Монгол хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрт ордог

Хуучирсан мэдээ: 2018.06.23-нд нийтлэгдсэн

Монгол хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрт ордог

Монгол хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрт ордог

 Монгол Солонгосын хамтарсан ходоодны хорт хавдрын тухай олон улсын II дахь удаагийн хурал өнөөдөр / 2018.06.22/ Чингис зочид буудалд зохион байгуулагдлаа.


 Хавдар судлалын үндэсний төв, Монголын ходоодны хавдрын нийгэмлэг, БНСУ-ын ходоодны хорт хавдрын холбоо  хамтран “Ходоодны хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, урьдчилан сэргийлэлт ба менежментийн орчин үеийн чиг хандлага” сэдвийн дор хуралдав.

Тус хуралд БНСУ-ын Ходоодны хорт хавдрын холбооны тэргүүлэх профессор оролцож, БНСУ ходоодны хорт хавдартай тэмцсэн туршлагаас хуваалцлаа. Мөн ходоодны хорт хавдар өвчний орчин үеийн чиг хандлага, мэс заслын орчин үеийн арга техникүүдийг танилцуулах чиглэлээр санал солилцов. Хуралд Монголын тэргүүлэх эмч мэргэжилтнүүд судлаачид, мэс засал, дуран эмгэг, анатоми, хавдар судлаач эмч нар оролцлоо.

 Ходоодны хавдрын эрт илрүүлгийн хөтөлбөрийн төслийг боловсруулсан 

Энэ үеэр Монголын ходоодны хавдрын нийгэмлэгийн тэрүүн Я.Эрдэнэ-Очир “Сүүлийн жилүүдэд манай улсад ходоодны хорт хавдрын өвчлөл, нас баралт тасратгүй өсч, дэлхийд өвчлөлөөрөө хоёрдугаар байранд, нас баралтаар тэргүүлэх байранд орж байгаа гэсэн статистик бий. Хэдийгээр өвчний илрүүлэлт, өвчний бүртгэл мэдээлэл сайжирч байгаа гэж үзэж болох ч харамсалтай нь бодит байдалд дээрх статистик тоог хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм. Иймд бид өнгөрсөн жил ходоодны хавдрын эрт илрүүлгийн хөтөлбөрийн төслийг боловсруулан зохих шатлалын байгууллагад хүргүүлсэн.

Бид цаашид дэлхийд тэргүүлэгч орон болох БНСУ-ын профессор эмч нартай хамтран ажиллаж шинэ технологи аргуудыг цаг алдалгүй нэвтрүүлэх болно. Энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд бидний хамтын санаачилга, хандлага хамгаас чухал юм” гэв.

Монгол улс хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрт ордог

Дэлхий дахинд жилд 951 мянга гаруй ходоодны хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдэж, 723 мянга орчим хүмүүс нас барсан байна. Ходоодны хорт хавдар өвчний тархалт дэлхий дахинд адилгүй байдаг бөгөөд зүүн азийн орнууд, зүүн европ ба өмнөд америкийн бүсүүдэд уг өвчний тохиолдол илүү элбэг байдаг. Манай орны хувьд ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрдугаар байранд ордог. 2017 оны статистик мэдээгээр Монгол улсад ходоодны хорт хавдрын нийт 889 тохиолдол бүртгэгдэж шинээр 621 хүни энэ өвчнөөс болж нас барсан аж.

Манай орны хувьд ходоодны хорт хавдар ихэнхдээ хожуу оношлогдож, үүний улмаас уг өвчнөөр нас барах тохиолдол өндөр байна. Ходоодны хорт хавдар нь эрт үедээ ямар нэг өвөрмөц шинж тэмдэг  илэрдэггүй явдал юм. Өвчтөнүүдийн дунд хамгийн элбэг тохиолддог шинж тэмдгүүдэд ходоод аюулхай орчимд харлаж өвдөх, шалтгаангүй жин хасах шинжүүд багтдаг ч энэхүү шинжүүд зарим хүмүүст огт илрэхгүй явсаар хорт хавдар шатандаа орж хүндрэх тохиолдол байдаг. Мөн хоол орохгүй горойж тээглэх, нэг удаагийн хооллолтын хэмжээ эрс буурах, хэвлийгээр маш хүчтэй өвдөх зэрэг шинж тэмдгүүд өвчин хүндэрсэн үед илэрдэг аж.

Ходоодны хорт хавдарт үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс

  1. Халдварын –  Хеликобактерийн халдвар,
  2. Хоол тэжээлийн талаас- Давсны өндөр хэрэглээ, Нитратын өндөр хэрэглээ, А,С амин дэмийн дутагдал, Дутуу боловсруулсан хүнс, Ундны муу ус, Илүүдэл жин
  3. Хорт зуршил- Тамхидалт, архидалт,
  4. Мэргэжлийн– Химийн бодистой ажилладаг үйлдвэрийн ажилчид, Уурхайн ажилчид, Туяаны нөлөө
  5. Удамшлын- Цус багадалт, II бүлгийн цустай байх, Генетикийн хүчин зүйлс тодорхойгүй гэр бүлийн түүх, Удамшлын тархмал ходоодны хавдар зэрэг багтана. 

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж