Тоглолтын өмнө: АНГЛИ-ПАНАМ, ЯПОН-СЕНЕГАЛ, ПОЛЬШ-КОЛУМБ

Хуучирсан мэдээ: 2018.06.24-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Тоглолтын өмнө: АНГЛИ-ПАНАМ, ЯПОН-СЕНЕГАЛ, ПОЛЬШ-КОЛУМБ

Тоглолтын өмнө: АНГЛИ-ПАНАМ, ЯПОН-СЕНЕГАЛ, ПОЛЬШ-КОЛУМБ

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр 11 дэх өдрөө үргэлжлэн явагдана. Тоглолтын хуваарийн дагуу өнөө шөнө ‘G’ хэсгийн нэг ‘H’ хэсгийн хоёр тоглолт болно. Эхний Англи – Панамын тоглолтыг 20:00 цагаас MNB телевизээр үзүүлэх бол удаах хоёр тоглолтыг NTV-р хүргэх юм байна.

 Тоглолтын өмнөх мэдээллийг хүргэе.

G хэсэг: 

АНГЛИ – ПАНАМ

Хуучнаар Горький, одоогийн Доод Новгород хотын 45 мянган хүний багтаамжтай “Доод Новгород” цэнгэлдэх хүрээлэнд нийт зургаан тоглолт хуваарьтайгаас гурван тоглолт нь болоод байна. Өнөөдөр G хэсгийн Англи, Панамын тоглолт Улаанбаатарын цагаар 20:00-с эхлэх гэж байна.

1966 онд “Алтан цом”-ын эзэн болж, 1990 онд дөрөвдүгээр байр эзэлж байсан Английн шигшээ баг сүүлийн дэлхийн аваргад өндөр амжилтыг үзүүлж чадаагүй байгаа. Дөрвөн жилийн өмнө Бразилд болсон 20 дахь удаагийн ДАШТ-д хэсгээсээ гарч чадаагүй. Тэгвэл энэ удаа Панам, Белги, Тунистай нэг хэсэгт багтсан. Эхний тоглолтод Тунисийг 2:1-ээр хожсон англичууд Белгийн араас хоёрт бичигдэж байгаа. Өнөөдөр Панамын шигшээ багийг хожвол хэсгээсээ гарах болзлоо улам баталгаажуулна.

Анх удаагаа “Алтан цом” (Алтан дагина)-ын төлөө өрсөлдөж байгаа Төв Америкийн Панам улс бүсдээ Мексик, Коста-Рикагийн шигшээ багийн араас гурваар гарснаар Орост ирэх эрхээ авчээ.  Панамын шигшээ багаас онцлох тоглогч бол Чилийн Уачипато клубт тоглодог 29 настай довтлогч Г.Торрес юм.

Панам эхний тоглолтод Белгитэй тоглож, өөрийн хаалгандаа гурван гоол алдаад байгаа. Тиймээс өнөөдөр Английг заавал хожих ёстой. Хэрвээ Панам хожигдвол сүүлийн тоглолтоос үл хамааран цааш өрсөлдөх эсэх нь бүрхэг болно.

G хэсгийн Белги, Тунисийн тоглолт өчигдөр болж, хэсгээ тэргүүлж байгаа белгичүүд 5:2-оор ялалт байгуулсан.

  • Белги – 6 оноо (2 хожилтой)
  • Англи – 3 оноо (1 хожил)
  • Панам – 0 оноо
  • Тунис – 0 оноо


H хэсэг.

ЯПОН-СЕНЕГАЛ

Энэ хэсгийн хоёр тоглолт өнөө шөнө болно. Япон-Сенегалын тоглолт Екатеринбург хотын “Екатеринбург Арена” цэнгэлдэх хүрээлэнд болно. Тоглолт Улаанбаатарын цагаар 23:00-с эхэлнэ.

Японы шигшээ баг эхний тоглолтод Колумбыг 2:1-ээр хожиж, Өмнөд Африкийн багийг Ази тивээс анхлан хожсон улс болсон түүхэн амжилтыг үзүүлээд байна. Мөн 2014 оны 20 дахь удаагийн ДАШТ-д мөн Колумбтэй нэг хэсэгт багтахад 4:1-ээр  хожигдож байжээ. Энэ удаа Орост болж буй дэлхийн аваргад Азийн “хөх самурай”-нууд гараагаа сайхан эхлүүллээ.

Сенегал Польшийг 2:1-ээр хожсон. Хоёр багийн хувьд аль аль нь эхний тоглолтоос гурван оноогоо авсан учир хожсон баг нь цааш шалгарах боломжоо бүрэн хадгалах юм.

Японы шигшээ баг Азийн гурван шатны сонгон шалгаруулалтын сорилгыг давж Орост ирэх эрхээ авсан. Шийдвэрлэх 3-р шатны “”В хэсэгт Австрали, Ирак, Саудын Араб, Австрали, АНЭУ болон Тайландын шигшээ багуудтай өрсөлдөн хэсгээ тэргүүлснээр 21 дэх удаагийн ДАШТ-д оролцох эрхтэй болсон юм. Энэ удаа Азийн багуудаас хамгийн хүнд багуудтай нэг хэсэгт багтсан ч гэлээ эхний хожлоо аваад байна.

Японы шигшээ баг 1998 оноос хойш Азийн бүсээс тогтмол дэлхийн аваргад оролцож байгаа бөгөөд 2002, 2010 онуудад шөвгийн 16-д шалгарч байсан.

2014 онд Бразилд болсон 20 дахь удаагийн ДАШТ-д хэсгээсээ гарч чадаагүй юм.

Африк тивийн улсууд “Орос-2018” дэлхийн аваргад оролцох эрхийн төлөө 3 шатны шалгуурыг туулсан. Сенегалын шигшээ баг 2-р шатнаас өрсөлдөөнөө эхлүүлж Мадагаскар арлын шигшээ багийг хоёр тоглолтонд 5-2 харьцаатай хожиж 3-р шатны өрсөлдөөнд D хэсэгт багтан Өмнөд Африк, Кабо-Верди болон Буркина Фасо улсуудын шигшээ багуудтай өрсөлдөн 4 хожил, 2 тэнцээтэй хэсгээ тэргүүлснээр дэлхийн аваргын эрхээ авсан.

Сенегалын шигшээ баг “Орос-2018” дэлхийн аваргаас өмнө ердөө ганц удаа буюу 2002 оны Ази тивд зохиогдсон дэлхийн аваргаар оролцож байсан. Тэрээр А хэсэгт Франц, Уругвай болон Данийн шигшээ багуудтай багтан Францыг хожиж хэсгээсээ хасагдах шатанд шалгараад улмаар хасагдах шатанд Шведийг хожин дунд шөвөгт шалгарч байсан.


ПОЛЬШ – КОЛУМБ

Бүгд Найрамдах Татарстан улсын нийслэл Казань хотын 45 мянган хүний багтаамжтай “Казань Арена” цэнгэлдэх хүрээлэн 2013 онд ашиглалтад оржээ. Оросын хөлбөмбөгийн премьер лигийн “Рубин Казань” клубын мэдэлд байдаг уг цэнгэлдэх хүрээлэнд дэлхийн аваргын  таван тоглолт болохоос өнөөдөр гурав дахь болно.

H хэсгийн Польш-Колумбын тоглолт “Казань Арена” цэнгэлдэх хүрээлэнд Улаанбаатарын цагаар маргааш өглөөний 02:00-с эхэлнэ.

Хоёр баг хоёул эхний тоглолтод хожигдсон.

Польшийн шигшээ баг Орост ирэхийн тулд Европын бүсийн сонгон шалгаруулалтын “F” хэсэгт Дани, Румын, Армени, Монтенегро, Казахстан улсуудтай өрсөлдсөн хэсгээ тэргүүлснээр эрхээ авсан юм.

Польшийн шигшээ баг 1970-1980 аад оны үед дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байсан. Г.Лято хэмээх авъяаслаг довтлогчоор удирдуулсан Польшийн шигшээ баг 1974, 1982 оны дэлхийн аваргад хүрэл медаль хүртэж байжээ. Польшийн шигшээ 7 удаа дэлхийн аваргад оролцохдоо 2 удаа хүрэл медаль хүртэж байсан бол хамгийн сүүлд 2002, 2006 онд дэлхийн аваргад хэсгээс гарч чадаагүй юм.

Харин эхний тоглолтод Сенегалд хожигдсон нь польшуудын хувьд өнөөдөр хүнд даалгавартай талбайд гарна.

  1. Япон – 3 оноо (1 хожил)
  2. Сенегал – 3 оноо (1 хожил)
  3. Польш – 0 оноо
  4. Колумб – 0 оноо

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж