Тавантолгойг хөдөлгөх ээлжит оролдлого, энэ удаа IPO

Хуучирсан мэдээ: 2018.06.24-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Тавантолгойг хөдөлгөх ээлжит оролдлого, энэ удаа IPO

Тавантолгойг хөдөлгөх ээлжит оролдлого, энэ удаа IPO

Хэрэв эхэлсэн ажил саадгүй, төлөвлөснөөр байх юм бол Монголын дүр төрхийг 5-10 жилийн хугацаанд бүрэн өөрчилж чадах хоёр үйл явдал өнгөрсөн долоо хоногт боллоо. Эхнийх нь төрийн өмчийн Тавантолгойн нүүрсний ордыг эргэлтэд оруулах саналаа Засгийн газар УИХ-д өргөн барьсан бол нөгөөх нь Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг тавилаа. Гэхдээ энэ хоёр асуудал аль аль нь 10-20 жил яригдаж байгаа дуншсан сэдвүүд. Газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг лав дөрвөнтөө тавьж байсан бол Тавантолгойн ордын ашиглалттай холбоотой нэг биш хувилбар Засгийн газар, УИХ-ын түвшинд яригдсаар ирсэн.

Дэлхийд ховорд тооцогдох сайн чанарын коксжих нүүрсний 7.4 тэрбум тоннын нөөцтэй гэж үнэлэгдсэн Тавантолгойн ордыг ашиглах гэж байгаа мэдээллийг санхүү, уул уурхай, эрчим хүчний чиглэлээр дагнан мэдээлдэг сувгууд өлгөн авч мэдээллээ.

У.Хүрэлсүхийн кабинетийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын өргөн барьсан Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг УИХ өнгөрсөн Баасан гаригт дэмжлээ. Энэ долоо хоногоос Байнгын хороодоор хэлэлцэгдэх хүлээлт байгаа ч хуульд заасан хугацаа нь нэгэнт тулсан тул УИХ хаврын чуулганаа зургадугаар сарын 29-ний өдөр өндөрлөх товтой байгаа. Тогтоолын төслийг УИХ хэлэлцэхийг дэмжих эсэх тухай санал хураалтын өмнө эрхэм гишүүдийн илэрхийлсэн байр сууриас харахад тооцоо судалгаа, үндэслэл муутай, цаг хугацаа давчуу, яаравчлах шаардлага байхгүй гэсэн шүүмж чамгүй их сонсогдсон нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын хүсэлд эрхэм гишүүд кнопнийхоо “нөү” гэсэн сонголтоор хариу барих магадлалыг өндөрсгөж байна. Сөрөг хүчин болох Ардчилсан намын бүлэг энэ асуудлаар завсарлага авах магадлал ч өндөр.

Тавантолгойн асуудал хурдан шийдэгдэхгүй байх магадлалтай гэдгийг ч гадаадын эх сурвалжууд онцолсон байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ долоо хоногт АНУ-д хийх ажлын айлчлалаа цуцалсан нь Тавантолгойтой холбоотой байх магадлал өндөр.

Засгийн газар ямар хувилбар санал болгосон вэ?

“УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 2 дахь дэд заалтын “б”,”в”-д заасны дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг  гадаад, дотоодын хөрөнгийн биржээр үе шаттайгаар арилжаалан шаардлагатай хөрөнгө оруулалтыг татаж Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрүүдийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги, Тавантолгой-Барууннаран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаандэл уул чиглэлийн тусгай зориулалтын авто зам болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зэрэг төслийг эхлүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх, түүнчлэн дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хөрш орнуудтай хэлэлцээ хийж хэрэгжүүлэх, өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станцыг Тавантолгойн ордыг түшиглэн барих асуудлыг эцэслэн шийдвэрлэх” гэсэн томъёоллоор Засгийн газар тогтоолын төслийг өргөн бариад байна. Энэ талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллах арга хэмжээ тусгагдсан байна.

УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоол бол Ерөнхий сайд Сү.Батболдын үед батлагдсан тогтоол бөгөөд сүүлд 2012 оны хоёрдугаар сард нэмэлт өөрчлөлт оруулсан.  Засгийн газрын санал болгож байгаа хувилбараар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр үе шаттай арилжаалан хөрөнгө босгоно гэж байгаа ч хэдий хэмжээний хөрөнгө татан төвлөрүүлэх тодорхой тоо дурдаагүй бөгөөд гишүүдийн асуултад хариулахдаа зургаа хүртэл тэрбум ам.доллар гэсэн тоог Д.Сумъяабазар сайд хэлсэн.

Тавантолгойн ордыг ашиглах талаар Монголын Засгийн газраас нэг биш удаа оролдож байсан ч энэ нь төдөлгүй замхран чимээгүй болдог нь уламжлал болсон гэлтэй. Өмнөх тохиолдлуудыг дурдвал,   

  • 2008 онд С.Баярын Засгийн газар Тавантолгойн ордыг төрийн мэдэлд авч, төслийг цогц байдлаар хэрэгжүүлэхээ мэдэгдэж Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар ахлуулсан Ажлын хэсэг томилон Тавантолгойг ашиглах төслийн тендер зарласан. Үүнд, найман орны 15 том компани, консорциум оролцохоо мэдэгдсэний дунд Австралийн “ВНР billiton” групп, ОХУ-ын гурван компанийн консорциум, БНСУ-ын КОРЕС консорциум, АНУ-ын “Пибоди энержи” групп, БНХАУ-ын “Шенхуа Энержи”, Японы хамтарсан нэгдэл, Энэтхэгийн “Жиндал Стийл энд Поавер”, Бразилийн “Вале” нар сонирхлоо илэрхийлж, танилцуулгаа ирүүлсэн байдаг.
  • 2010 онд С.Батболдын Засгийн газар Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулах олон улсын тендер зарлав. Энэ онд Тавантолгойн ашиглалтын талаарх 39 тоот тогтоолоо УИХ долдугаар сарын 7-ны өдөр гаргасан. Энэ удаагийн тендерийн шинэчилсэн нөхцөлийн дараагаар өмнө зарлагдсан тендерийн 15 сонирхогчоос зургаан компани хураангуй жагсаалтад тунаж үлдэв. Үүнд, БНХАУ-ын “Шенхуа Энержи”, ОХУ-ын “Төмөр замуудын нэгдэл” тэргүүтэй оролцогчид, АНУ-ын “Пибоди Энержи”, Люксембургийн “Арселор Метал”, Бразилийн “Вале”, Швейцарийн “Экстрата”. Тухайн үеийн Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягаар ахлуулсан Ажлыг хэсэг хэлэлцээрийг эхлүүлсэн ч ажил урагшлаагүй. 2011 онд Засгийн газар Тавантолгой ордын ашиглалтын лиценз Монголын “Эрдэнэс Тавантолгой” компанид үлдэх, хувь эзэмшлийн хувьд Хятадын компани Тавантолгой ордын 40 хувьд хөрөнгө оруулах, ОХУ-Монголын хамтарсан компани болох “Дэд бүтцийн хөгжил” 36 хувь (18+18), үлдсэн 24 хувийг АНУ-ын “Пибоди Энержи” авах гэсэн хувилбарыг зарласан юм. Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл дэмжээгүй энэ хуваарилалтын дараа “Экстрата”, “Вале”, “Арселор Метал” Монголоос гарсан.
  • 2014 оны наймдугаар сард Н.Алтанхуягийн Засгийн газар Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай 268 дугаар тогтоол гаргаснаар Тавантолгой ордын олон улсын тендерийн  гацаа арилж, дахин хөдлөх найдварыг сэргээсэн. Засгийн газраас хөрөнгө оруулагчдад туршлагатай үндэсний компани 51 хувийг эзэмшин олон улсын нэртэй компаниудтай баг болж орж ирэх үндсэн нөхцөл тавьсан ч Н.Алтанхуягийн Засгийн газрыг 2014 оны арваннэгдүгээр сард  огцруулснаар төсөл дахин зогсов.
  • Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2015 онд 268 дугаар тогтоолын дагуу Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалт зарлаж, шалгарсан консорциумтай хэлэлцээ хийхийг мега төсөл хариуцсан Сайд М.Энхсайханд даалгав. Тендерт Монголын “Энержи ресурс”, Хятадын “Чайна шинхуа энержи”, Японы “Сүмитомо” компанийн консорциум шалгарсан. Тавантолгой төсөлд дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулах санхүүгийн саналаар тендерт тэргүүлсэн. Энэ хувилбар З.Энхболдын парламентын босгыг давж чадаагүй.
  • 2016 оны сонгуулийн дараа Тавантолгойн төслийг хөдөлгөх, хэлэлцээрийг үргэлжлүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Ж.Эрдэнэбатын Засгийн газрын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулан байгуулсан. Э.Эрдэнэбатын Засгийн газар 2017 оны намар огцорсноор Тавантолгойн төсөл дахин замхарсан. Ц.Дашдоржийн ахалсан ажлын хэсэг Хятадын “Шенхуа” болон Монголын “Энержи ресурс”-ийг оролцуулсан хувилбарыг санал болгох тухай тухайн үедээ яригдаж байсан.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж