Бүс нутаг, дотоодын зөрчил мөргөлдөөн, өлсгөлөн ядуурлаас дайжиж дүрвэсэн олон сая цагаач, дүрвэгсдийн шинэ амьдралд тэмүүлсэн мөрөөдөл болсон АНУ эрх чөлөөний орон байхаа хэдийн больжээ. Тэрбумтан бизнесмен Дональд Трамп АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч болсноор цагаачлалын хатуу бодлого баримталж байна. Ерөнхийлөгч Дональд Трамп хууль бус цагаачлалыг таслан зогсооход чиглэсэн зарлигт гарын үсэг зурснаас хойш АНУ-д 41 мянган хууль бус цагаачийг баривчилсан байна гэж АНУ-ын Цагаачлал, Гаалийн алба /ICE/ мэдэгдлээ. Ингэхдээ тэднийг хүүхдүүдээс нь салгасан асуудал, шүүмжлэл дагуулж байна. Хэдэн сар эцэг, эх, хүүхдүүдийн нус нулимсыг барсныхаа эцэст АНУ-ын цагаачлалын албанаас хүүхдүүдийг эцэг, эхтэй нь цуг хорих саналыг гаргажээ. Энэ талаар Хууль зүйн яамнаас Холбооны шүүхэд хүсэлт гаргаж, хууль бус цагаачдын хүүхдүүдийг гэр бүлтэй нь хорих зөвшөөрлийг хүсчээ. Хэрэв АНУ-ын Холбооны шүүхээс зөвшөөрвөл 15 мянга орчим хүүхдийн орыг хорих байруудад нэмж байрлуулан өргөжүүлэх хэрэгтэй болох аж. АНУ-ын цагаачлалын албаныхан хууль бусаар хил нэвтрэгчдийг Пеннсильвани, Техас муж улсуудад байрлах гурван саатуулах төвд хорьж байна. Тиймээс цаашид хорих төвүүдийг нэмэх арга хэмжээ авах шаардлагатай болжээ.
Дональд Трампын цагаачлалын хатуу бодлогыг олон улс шүүмжилж байна. Тухайлбал, энэ зургадугаар сарын эхээр болсон Их-7 орны уулзалтын үеэр Канад болон бусад орны төрийн тэргүүнтэй муудалцсанаас болж Дональд Трамп уулзалтыг орхиж явсан билээ.
Тэрбээр Японы ерөнхий сайд Шинзо Абэгийн шүүмжлэлийн хариуд “25 сая Мексикийн цагаачдыг Токио руу илгээж өгч болно шүү. Цагаачлалын хямралтай өөрсдөө нүүр тулахаар та нарыг яахыг харъя” хэмээн ёжилсон аж.
Сонгуулийн кампанит ажлын үеэр Дональд Трамп хууль бус 11 сая цагаачдыг АНУ-аас албадан гаргахаа амлаж байв. Албаны тоо баримтаас харвал АНУ-д 820 мянга орчим бичиг баримтгүй цагаач иргэн гэмт хэрэгт холбогдсон бүртгэл байдаг байна. АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн засаглалын найман жилийн хугацаанд 2.7 сая гаруй хүнийг албадан гаргасан гэж ‘Ice Statistics’ мэдээлжээ. Харин 2018 онд баривчлагдсан хүний тоо өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 37.6 хувиар олон байгаа юм. Баривчлагдсан хүмүүсийн 75 орчим хувь нь халдлага, хар тамхи, хүн амины хэргээр ял авсан байна. АНУ-д хууль бус цагаач, дүрвэгсдийн тоо нэмэгдэхийн хэрээр хар тамхины наймаа, дээрэм тонуул, хүн амины хэрэг, террорист халдлага гарах нь эрс нэмэгдсэн юм. Үүний зэрэгцээ АНУ-ын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж буй Дональд Трамп ажлын байрны “хулгайч” хууль бус дүрвэгчид болон цагаачдад хатуурхаж байна. Түүнчлэн ерөнхийлөгчийн зарлигаар цагаачдын урсгалыг зогсоохын тулд Мексикийн хил дагуу таван метр өндөр хана барьж эхэлсэн юм. Трампын засаг захиргаа хоёр улсын хилийг заагласан хуучин хашааг сольж, оронд нь 480 км урт хана барихад шаардлагатай 18 тэрбум ам.долларын төсвийн хууль өргөн барьжээ.