц хуулиудыг хэлэлцэх үеэр ААНОАТ-ыг гадны компаниуд тэр дундаа Рио Тинтог дэмжсэн хуулийн  төсөл оруулж ирлээ хэмээн үзэж нэр бүхий гишүүд эхлээд буцаасан ч дахин өргөн барьсан.  Та хуулийн төслийг судалж үзэв үү?

-Намайг  УИХ-ын гишүүн байх үед ийм өнгөлзүүр санаатай хуулийн төслүүд орж ирдэг л байсан.  Тэр үед нь би тас цохидог байлаа. Энэ байдал өнөөдөр улам гаарч байна. Тэд дээрэм хийхээс буцахгүй болчихсон.

-УИХ-ын хаврын чуулган энэ баасан гаригт хаалтаа хийнэ. Энэ удаагийн чуулганы үр дүнг та хэрхэн харж байна вэ?

-Дотуур хувцасны реклам хийсэн УИХ-ын чуулган болж  л өнгөрлөө.

-Гэхдээ эцэст нь танай намд нөхөн сонгуульд оролцох боломж гарч ирлээ шүү дээ?

-Асуудлыг маш удаашралтай шийдсэн. Хаваржин, зунжингаа ярилаа шүү дээ. Уг нь бол 30 минутад л шийдэх асуудал.  Ингэж сунжирсан нь бие биедээ асар өндөр барьцаалагдсан байгаагийн шинж юм л даа.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ  “60 тэрбумын асуудлыг цэгцэртэл УИХ-ын даргыг огцрохыг хүссэн” мэдэгдэл хийсэн. Улстөрч хүний хувьд байр сууриа илэрхийлнэ үү?

-“Хуульгүйн дор хулгай, мэдлэггүйн дор боол” гэж мэргэн үг бий. Хууль шүүх, хүчний байгууллага нь хариуцсан ажлаа хийсэн шиг хийх хэрэгтэй. Ард иргэд нь мэдлэг, мэдээлэлтэй байж тэдэнд хариуцлага тооцох ёстой. “Памперс,  улстөрч хоёрт нэг л ижил зүйл бий. Муудлаа л бол тэднийг хурдан солих хэрэгтэй.

-Нам бол улс орны бодлогыг чиглүүлэгч, удирдан залагч. МАХН-ынхан өнгөрсөн хугацаанд Шинэ дээд Үндсэн хуулийн төслөө боловсруулж орон даяар танилцууллаа. Сүүлийн үед  танай нам доторх үйл явдлыг харахад магадгүй  сонгууль угтсан үйл ажиллагаа нь идэвхжиж эхэлсэн мэт?

-Дараагийн сонгуульд манай нам ялахгүй л бол Монголын ард түмний амьдрал улам хэцүү болно. Бидэнд ялахаас өөр зам үгүй. Тийм учраас бүх хүчээрээ бэлтгэлээ базаах ёстой. Энэ нь зөвхөн манай намын асуудал биш, Шинэ дээд хуулиа баталж, Монголын төрд гарсан хулгайчдыг хөөн гаргаж , хулгайгүй төртэй болмоор байна. Уул уурхайн том дээрмүүдийг зогсоож ард түмнээ ажилтай, орлоготой болгомоор байна. Үүний төлөө бид ихийг хийнэ. 

-Намын дотоод ажилд оролцохоос гадна сүүлийн үед та юу хийж байна вэ. Хувийн бизнес эхлүүлсэн гэж сонссон?

-Тийм ээ. Технологийн чиглэлээр  бизнес хийж байгаа.  

-Та Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/ намыг байгуулсан ч  удалгүй   намаа орхисон.  Хөдөлмөрийн үндэсний нам, гишүүдийг дотор нь бусниулсан хүн бол С.Ганбаатар. Тэр намаа  самраад гарсан” гэх энэ яриа хэр үндэслэлтэй вэ. Ер нь яагаад та “ХҮН” намаасаа гарсан юм бэ?

-Намайг байх үед нам шг нам байсан. МАНАН-гийн бүлэглэл биднээс айсан шиг айдаг байлаа. Ямар сайндаа Дээд шүүхийн н.Сонинбаярт захиалга хүртэл өгч намын даргаар нь С.Ганбаатарыг л бүртгэж болохгүй шүү гэж тэд бүх хүчээрээ ажилласан.  Ингээд  ХҮН руу тагнуул шургуулсан. Тэд нь дотроосоо хорлон сүйтгэх үйл ажиллагааг маш амжилттай явуулсан. Миний хувьд дарга, цэрэг болох гэхээсээ илүүтэй энэ намын  залууст  чадахаараа тусалж дэмжье л гэж бодсон нь тэр.  Удалгүй би албан тушаалаа өгснөөр намын дарга болохыг хүсч байсан хүмүүс нь дарга болсон. Тэгээд тэд чимээгүй болсон. Одоо хаана ч байгаа юм, бүү мэд.  “ХҮН” нам өнөөдөр эзэнгүй мэт болсон.

-Харамсалтай биз?

-Хэдхэн төгрөгөөр биеэ үнэлдэг тагнуулын хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулдаг хүмүүс бидний дунд байдаг л юм байна. Байгуулж байсан хүний хувьд “ХҮН“-ыг сайн яваасай л гэж дотроо хүсдэг. Гэхдээ МАХН надад маш том итгэл хүлээлгэж өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн сонгуульд  нэр дэвших боломжийг олгосон. Хоёр тэрбумтантай би сайхан үзэлцсэн дээ. Хоёулангийнх нь нусыг сугартал нь  тэднийг цохиж унагаасан. Би ялсан. Гэхдээ тэд луйвардсан. Хэрвээ би Монгол Улсын Ерөнхийлөгч болсон бол Шинэ дээд Үндсэн хууль батлагдах байсан. Ингэснээр Монголын төрөөс хулгай хийсэн хүмүүст  хариуцлага тооцох байсан. Шүүгч нарыг ард түмнээр сонгуулж, тэд сайд, дарга нараас  айхгүйгээр шударга  ажлаа хийдэг ийм тогтолцооны төлөө л би зүтгэсэн. Одоо ч гэсэн зүтгэж байна.

 -‘Од өөрийн байраа олсон цагтаа гялалздаг’  гэдэг шиг  та МАХН-д орсноор гялалзаж байна уу?

-Сонирхолтой асуулт байна. Би МАХН-д маш сайхан хамт олонтой ажиллаж байна. Би олон жил ганцаардаж, зүтгэсэн юм байна гэдгээ МАХН-д  ороод ойлгосон.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж