Трэйлин кабелийн засварын төвийг Улаанбаатарт нээлээ

Хуучирсан мэдээ: 2018.06.23-нд нийтлэгдсэн

Трэйлин кабелийн засварын төвийг Улаанбаатарт нээлээ

Трэйлин кабелийн засварын төвийг Улаанбаатарт нээлээ

Уул уурхайн салбарт хэрэгжиж буй том төслүүдийг дагасан эрчим хүчний шинэ хэрэглээ, шинэ техник тоног төхөөрөмж, засвар үйлчилгээний зах зээл тэлсээр байна. Үүний тод жишээ болсон нэгэн түүхэн үйл явдал тохилоо. Австралийн уул уурхайн салбарт тэргүүлэгч “Хаан электрикал контрактинг” болон “Говь инфрастракчер партнерс” компанийн хамтарсан хөрөнгө оруулалттай “Хаан электрикал Монгол” компанийн барууны стандартад нийцсэн уул уурхайн эрчим хүчний салбарын завсар, үйлчилгээ, агуулахын төвийн нээлт өчигдөр Улаанбаатарт боллоо. Уг арга хэмжээнд Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Жон Лангтри болон компанийн удирдлагууд, харилцагч байгууллагуудын төлөөлөл оролцлоо.  Өдгөө 28 жилийн түүхтэй “Хаан электрикал контрактинг” компанийн Австралид үзүүлдэг засвар, үйлчилгээ, бүтээгдэхүүний чанар, стандартыг Монгол Улс болон Төв Азийн бүсэд анх удаа нэвтрүүлж буй нь энэ юм. Тус компанийн зүгээс энэхүү бүтээн байгуулалтад ойролцоогоор 500 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.

Засварын төвийн гол бүтээгдэхүүн нь гүнийн уурхайн цахилгаан, машин тоног төхөөрөмжийн тэжээлд ашигладаг трэйлин кабель. Энэ кабелийн утас эвдэрч гэмтэхэд засварлах төв Монголд байхгүйгээс ихэнхдээ гадагшаа явуулж, эсвэл шинээр худалдан авдаг байжээ. “Хаан электрикал Монгол” компанийн засварын төв ашиглалтад орсноор трэйлин кабелийг Монголд засварлах боломжтой болж байгаа юм. Нэг метр трэйлин кабель дунджаар 100-200 ам.доллараар худалдан авдаг бөгөөд уул уурхайн компаниуд нэг ашиглахдаа 120 метрээс багагүй уртыг хэрэглэдэг учраас зардал өндөртэй. Засвар үйлчилгээний төв нээгдсэнээр шинээр худалдан авах зардлыг хамгийн багадаа гурав дахин бууруулах тооцоо гарчээ.

Уг засварын төвд 20 гаруй монгол залуус ажиллах бөгөөд дэлхийн стандартад нийцэхүйц засвар үйлчилгээг үзүүлэх боломжтой гэдгийг компанийн төлөөллүүд онцоллоо.

“Хаан Электрикал Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баянзул: Манай компанийн ашиглалтад оруулж буй засварын төв нь уул уурхайн салбарт өргөн ашигладаг цахилгаан тоног төхөөрөмжийн тэжээлийн кабелийг засварлах зориулалттай  юм. Энэхүү кабелийн засварын төв нь Монголдоо төдийгүй төв Азидаа анхдагч гэдгээрээ давуу талтай.  Уул уурхайн компаниуд ашиглаж байгаа трэйлин кабельд гэмтэл гарахад заавал гаднын улс руу явуулж засуулах, эсвэл шинээр авдаг байсан. Харин энэхүү засварын төв нээгдсэнээр Монголдоо засч сайжруулах боломжтой болж байгаа нь эдийн засагт оруулж том хувь нэмэр гэж ойлгож болно. Хэрэглэгчид нэгд, гадагшаа явж хугацаа алдахгүй. Хоёрт хөрөнгө санхүүгээ хэмнэх бүрэн боломжтой болж байгаа.

Засварын төвийг нээхээс өмнө Австрали руу ажилчдаа явуулж, тусгайлан сургасан. Боловсон хүчнээ хэрхэн аюулгүй ажиллаж, чанартай үйлчилгээг хүргэх талаар сургахаас гадна  ирээдүйд өөрийгөө энэхүү салбарт хөгжүүлэх, бусад салбаруудад дэвшин суралцах боломжоор хангаж байна. Цаашид тус засвар үйлчилгээний төвөө олон монгол залуусын барууны стандартаар цахилгаан эрчим хүчний салбарт ажиллаж чадах түшиц газар болгохын төлөө ажиллана.

 “Хаан электрикал контрактинг” (Австрали)-ийн гүйцэтгэх захирал Крейг Хаан: Бидний хувьд Монгол Улсын зах зээлд ажиллаад нэг жил болж байна. Монголд эрчим хүчний салбарын боловсруулалт, сургалт эзэмшүүлэх цаашлаад түүнтэй холбоотой үйлчилгээ, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх боломж байгааг олж харсан. Уул уурхайн салбарт ашиглаж байгаа эрчим хүчний кабелиуд нь өндөр өртөг зардалтай байдаг. Энэ чиглэлийн өртөг зардлыг бууруулахын тулд эрчим хүчний кабелиудыг шинээр худалдан авахгүйгээр ямар нэгэн эвдрэл гэмтэл  гарсан тохиолдолд заавал гадагшаа явуулж засуулдаг. Тэгвэл бид уул уурхайн салбарт өргөнөөр ашигладаг  трэйлин кабелийг Монголдоо засах боломжийг бүрдүүллээ. Уул уурхайн компаниудын хувьд маш их зардал хэмнэх боломжтой.

-“Хаан электрикал Монгол” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан менежер Ц.Басзул: Гүнийн уурхайн тоног төхөөрөмж нь газрын гүнд цахилгаан тэжээлээр ажилладаг учраас түүнд ашигладаг трэйлин кабелийн үнэ өндөр байдаг. Гүнийн уурхайн кабельд гэмтэл гарсан тохиолдолд Монголд засах ямар боломжгүй, тухайн кабелаа устгах, эсвэл хадгалаад  шинээр авахаас өөр аргагүй байсан. Харин энэхүү засварын төв нээснээр гүний уурхайн ашигладаг тэжээлийн кабелийг монголчууд дотооддоо засдаг боллоо. Тус кабелийн утсыг маш олон үе шат, нарийн технологийн дагуу засварладаг учраас манай компани ажилчдаа Австрали улсад сургасан. Энэ талаас нь харвал мэргэжлийн боловсон хүчин бүхий трэйлин кабелийн анхны завсар үйлчилгээ үзүүлдэг компани болж байна. Тухайн кабелийг ашиглаж байгаа компанийн хувьд зардлаа 3-4 дахин бууруулах боломжтой боллоо.

Монголд ‘Оюутолгой’ компани гүнийн уурхайн үйл ажиллагаанд трэйлин кабель ашигладаг бөгөөд засвар үйлчилгээг “Хаан Электрикал Монгол” ХХК хариуцан ажиллаж байна. Цаашдаа тус компани төв Азийн хэрэглэгчдэд гүнийн уурхайн эрчим хүчний засвар үйлчилгээгээ хүргэх зорилготой ажиллаж байгаа аж.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж