Д.Дондог гишүүний асуудлыг ”хэлэлц” гэж шаардаж болохгүй

Хуучирсан мэдээ: 2011.08.25-нд нийтлэгдсэн

Д.Дондог гишүүний асуудлыг ”хэлэлц” гэж шаардаж болохгүй

УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржтой ярилцлаа.

-УИХ-ын Тамгын газар намрын чуулганы бэлтгэл ажилдаа оров уу?

-Хаврын чуулганы төгсгөлд УИХ-ын 37 дугаар тогтоолоор намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг ерөнхийдөө гарчихсан. Тухайлбал найман үндсэн болон бусад асуудлыг хэлэлцэх юм. Үүнд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн тухай хууль, Төсвийн төсөл зэрэг чухал асуудлыг хэлэлцэхээр байгаа. Харин Тамгын газрын хувьд чуулганы бэлтгэл ажилдаа орсон. УИХ-ын байнгын хороодын ажлын алба болон УИХ-ын хэлтэс, албадууд хэлэлцэх асуудалтай холбогдсон бэлтгэл ажилд орчихсон байгаа.

-УИХ-ын нэр хүнд иргэдийн дунд тааруу байгааг иргэдийн ярианаас сонсдог. Тэдэнд ингэж дүгнэх нөхцөлийг УИХ-ын гишүүдийн үйлдэл, намуудын амлалтаа биелүүлдэггүй байдал бүрдүүлсэн гэдэгтэй та санал нийлэх үү?

-Иргэд, сонгогчид нам, тэдний амлалтын талаар ярьж байгааг би дүгнэх эрхгүй. Хэрэв иргэд ингэж ярьж байгаа бол өнөөдөр улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаа нам тэр дундаа парламентад суудалтай намын удирдлага, гишүүд нь зохих журмын дагуу дүгнэлт хийх байх. УИХ өмнөө тавьсан асуудлаа хэлэлцэн шийдвэрлэж, ажлаа хийж байна. Тиймээс ажлаа хийж чаддаггүй гэх үнэлэлт үндэс муутай болов уу гэж боддог. Гэхдээ ард түмэн ийм дүгнэлт хийж байгаа болбол үүнийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлж болохгүй. Өнгөрсөн чуулганы хувьд гэхэд хэлэлцэх асуудлынхаа 80 гаруй хувийг хэлэлцсэн байгаа юм.

-Тэгвэл хэлэлцэх ёстой байсан чухал асуудал болох Сонгуулийн тухай хуулиа хэлэлцээгүй шүү дээ?

-Нэг, хоёр асуудал хойшлогдох эсвэл урагшлах зүйл бий. Сонгуулийн тухай хууль бол нэлээд төвөгтэй, зөвшилцөл хамтын шийдвэр гарч байж шийдэх ёстой хууль юм. Ямартай ч УИХ-д суудал бүхий намын бүлгүүд намрын чуулганы эхээр тус хуулийг батлах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн гэж ойлгож байгаа.

-УИХ-ын гишүүд хуулиа сайн судлаагүйгээс, өөр ямар нэгэн шалтгаанаас үүдэн чанаргүй, мөнгөний хуулийг “бөөндөж” батладаг гэх шүүмжлэл бий. Үүнийг та юу гэж бодож байна вэ?

-Зарим хуулийг дагалдаж маш олон хуульд нэмэлт өөрчлөлт оруулдаг. Хүн харахаар алх цохиод нэг л олон хууль батлаад байгаа юм шиг харагддаг байх. Гэтэл үнэн хэрэгтээ дагалдах, холбогдох хууль олон байдаг. УИХ-ын гишүүдийн гар дээр ирсэн хуулийн төслүүдийг төрийн түшээд маань бүрэн судалж байж өөрийнхөө байр суурийг илэрхийлэх, санал өгөх үүрэгтэй. Иймээс би УИХ-ын гишүүдийг хуулиа судлахгүй, хүний үгээр ажилладаг гэж хэлж чадахгүй. Учир нь түмэн олноо төрд төлөөлсөн төрийн түшээ гэдэг бол хуулиа судлахгүй байх эрхгүй юм.

-Аливаа нэг хуулийг баталсны дараа төд удалгүй нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэсэг гишүүн сөргүүлээд өргөн барьдаг. Хуулийн төсөл өргөн барих нь гишүүдийн бүрэн эрхийн асуудал хэдий ч үүнээс болж гишүүдийн хооронд зөрчил үүсч буй нь ажиглагддаг л даа?

-Хууль хүчин төгөлдөр болсон цаг үеэс эхлэн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр нийт иргэд дагаж мөрдөх хуулийн хэм хэмжээ болж гардаг. Тиймээс улс орны эдийн засаг, улс төр, нийгэм тэр ч бүү хэл хувь хүний эрх ашгийг хөндөж байгаа гэж бодон хариуцлагатай хандах ёстой. Хууль тогтоох үйл ажиллагаа ийм хариуцлагыг шаарддаг. Ер нь хууль батлахдаа наана, цаана нь юу байна вэ, дутуу үлдээчих вий гэдгийг бодох хэрэгтэй. Хэрэв дутуу үлдээсэн бол хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага гарч ирэхийг үгүйсгэхгүй. Түүнээс биш УИХ-ын гишүүд санаатайгаар, юм мэддэггүй, хайхрамжгүй дээ ийм байдал гаргадаг гэж бодохгүй байна. 

-УИХ-ын гишүүдийн хариуцлагын асуудал ихээхэн яригддаг. Хариуцлагыг сайжруулахын тулд юу хийх ёстой байдаг юм бол?

-УИХ-ын Тамгын газрын дарга бол УИХ-ын гишүүдийг сахилгажуулдаг, сургадаг хүн биш. Тамгын газар УИХ-ын хувийн ажиллагаа, хэлэлцэн баталж буй хуулийн бэлтгэл ажлыг хангах, УИХ-ын гишүүдэд туслах үүрэгтэй аппарат юм. Гишүүдэд шаардлагатай мэдээллийг нь өгөхийн тулд долоон хэлтэс ажиллаж байна. Хуулийн хэлтэс, судалгаа, шинжилгээ болон чуулган, байнгын хороодын ажлын алба зэрэг бий. Сонгогчид нэгэнт таныг УИХ-ын гишүүнээр сонгосон л бол дадлага хийх, сурах бололцоо байхгүй. Шууд ажилдаа орох ёстой. Нөгөө талаас УИХ-ын гишүүн байна гэдэг өөрөө асар их хариуцлагатай байхыг шаарддаг субъект юм.

-УИХ-ын гишүүн Д.Дондогийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар Улсын ерөнхий прокуророос хоёр удаа албан бичиг ирсэн. Гэсэн хэдий ч УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны үүний хариуд “Хэлэлцэх боломжгүй” гэх хариултыг өгсөн. Хуулийн хүрээнд байнгын хороо шууд хариулт өгч болох уу. Эсвэл УИХ-ын чуулганаар хэлэлцэх ёстой юм уу?

-Хууль зүйн байнгын хороо УИХ-ыг төлөөлж хуулийн байгууллагатай харилцаж, хариулт өгөх эрхтэй. Хуучин дагаж мөрдөж байсан хуулиар УИХ-ын гишүүн Д.Дондог гишүүний асуудлыг хэлэлцэх ёстой. Нэг үгээр хэлбэл хуулийн байгууллага асуудал тавибал үүнийг УИХ тодорхой хугацааны дотор хэлэлцэн хариу өгөх үүрэгтэй байсан. Харин өнгөрсөн чуулганаар УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ нэмэлт өөрчлөлтөөр Д.Дондог гишүүнд холбогдох асуудлыг хэлэлцэх боломжгүй болсон. Тэгэхээр УИХ-ыг Д.Дондог гишүүний асуудлыг заавал “Хэлэлц” гэж Улсын ерөнхий прокурорын газар шаардаж болохгүй. УИХ өөрөө хууль зөрчихгүйн тулд “Хэлэлцэх боломжгүй” гэх хариу өгөөд байгаа юм.

-Тавантолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газар өргөн барихгүй болбол УИХ-ын ээлжит бус чуулган хуралдахгүй гэсэн үг үү?

-Өнгөрсөн чуулганы төгсгөлд “Шаардлагатай гэж үзвэл ээлжит бус чуулган хийж болох юм” гэж УИХ хэлсэн. Харин шаардлагатай гэж үзвэл гэдэг нь зайлшгүй хэлэлцэх шаардлагатай асуудал орж ирвэл гэсэн үг юм. Гэтэл одоогийн байдлаар хэлэлцэх асуудал алга. Хэвлэлийнхэн Тавантолгойн талаар ярьж байна. Энэ нь Засгийн газар дээр байгаа. Засгийн газар өргөн барьсны дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж байж УИХ-д өргөн барих ёстой.  

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж