ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 10 дахь өдрөө үргэлжиллээ. Өнгөрсөн шөнө “F” хэсгийн хоёр, “G” хэсгийн нэг тоглолт болсон бөгөөд мэдээллийг хүргэж байна.
F хэсэг:
БНСУ – МЕКСИК 1:2
- Гоол: Карлос Вела 26’, Хернандес 65′, Сон Хён Мин 93′
Энэ хэсэгт дэлхийн аварга Герман болон Швед, Мексик, Ази тивийн төлөөлөл БНСУ багтсан. Өчигдөр хоёр тоглолт боллоо.
БНСУ, Мексикийн тоглолт Дон мөрний эрэгт орших Донын Ростов хотын “Ростов Арена” цэнгэлэнд болсон юм. 45 мянган хүний багтаамжтай уг цэнгэлдэхэд 43 мянган үзэгч үзэж сонирхжээ. Цэнгэлдэхийг 2014-2018 оны хооронд барьсан байна.
Тоглолт 2:1-ээр Мексикийн ялалтаар өндөрлөлөө. Мексикийн Карлос Вела торгуулын цохилтоор эхний гоолыг оруулсан бол Хернандес 65 дахь минутад хоёрдахь гоолыг оруулж, мексикчүүд хожлоо бататгаж чадсан. Тэгвэл тоглолтын үндсэн 90 минут дуусаж шүүгчийн мэдлийн 5 минут үргэлжилж байх хугацаанд Сон Хён Мин гоол хийлээ. Энэ гоол солонгосчуудыг бага ч болов баярлуулсан үйл явдал болсон. Эхний тоглолтод Шведэд хожигдсон солонгосчууд өчигдөр заавал хожих даалгавартай байсан ч биелүүлж чадсангүй. БНСУ хоёр хожигдолтойгоор цааш өрсөлдөх боломж нь улам бүрхэг боллоо. Сүүлийн тоглолтод Германыг хожиж, Мексик Шведийг хожсон тохиолдолд солонгосчууд шөвгийн 16-д үлдэх боломжтой.
Мексикийн шигшээ баг бол ямар ч багийн хувьд хүчтэй өрсөлдөгч байж чаддаг. Үүнийг батлах нэг үзүүлэлт бол 1994 оны ДАШТ-ээс хойш зургаан дэлхийн аваргад шөвгийн 16-д шалгарсан явдал юм.
БНСУ Азийн бүсээс дэлхийн аваргын эрхээ авах бол нэг их асуудал биш байдаг. Үүнийг сүүлийн найман дэлхийн аваргад тасралтгүй оролцож байгаагаас харж болно. “Тэгүгийн дайчид” Азийн бүсийн 3-р шатны А хэсэгт Ираныг даган хүснэгтийн 2-р гарч дэлхийн аваргын эрхээ авсан билээ.
БНСУ дэлхийн аваргад үзүүлсэн хамгийн том амжилт бол 2002 онд Япон улстай хамтарч зохион байгуулсан тэмцээнд дуулиан шуугиантай шөвгийн 4-т шалгарсан амжилт юм. Хэсэгтээ Португалын дээр гарсан бол хасагдах шатанд Испани, Итали зэрэг Европын төдийгүй дэлхийн “том”-чуудыг сенсацтайхан буулгаж авч байсан. Түүнээс өмнө бол хасагдах шатанд ч шалгарч байгаагүй юм.
Харин 21 дэх удаагийн ДАШТ-ий эхний тоглолтод Шведэд хожигдсон. Өчигдөр Мексикт хожигдсон солонгосчууд хэсгийн сүүлийн тоглолтоо зургадугаар сарын 27-д Германтай хийнэ.
F хэсэг:
- Мексик – 6 оноо (2 хожил)
- Герман – 3 оноо (1 хожил, 1 хожигдол)
- Швед – 3 оноо (1 хожил)
- БНСУ – 0 оноо (2 хожигдол)
Энэ хэсгийн сүүлийн тоглолт зургадугаар сарын 27-д болох хуваарьтай байна.
Ч.БОЛОР