Өнгөрч буй долоо хоногт Монголын улс төр, эдийн засагт чухал нөлөө үзүүлэхүйц үйл явдал олон болж өнгөрснийг “Долоо хоногийн тойм” буландаа онцолж байна.
УИХ хаврын чуулганыг завсарлуулахын өмнө хоёр дахь гишүүнээ үдэх бэлтгэл хангаад байна. Парламентаас өмнө нь УИХ-ын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасан ч Ерөнхийлөгч эл шийдвэрт нь хориг тавьсныг УИХ хүлээн авлаа. Иймээс УИХ шинэ долоо хоногт Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хоёр дахь удаагаа хэлэлцэх болж байна.
Б.Бахытгүл Д.Мурат гишүүнтэй холбогдуулан гаргасан гомдлоо татан авсан ч УИХ-ын зүгээс хоригийг хүлээн авснаас харвал 74-үүлээ хаврын чуулганыг хаах бэлтгэлийг хангаж эхэллээ гэж харж болохоор байгаа юм.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавив
Засгийн газар энэ сарын 22-нд Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тосны боловсруулах үйлдвэрийн шав тавьж, барилгын ажлыг эхлүүллээ.
Өмнөх Засгийн газрууд шав тавиад ажлаа орхидог байсан бол энэ удаад барилгын ажлын суурийг тавьсан нь “Монгол Улс одоо л нэг нефть боловсруулах үйлдвэртэй болох нь” гэсэн итгэл төрүүлээд буй.
Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн хойд зүгт 18 км-т Алтанширээ сумын нутаг дэвсгэрт 150 га талбайд эзлэн баригдаж буй үйлдвэрийг 2022 онд бүрэн ашиглалтад оруулна. Үйлдвэр ашиглалтад орсон нөхцөлд жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулах юм.
Энэтхэг улсын зээлээр баригдах эл үйлдвэр нь санхүүжилтийн өртгөө ашиглалтад орсноос хойших эхний 10 жилд бүрэн нөхөх боломжтой гэсэн судалгаа гарчээ.
Замын-Үүдэд гарсан жолооч нарын тэмцэл зогсов
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд зургадугаар сарын 19-нд УАЗ-469 машины жолооч нар тэмцэл хийж, асуудал үүсгэв.
Хятад улсын талаас УАЗ-469 машинаар ачаа бус зорчигч тээвэрлэж, үндсэн зориулалтаар нь ашиглах шаардлагыг удаа дараа тавьж, ирсэн бөгөөд эцэст нь энэхүү шаардлагаа ажил хэрэг болгохоор хилээр гаргаагүйд жолооч нар эсэргүүцэл илэрхийлсэн.
Хууль хяналтын байгууллагууд зохих арга хэмжээг авснаар хил гаалиар гарах гэсэн тээврийн хэрэгслийн урсгалыг хаагаад байсан жолооч нарын тэмцэл дарагдсан юм.
11 настай хүү амиа алдав
Эмээгээсээ зөвшөөрөл аван, тоглохоор гарсан 11 настай хүү гэртээ эргэж ирсэнгүй. Сургуулийнх нь хөлбөмбөгийн талбайн хаалга хүүг дарж, толгойн тус газраа цохиулснаас амиа алдсан юм. Энэ харамсалтай хэрэг явдал зургадугаар сарын 18-нд болсон.
Хаалгыг тогтоох гол төмрийг хулгайч авч явснаас золгүй явдал болсон гэж тайлбарлаж байгаа ч түүнд хяналт тавьж, аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй нь хариуцлагагүй байдал газар авсны нэгэн жишээ болсон юм.
Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байгаа бол Боловсролын яам, нийслэлийн Засаг даргын тамгын газраас ажлын хэсэг гаргаж, ажиллуулснаар хэрэг явдал болж өнгөрсөн нийслэлийн 79 дүгээр сургуулийн захирлыг ажлаас чөлөөллөө.
Гэвч хариуцлага гэдэг зөвхөн албан тушаалаас чөлөөлснөөр зогсох учиргүй, хүүхдийн орчны аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй бол дахиад ийм харамсалтай хэрэг гарахгүй гэх баталгаа бас байхгүй.