“Бөх бол төр”. Энэ бол А.Сүхбат аваргын хэлсэн трэнд үг. Гэхдээ Монголын хувьд гашуун үнэн. Монголын төрд бөхчүүд “барилддаг” болоод удаж байгаа.
Бөхийн өргөөний “төр”-ийн хэрүүл Төрийн ордны бөхийн хэрүүл болтлоо хурцдаж байна. Гэвч, монгол түмний эрийн гурван наадмын нэг, монголчуудын өв соёл болох монгол бөх хэдхэн хүний өмч биш юм.
Тиймээс хэрүүл, талцал хийж монгол бөхийг гутааж байгаа бөхчүүдийг бөхөөс хөөе. Угаасаа ч тэд барилдахаа болиод хэрэлддэг болсон. Тэдний хэрүүл, талцлын бай болсон Бөхийн өргөөг нураая. Учир нь тэдэнд Бөхийн өргөөг ч, монгол бөхийг ч хайрлах, хамгаалах сэтгэл алга.
Удаа дараа Бөхийн өргөө бөхчүүдийн халдлагад өртөөд байгаа бөгөөд энэ барилга Монголын ард түмний хандиваар 1991-1998 оны хооронд баригдаж дууссан.Нийт өртөг нь хоёр тэрбум 325 сая төгрөг. Тоолоод үзвэл, Бөхийн өргөөг булаацалдсан цөөн тооны бөхчүүдийн хэрүүл 16 жил үргэлжилжээ.
“Бөхчүүдийн хэрүүлийн цаана асар том ашиг сонирхол явж байгааг улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ онцлоод хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Асуудал нь Бөхийн өргөө гэсэн ганц барилгад биш, цаана нь нуугдсан их мөнгөнөөс болсон юм биш үү гэсэн хар төрөөд байна” гэжээ. Тэрбээр цааш нь ‘Найраа хэрээс хэтэрсэн, бөхчүүдээ анхаарахгүй байна, доппингийн бизнес газар авлаа гэх мэт асуудлууд байгаа’-г дурдсаныг харвал аль, аль талд нь асар том эрх ашгийн сонирхол байгаа нь илэрхий.
Өөрөөр хэлбэл, наадам зохион байгуулах, допингийн шинжилгээ авах, оноолт хийх зэрэг олон асуудлын цаана наймаа, найраа явагддаг болохыг арслан ийнхүү хүлээн зөвшөөрч.
Монголын үндэсний бөхөд өрнөж буй үйл явдлаас дүгнээд хэлэхэд А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ хоёр бөх ч биш, төр бүр ч биш. Тэдэнгүйгээр наадам болдгоороо болно. Төрийн ажил явдгаараа явна. Бөхчүүд барилддагаараа барилдана. Харин монгол бөх, монгол наадмыг бойкотлох, үндэсний их баяр наадмыг далимдуулж, үймээн самуун үүсгэх, айлгах асуудал гаргавал тэдэнд жинхнээсээ хариуцлага тооцож, гишүүн байх, аварга байх асуудлыг ярих ёстой. Залуу бөхчүүд, шавь нартаа үлгэрлэл үзүүлэх ёстой аваргууд нь үймээн, самуун гаргана гэж увайгүй үг хэлээд зогсч буй монгол бөхийн ноён нуруу хаана хугараа вэ гэж.
Үндсэндээ өнөөдөр хоёр тал болчихоод байгаа дархан аварга, арслангуудын өмч нь Монголын өв соёл болсон монгол бөх биш юм. Монгол бөхийн нэрээр ашиг хонжоо хийж ирсэн тэдгээр хэдэн бөхөд арга хэмжээ авах цаг болсныг Баяр наадмын үндэсний комиссынхонд сануулъя.
Тэдэнд хандаж тэрслүү үг хэлэхэд, хэл ам, хэрүүл шуугианы бай болсон Бөхийн өргөөг нурааж, оронд нь эрдмийн өргөө, эсвэл эх хүүхдэд зориулсан эмнэлэг байгуулъя. Тэгэхгүй бол “бөх бол төр” гэсэн ойлголттой бөхчүүд монгол бөхийг, Монголын улс төрийг самраад дуусах нь ээ.
Б.БАТ
Холбоотой мэдээ