Энэ үгсийг уншихаар ямар ч хүний сэтгэл зөөлөрч уярдаг юм байна лээ. Гэтэл Монгол Улсад хүүхдийн эрх зөрчигдөж байхад энэ талаар ярихаас цааш хэтрэхгүй байгаа нь сонирхолтой. Уг нь дэлхийн улсууд хүүхдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж, хүүхдийн төлөө бүгдийг хийдэг бол манайд харин энэ асуудал эсэргээрээ байдаг юм шиг ээ. “Бүхнийг хүүхдийн төлөө”, “Хүүхэд эрүүл орчинд амьдрах эрхтэй” гэж шоудахаас өөр ажил ямар хийх биш. “Хотын хөгжил”, “Дөчин мянган айлын орон сууц” хөтөлбөр, “Утаагуй зуух”, “Тавантолгойн орд”, “Засгийн газрын шинэ ордон” хэмээн хэрэлдсээр байгаад Монголын ирээдүй болсон хүүхдүүдээ мартчихсан байна. Олон барилга орон сууц бүтээн байгуулман мөртлөө яагаад цэцэрлэг барихгүй байгаа юм бол. Цалингаас цалингийн хооронд амьдардаг эгэл борчууд сарын 200 мянгаас нэг сая төгрөгийн үнэтэй хувийн цэцэрлэгт хүүхдээ өгч чадахгүй нь мэдээж. Гэтэл улсын цэцэрлэгт өгөх гэхээр орон тооны асуудал гэж айхтар даваа гарч ирж байна. Нэг хорооны цэцэрлэг хамгийн бага насны бүлэгтээ дээд тал нь 30 хүүхэд л авна. Гэтэл тухайн хороонд нь дэгдээхэй бүлэгт элсэн орох насны 100 хүүхэд байх жишээтэй. Бас болоогүй ээ, 30 хүүхдээс 10 нь багш нарын хүүхэд байх жишээтэй. Үлдсэн 20 тоонд нь оруулах гэж эцэг эхчүүд цэцэрлэгийн гадаа хонож байна. Бүхэл бүтэн дүүрэг Хүүхдийн эмнэлэггүй байж л байна. Амралтын өдрүүдээрээ эцэг, эхтэйгээ очдог байсан ганц парк нь байхгүй болж оронд нь тэнгэрт хадсан үнэтэй хэдэн тоглоом зоочихсон харагдсан. Моринд зориулж хөшөө босгох хэрнээ хүүхдэд зориулсан нэг ч бүтээн байгуулалтгүй өнөөгийн нийгмийг юу гэж ойлгох вэ. Удахгуй сонгууль болно. Хэн олон цэцэрлэг барина тэр гишүүний л төлөө сонголт хийвэл ямар вэ. Эрхэм гишүүд минь энхрий үрсийнхээ төлөө нэгийг тунгаан бодох цаг нэгэнт болсон биз ээ.
Л.Баяраа
"Улс төрийн тойм" сонин