ДАШТ: Бельги, Мексик, Германы хожил

Хуучирсан мэдээ: 2018.06.24-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

ДАШТ: Бельги, Мексик, Германы хожил

ДАШТ: Бельги, Мексик, Германы хожил

            ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 10 дахь өдрөө үргэлжиллээ. Өнгөрсөн шөнө “F” хэсгийн хоёр, “G” хэсгийн нэг тоглолт болсон бөгөөд мэдээллийг хүргэж байна.


БЕЛЬГИ ЦААШ ӨРСӨЛДӨХ БОЛ ТУНИСТ БОЛОМЖ ГАРСАНГҮЙ

БЕЛЬГИ – ТУНИС 5:2

  • Гоол: Гоол: Хазард 6′, Лукаку 16′, 48, Бронн 18′, Батшуи 90′, Хази 93′

“G” хэсэгт Англи, Белги, Тунис, Панамын шигшээ баг багтсан. Энэ хэсгийн нэг тоглолт өчигдөр боллоо.

Бельги, Тунисын тоглолт Москва хотын “Открытие Арена” цэнгэлдэх хүрээлэнд болж, 5:2-оор бельгичүүдийн ялалтаар өндөрлөв.

Тоглолт эхлээд 7 минутад Хазард эхний гоолыг оруулснаар белгичүүд тэргүүлж эхэлсэн. Энэ цагаас хоёр багийн гоолын цуваа үргэлжилж, энэ дэлхийн аваргын хамгийн олон гоолтой тоглолтоор нэрлэгдэв. 16 дахь минутад Лукаку хоёр дахь гоолыг оруулсан бол ердөө хоёр минутын дараа Тунисын Бронн багийнхаа эхний гоолыг хйисэн.

Тоглолтын 48 дахь минутад Лукаку Белгийн хаалганд гурав дахь гоолыг оруулсан бол багийн ахлагч Хазард мөн л хоёр минутын дараа дөрөв дэх гоолыг оруулснаар белгичүүд тэргүүллээ бататгаж чадсан. Улмаар 90 дэх минутад сэлгээгээр орж ирсэн Батшуи гоол оруулсан бол Тунисын Хази нэмэлт минутад багийнхаа хоёр дахь гоолыг хийснээр тоглолт өндөрлөлөө.

Хоёр дахь хожлоо авсан Белги 6 оноотойгоор хэсгээ тэргүүлж эхэлсэн бол Англи 3 оноогоор удаалж байна.

Өнөө шөнө энэ хэсгийн Англи, Панамын тоглолт маргааш болно.

G хэсэг:

  • Белги – 6 оноо (2 хожил)
  • Англи – 3 оноо (1 хожил)
  • Тунис – 0 оноо
  • Панам – 0 оно

БНСУ МЕКСИКТ ХОЖИГДЛОО

‘F’ хэсэг:

БНСУ – МЕКСИК 1:2

  • Гоол: Карлос Вела 26’, Хернандес 65′, Сон Хён Мин 95′

Энэ хэсэгт дэлхийн аварга Герман болон Швед, Мексик, Ази тивийн төлөөлөл БНСУ багтсан. Багууд өчигдөр хоёр дахь тоглолтоо хийсэн. 

БНСУ, Мексикийн тоглолт Дон мөрний эрэгт орших Донын Ростов хотын “Ростов Арена” цэнгэлэнд боллоо. 45 мянган хүний багтаамжтай цэнгэлдэхэд 43 мянган хүн тоглолтыг үзэж сонирхжээ. Уг цэнгэлдэхийг 2014-2018 оны хооронд барьсан байна.

Тоглолт 2:1-ээр Мексикийн ялалтаар өндөрлөлөө. Мексикийн Карлос Вела торгуулын цохилтоор эхний гоолыг оруулсан бол Хернандес 65 дахь минутад хоёрдахь гоолыг оруулж, мексикчүүд хожлоо бататгаж чадсан. Тэгвэл тоглолтын үндсэн 90 минут дуусаж шүүгчийн мэдлийн 5 минут үргэлжилж байх хугацаанд Сон Хён Мин гоол хийлээ. Энэ гоол солонгосчуудыг бага ч болов баярлуулсан үйл явдал болсон. Эхний тоглолтод Швед хожигдсон солонгосчууд өчигдөр заавал хожих даалгавартай байсан ч биелүүлж чадсангүй. БНСУ хоёр хожигдолтойгоор цааш өрсөлдөх боломжгүй болсон юм.

Мексикийн шигшээ баг бол ямар ч багийн хувьд хүчтэй өрсөлдөгч байж чаддаг. Үүнийг батлах нэг үзүүлэлт бол 1994 оны ДАШТ-ээс хойш зургаан дэлхийн аваргад шөвгийн 16-д шалгарсан явдал юм.

БНСУ Азийн бүсээс дэлхийн аваргын эрхээ авах бол нэг их асуудал биш байдаг. Үүнийг сүүлийн найман дэлхийн аваргад тасралтгүй оролцож байгаагаас харж болно. “Тэгүгийн дайчид” Азийн бүсийн 3-р шатны А хэсэгт Ираныг даган хүснэгтийн 2-р гарч дэлхийн аваргын эрхээ авсан билээ.

БНСУ дэлхийн аваргад үзүүлсэн хамгийн том амжилт бол 2002 онд Япон улстай хамтарч зохион байгуулсан тэмцээнд дуулиан шуугиантай шөвгийн 4-т шалгарсан амжилт юм. Хэсэгтээ Португалын дээр гарсан бол хасагдах шатанд Испани, Итали зэрэг Европын төдийгүй дэлхийн “том”-чуудыг сенсацтайхан буулгаж авч байсан. Түүнээс өмнө бол хасагдах шатанд ч шалгарч байгаагүй юм.

Харин 21 дэх удаагийн ДАШТ-ий эхний тоглолтод Шведэд хожигдсон. Өчигдөр Мексикт хожигдсон солонгосчууд хэсгийн сүүлийн тоглолтоо зургадугаар сарын 27-д Германтай хийнэ.

F хэсэг:

  • Мексик – 6 оноо (2 хожил)
  • Герман – 3 оноо (1 хожил, 1 хожигдол)
  • Швед – 3 оноо (1 хожил)
  • БНСУ – 0 оноо (2 хожигдол)

Энэ хэсгийн сүүлийн тоглолт зургадугаар сарын 27-д болох хуваарьтай байна.


КРОСС ГЕРМАНД ЯЛАЛТЫН ОНООГ АВЧИРЛАА           

‘F’ хэсэг:

ГЕРМАН – ШВЕД 2:1

  • Гоол: Ола Тойвонен 32, Марко Ройс 48, Тони Кроос 90+5

Герман, Шведийн тоглолт 10 дахь өдрийн сүүлийн тоглолт байсан. Тоглолт Сочи хотын “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

Тоглолтын эхний үед шведчүүд илүүрхэж, 32 дахь минутад Ола Тойвонен эхний гоолыг хийсэн. Хоёрдахь үед Германы Марко Ройс гоол хийж, тоог тэнцүүлсэн юм.  Тоглолтын 90 минут дуусаж, шүүгч таван минутыг сунгасан. Энэ боломжийг германчууд ашиглахыг хичээсний үр дүнд гоол хийснээр маш чухал гурван оноог авлаа. Тони Кроос цохилтыг эхлүүлсэн ч Ройст бөмбөгөө дамжуулан буцааж өөрөө хаалга руу цохиж гоол оруулсан. Шведийн хаалгач Робен Олсен бөмбөгт хүрэх гэж хичээсэн ч чадсангүй.

Нээлтийн тоглолтод Мексикт хожигдсон германчууд Тони Кроосын ачаар хожлын гурван оноог авлаа. Гэхдээ энэ хэсгийн сүүлийн тоглолт сонирхолтой болно. Мексик 2 хожлын 6 оноогоор тэргүүлж байгаа ч Герман, Швед 3 оноотой удаалж байна. Сүүлийн тоглолтийн үр дүнгээс аль баг цааш өрсөлдөх нь тодорхой болох юм. Хэрвээ Мексик Шведэд хожигдвол эсвэл БНСУ Германыг хожвол яах вэ? гэсэн асуултын хариуг зургадугаар сарын 27-д харах болно. 

Германы шигшээ баг бол дэлхийн аваргын цомыг дөрвөн удаа хүртсэн. Тэд 1954, 1974, 1990, 2014 онуудад дэлхийн аваргын алтан цомыг хүртэж байсан шилдэг баг юм. Тэгвэл энэ удаагийн ДАШТ-ийг тун тааруухан эхлүүллээ.

Шведүүд бол дан ганц хоккейгоор алдартай биш. Тэд хөлбөмбөг ч тоглож чаддаг бөгөөд дэлхийн аваргад 1958 онд мөнгөн медаль хүртэж, хоёр удаа гуравдугаар байранд шалгарч байсан шилдэг баг юм. 21 дэх удаагийн ДАШТ-ийг хожлоор эхлүүлсэн шведчүүд Германыг хожиж чадвал хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авна.

F хэсэг:

  • Мексик – 6 оноо (2 хожил)
  • Герман – 3 оноо (1 хожил, 1 хожигдол)
  • Швед – 3 оноо (1 хожил)
  • БНСУ – 0 оноо (2 хожигдол)

Энэ хэсгийн сүүлийн тоглолт зургадугаар сарын 27-д болж, шөвгийн 16-д өрсөлдөх хоёр багийн нэрс тодорно. 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж