Ходоодны хорт хавдраар тэргүүлэгч улс болох Монгол, БНСУ-ын эрдэмтдийн ходоодны хорт хавдрын тухай олон улсын хоёр дахь удаагийн хурал өчигдөр /2018.06.23/ болсон. Хуралд БНСУ-аас таван эрдэмтэн ирж, Монголын эмч нартай мэдлэг, туршлагаасаа хуваалцсан юм. Тэдний төлөөлөл Сөүлийн их сургуулийн профессор, Мэс заслын тасгийн ходоод гэдэсний замын хавдар судалгааны институтын эрхлэгч Хюк Жоон Лий, “Samsung medical” төвийн ходоод гэдэсний тасгийн эмч Жүн Хайн Лий нарын туршлагаас хуваалцлаа.
Хюк Жоон Лий: Бүх шатны эмнэлэг ходоодны хорт хавдрыг эмчилдэг болох ёстой
-Монголын ходоодны хавдрын нийгэмлэг, БНСУ-ын ходоодны хорт хавдрын холбоо хамтран ямар ажил хийх вэ?
-БНСУ болон Монгол Улсад байгаа ижил зүйл нь ходоодны хорт хавдрын өвчлөлийн өндөр үзүүлэлт. БНСУ ходоодны хорт хавдраар дэлхийд тэргүүлдэг ч нас баралтаараа хоёрт ордог. Энэ нь урьдчилан сэргийлэлт сайн хийдгийн илрэл. Бид энэ туршлагаасаа Монголын эрдэмтэдтэй хуваалцаж чадна. Хоёрт, Монголоос БНСУ-д эмчлүүлэх гэж олон хүн ирдэг. Тиймээс эрт илрүүлэлт болон мэс заслын үйлчилгээг хэрхэн сайн хийх туршлагаасаа хуваалцана. Мөн судалгаа явуулж, хэрхэн урьдчилан сэргийлэх тал дээр зөвлөгөө өгнө. Дурангаар хорт хавдрыг илрүүлэх нь түвэгтэй байдаг. Тиймээс залуу эмч нарт энэ аргаа заах талаар ярилцаж байгаа. Олон улсын хурал семинарт Монгол Улсын төлөөлөл оролцох бүрэн боломжтой.
-Монголд ходоодны хорт хавдрыг бууруулахад юу дутагдаж байна вэ. Мэдлэг чадвар уу, техник технологи уу?
-БНСУ-ын ходоодны хорт хавдрыг бууруулах Засгийн газрын бодлогын нэг нь бүх эмнэлэг ходоодны хавдартай хүнд шаардлагатай эмчилгээг маш сайн гүйцэтгэх чадамжтай байлгах. Монголд ходоодны хорт хавдартай хүн Хавдар судлалын үндэсний төвд л эмчлүүлдэг гэсэн. Тиймээс орон нутгийн эмнэлэгт ч ийм үйлчилгээ үзүүлдэг болох хэрэгтэй. Мөн Монголд орчин үеийн арга дурангийн мэс заслын хагалгааг тогтмол хийдэг болох хэрэгтэй байна.
Жүн Хайн Лий: Давсны хэрэглээгээ багасгах ёстой
-Монголд ходоодны хорт хавдрыг бууруулахад юу дутагдаж байна вэ. Мэдлэг чадвар уу, техник технологи уу?
-Өчигдрийн лекцээс харахад Монголын эмч нарын мэдлэг, ур чадвар сайн байна. Манайхаас ялгарч байгаа зүйл нь өвчтөнүүд хожуу үедээ эмнэлэгт хандаж байна. Үүнээс болж нас баралт нэмэгдэж байна. Солонгосчууд сүүлийн 20-иод жил ходоодны хорт хавдарт эрчимтэй судалгаа хийсэн. Анхаарах хамгийн чухал зүйл нь ходоодны хавдраас урьдчилан сэргийлэх, мөн эрт илрүүлэх. Ходоодны хорт хавдар үүсэх гол шалтгаан нь хеликобактер, давсны хэрэглээ. Урьдчилан сэргийлэхийн тулд хеликобактерийг эмчлүүлж, давсны хэрэглээгээ хязгаарлах хэрэгтэй.
-БНСУ-д иргэдийг эрт илрүүлэгт идэвхтэй хамруулахын тулд ямар бодлого баримталдаг вэ?
-Ходоодны хорт хавдар нь эрт үедээ ямар нэгэн өвдөлтгүй илэрдэг тул оношилгоонд идэвхтэй хамруулах шаардлагатай. Хамгийн эхэнд хавдар тусах эрсдэлтэй хэсгийг тодорхойлоод хэдэн наснаас эхэлж ходоодыг нь дурандаж, оношилгоонд хамруулах вэ гэдгийг шийдвэрлэснээр ходоодны хорт хавдрыг эрт үед нь илрүүлж чадна. БНСУ-д 40-өөс дээш насны иргэд хоёр жилд нэг удаа ходоодоо дурандуулж эрт илрүүлэгт оролцдог. Хэвлийн өөхлөлт, хэт туралт зэрэг нь ходоодны өвчлөлийн шинж тэмдэг. Биед ямар нэгэн зовиур илрэхэд эм ууж өвдөлтийг намдаалгүйгээр эмчид хандаж, оношилгоонд хамрагдах хэрэгтэй. Цаг хугацаа алдсанаар өвчнөө хүндрүүлэх эрсдэлтэй гэдгийг иргэд сайн ойлгох хэрэгтэй. Ард иргэдэд зориулан энгийн зөвлөгөө өгөхөд хеликобактераа эмчлүүл, давсны хэрэглээгээ багасга. Мөн удамд тань ходоодны харт хавдартай хүн байгаа бол хавдар тусах магадлал хоёр дахин нэмэгддэг.
Р.Ренчиндулам