Хуучирсан мэдээ: 2011.08.25-нд нийтлэгдсэн

Өнөөх (Өгүүллэг)

Би хуйлаатай зургаа сугавчилсаар их л додигор амьтан алхлаа. Манай
орцны өмнөх сүүдрэвчинд дандаа шатар тоглодог хэдэн хүн байдаг юм. Тэд ч
гэсэн албандаа ирсэн мэт цуглажээ. Тэд намайг харсан ч хараагүй юм шиг
царайлав. Карпов, Каспаров, Фишер гээд аваргуудын нүүдлийг он оноор нь
байтугай ганцыг нь ч мэдэхгүй тэд шатар тоглоно гээд цуглах нь нэгэн
бодлын сонирхолтой ч юм шиг. Бас болоогүй ээ
хоорондоо мөнгөөр тоглодог юм билээ. Надтай нэг өдөр тоглоод бүгд
хожигдсон юм. Түүнээс хойш дахиж намайг дуудаагүй. Дуудах нь байтугай
хараагүй царайлдаг гэж байгаа. За энэ хэдэн хөгшин ч яахав. Өнөөдөр
миний хувьд чухал өдөр тул хэрэндээ ажил руугаа яарч, бас ч гэж сэтгэл
догдлон яваа юм. Гэтэл өглөөнөөс хойш мэдэгдэхгүй байсан Өнөөх маань
салжийтал дагаад яваа нь мэдэгдэв. Би түүнтэй дуугарахгүйг хичээж
байлаа. Учир нь миний өөдөөс манай байрны хоёр хүүхэн алхаж яваа
харагдана. Энэ есөн давхар байранд бараг бүх насаараа шахуу амьдарч
байгаа болохоор энэ хавийн хүмүүсийг мэдэлгүй яахав дээ. Би эднийг
мэддэгтэй адил тэд ч гэсэн намайг мэднэ. Тийм болохоор би Өнөөхтэй ярих л
юм бол өөдөөс ирж буй бүсгүйчүүд өнөө мангар чинь өөртэйгөө яриад
уналаа гэж шоолохыг нь мэдэж байгаа тул би түүнтэй дуугарахгүй байхаар
шийдсэн хэрэг. Хоёр бүсгүй хоорондоо их сүрхий ярилцаж явснаа намайг
харуутаа бие биенээ нудралцан биеэ барьж цэмцэгнэн алхав. Ер нь хүн
болгон тэгдэг юм. Намайг хүндлээд байгаа биш гэдгийг мэдэлгүй яахав.
Гэтэл Өнөөх маань миний хоёр талд ээлжлэн гарч

– Чи өнөөдөр яагаад дуугарахгүй байгаа юм бэ? Ямар ааш чинь
хөдөлчихөөв? Аан, энэ зурагнаас болоо юу? Чи даргадаа магтуулна гэж
бодоо юу? гээд л зай завсаргүй чалчив. Тэр угаасаа нэг ярихаараа
зогсохоо мэдэх биш. Яриандаа болоод өөдөөс ирж яваа бүсгүйчүүдийг харж
байгаа ч юм алга.

– Чи цаашаа болохгүй бол хүн мөргөлөө гэж амандаа шивнэтэл тэр
сонссон шинж алга. Сонссон ч байж мэднэ. Тэр угаасаа надтай зөрж л байх
сонирхолтой болохоороо сонсоогүй дүр үзүүлж байгааг нь би мэднэ л дээ.

– За, бас яагаад цаашаа наашаа гээд унав? Чиний хэлснээр займчаад байдаг нь би биш шүү

– Наад хүүхнүүд чинь чамайг харахгүй ш дээ гэж би хэлчихээд тэр
бүсгүйчүүдээс ичсэн гэж яаваа. Тэд ямар Өнөөхийг харах биш дээ.

Үргэлжлэлийг http://bumerdene.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж