УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн. Одоогоор нээлттэй сонсголыг нийт 17 гишүүн дэмжиж гарын үсэг зуржээ.
Нийтийн сонсголын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу “УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг нь гарын үсэг зурсан тохиолдолд нээлттэй сонсгол явуулах эрхтэй” болдог. Одоо хоёр гишүүн нэмж гарын үсэг зурвал 19 гэсэн босгод хүрч, нээлттэй сонсгол хийх нөхцөл бүрдэх юм.
УИХ-ын 2016 оны сонгуулиас эхлэн дуулиан дагуулсан 60 тэрбумд УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтэй МАН-ын хоёр гишүүн нэр холбогдсон.
Дууианд нэр холбогдсон Ц.Сандуйн хувьд анх “Ийм яриа болсон” гэж мэдэгдсэн ч удалгүй буцсан.
Харин хууль хяналтын байгууллагууд эл бичлэгийг шалгаж үзээд “Эвлүүлэг” гэсэн дүгнэлт гаргасан ч олон нийтийн дунд хардлага төрүүлсэн хэвээр байгаа.
Иймээс ч эл асуудлыг 2020 оны УИХ-ын сонгуулиас өмнө эцэслэсэн байх ёстой гэсэн байр суурьтай гишүүн МАН дотор нэлээд бий. Тэдний нэг болох УИХ-ын гишүүн Н.Оюун-Эрдэнэ “М.Энхболд дарга УИХ-ын даргаасаа чөлөөлөгдөж, 60 тэрбумаа шалгуулах ёстой” гэж үзсэн. Энэ байр суурийг нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар дэмжиж, нам дотроо хөдөлж эхэлсэн гэх мэдээлэл байна.
Г.ХОРОЛ