Хоёр Солонгосын харилцаа сайжирснаар дайнаар хагацсан гэр бүлүүдийн уулзалтыг ирэх наймдугаар сард зохион байгуулахаар болжээ. Хоёр талын албаныхан өчигдөр Кимганг уулын амралтын газарт уулзаж, хоёр талаас 200 хүнийг оролцуулах гэр бүлүүдийн уулзалтыг наймдугаар сарын 20-26-ны хооронд зохион байгуулахаар товложээ. Энэ уулзалт хамгийн сүүлд 2015 онд болж, 650 хүнийг оролцуулсан байв.
Солонгосын хойгийг хоёр хуваасан 1950-1953 оны дайны дараа олон сая хүн гэр бүлээсээ хагацаж, хилийн зурвасын цаана хашигдаж үлджээ. Өмнөд Солонгосын Улаан загалмай нийгэмлэгийн мэдээлснээр тус улсад гэр бүлээсээ салсан 57 мянган иргэн бүртгэлтэй байдаг аж. Гэр бүлүүдийн уулзалтыг 2000 онд анхлан санаачилж, жил бүр зохион байгуулахаар тохиролцсон байдаг. Гэвч хоёр орны харилцаа муудах үед уулзалт болдоггүй байв.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА