УИХ-ын хаврын ээлжит чуулганыг энэ сарын 29-нд буюу ирэх баасан гаригт хаахаар төлөвлөөд байна.
Чуулган хаахаас өмнө УИХ дахь МАН-ын бүлэг Тавантолгой төслийг хэлэлцэн батлах чиглэл барьж буй ч УИХ дахь Ардчилсан намын бүлэг гэдийвэл боломжгүй болох юм. Одоогоор УИХ дахь Ардчилсан намын бүлэг Тавантолгой төслөөр байр сууриа нэгтгээгүй байгаа. Шинэ долоо хоногт төслийг бүлгийн бүх гишүүдээ оролцуулан, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг оролцуулан мэдээлэл авна гэдгээ цөөнхийн бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаанд оролцох үеэрээ онцолсон.
Нөгөө талаас цөөнхийн бүлгийг Тавантолгой төслийг хэлэлцэхэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд тэргүүтэй Ардчилсан намын гишүүд оролцох сураг гараад байгаа. Өөрөөр хэлбэл, ирэх даваа гаригт товлогдсон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан өргөтгөсөн хэлбэрээр болж магадгүй байгаа юм.
Өмнөх парламентын үед Ч.Сайханбилэгийн Засгийн газар Тавантолгой төслийг боловсруулахад УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд тус төслийг Монгол Улсад хохиролтой гэрээ болсон гэж үзэж, буцаах шийдвэрийг гаргаж байсан. Иймээс У.Хүрэлсүхийн танхимын боловсруулсан төсөлд дүн шинжилгээ хийж, бүлэгт чиглэл өгөх хүн З.Энхболд гэх яриа Төрийн ордонд гараад байна.
Мөн тэрбээр Засгийн газрын өргөн мэдүүлсэн Тавантолгой төсөлтэй холбогдуулан ‘Тавантолгойн нүүрсний ордын 30 хувь буюу 2 тэрбум тонн нүүрсийг 2 тэрбум амдоллараар зарна гэнэ. Өнөөдөр газар дээр нь 1 тонныг нь 70$ аар 140 тэрбум $ зарж байгаа. 70 дахин бага үнээр наадмын өмнө яаран сандран зарах хэрэг гарчээ’ гэсэн байр суурь ч илэрхийлж амжжээ. Үүнээс харвал, дээрх төсөл энэ сарын 29-нд багтан батлагдана гэх найдварыг улам ч багасгаад байна.
Г.ХОРОЛ