ДАШТ: Бразил, Нигери, Швейцарын хожил

Хуучирсан мэдээ: 2018.06.23-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

ДАШТ: Бразил, Нигери, Швейцарын хожил

ДАШТ: Бразил, Нигери, Швейцарын хожил

ОХУ-д болж буй 21 дэх удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр найм дахь өдрөө үргэлжлэн явагдлаа. Өнгарсөн шөнө ‘E’ хэсгийн хоёр, ‘D’ хэсгийн нэг тоглолт болсон бөгөөд тоглолтын мэдээллийг хүргэе.


БРАЗИЛ – КОСТА-РИКА 2:0       

  • Гоол: Ф.Коутиньо 91’, Неймар 97’

Өчигдөр “Е” хэсгийн Бразил, Коста-Рикагийн тоглолт Санкт-Петербург хотын “Крестовский” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Хоёр багт тэнцээний нэг оноо биш бүтэн гурван оноо хэрэгтэй байсан юм. Учир нь эхний тоглолтод Бразил Швейцарьтай тэнцсэн бол Коста-Рика Сербид хожигдоод байсан. 

Тоглолтын 90 минут гоолгүй өндөрлөсөн. Шүүгч нэмэлт зургаан минутыг өгөхөд Ф.Коутиньо ердөө эхний минутад гоол хийж багтаа чухал гурван оноог авчирлаа. Тоглолт дуусахын өмнө Неймар хоёр дахь гоолыг хийж, бразилчууд энэ дэлхийн аваргын анхны хожлоо эцсийн мөчид авсан юм. Мөн тэд маш чухал гурван оноог авснаар хэсгээ тэргүүлж эхлэв. Эхний тоглолтод Швейцарын хаалганд гоол хийсэн Коутиньо энэ удаа ч багаа ялагдлаас аварсан. Хоёр тоглолтрд хоёуланд нь шийдвэрлэх гоолыг оруулаад байгаа Ф.Коутиньо мэргэн буучдын жагсаалтад хоёр гоолтойгоор бичигдэж эхэллээ.

Харин Коста-Рика цааш шалгарах боломжгүй болсон бөгөөд хоёр хожилдолтойгоор хэсгийн сүүлд бичигдсэн.

21 дэх удаагийн ДАШТ-д том багууд сайн тоглолтыг үзүүлж чадахгүй байна. “С” хэсэгт Аргентин хоёр тоглолтын дараа хэсгээсээ шалгарах нь бүрхэг байгаа бол “F” хэсэгт Герман хожигдлоор эхлүүлсэн. Мөн ‘В’ хэсэгт Испани, Португалын хувь заяа сүүлийн тоглолтоос шийдэгдэх юм.

‘Е’ хэсэгт дэлхийн аваргад таван удаа түрүүлсэн цорын ганц баг болох Бразилын шигшээ баг эхний тоглолтод Швейцарьтай тэнцэж нэг оноо аваад байсан юм. Тиймээс зөвхөн гурван онооны төлөө зүтгэсэн тэд зорилгоо биелүүлж чадлаа. Өчигдрийн тоглолтын төгсгөлд гоол хийсэн Неймар уйлж суусан нь энэ оноо ямар хэрэгтэй байсныг илтгэнэ. Одоо бразилчууд хэсгийн сүүлийн тоглолтоо зургадугаар сарын 27-д Сербтэй хийх бөгөөд тэнцэх юмуу хожил авахад шөвгийн 16-д өрсөлдөх боломжтой болно. 

                                                        


ШВЕЙЦАРЬ АНХНЫ ХОЖЛОО АВЛАА

СЕРБ – ШВЕЙЦАРЬ 1:2

  • Гоол: А.Митрович 5’, Г.Жака 52’, Ж.Шакири 90’

Өнгөрсөн шөнө ‘Е’ хэсгийн Серб, Швейцарын тоглолт Калининград хотын цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

Серб эхний тоглолтод Коста-Рикаг хожиж, хэсгээ тэргүүлж байсан юм. Тиймээс энэ тоглолтод хожвол шууд хасагдах шатанд өрсөлдөх эрхтэй болох байсан. Швейцарын шигшээ багийн хувьд дэлхийн аварга Бразилтай тэнцэж, нэг оноо авчихсан учраас заавал хожих даалгавартай талбайд гарсан.

Тоглолтын эхний гоолыг Сербийн довтлогч А.Митрович ердөө тав дахь минутад оруулж, сербчүүд тэргүүлж эхэлсэн. Эхний 45 минутад дахин гоол оролгүй өндөрлөсөн. Хоёр дахь үед Швейцарийн тоглогчид сэргэлт авч Жака 52 минутад эхний гоолыг оруулснаар тэнцэж эхэлсэн. Энэ байдал сүүлийн 90 минут хүртэл үргэлжилж, Шакири хожлын гоол хийснээр тоглолт 2:1-ээр Швейцарын ялалтаар өндөрлөлөө.

Швейцарын шигшээ баг дэлхийн аваргад 3 удаа дунд шөвөгт шалгарч байсан. Хамгийн сүүлд 1954 оны дэлхийн аваргад дунд шөвөгт шалгарч байсан ч түүнээс хойш шөвгийн 16-аас цааш явж чадаагүй байгаа. 2014 оны Бразилд болсон ДАШТ-д хэсгээсээ гарсан ч шөвгийн 16-д Аргентины шигшээ багт хожигдож байсан. Тэгвэл энэ жилийн ДАШТ-ий нээлтийн тоглолтыг дэлхийн аварга Бразилтай тэнцээ хийж, эхний оноогоо авсан бол өчигдөр Сербийг хожин чухал гурван оноог өөрийн болголоо.

Серби улсын хөлбөмбөгийн шигшээ баг 2010 онд анх удаагаа дэлхийн аваргад оролцож байсан. Өмнө нь 2006 онд Серби-Монтенегро, 2002 оноос урагшаа Югославын шигшээ багийн нэг хэсэг болон оролсон. Тусгаар тогтносон Сербийн шигшээ баг энэ удаагийн дэлхийн аваргад хэсгээсээ гарах эсэх нь Бразилтай хийх сүүлийн тоглолтоос шийдэгдэнэ.

Е ХЭСЭГ:

  1. Бразил – 4 оноо (1 хожил, 1 тэнцээ)
  2. Швейцарь – 4 оноо (1 хожил, 1 тэнцээ)
  3. Серб – 3 оноо (1 хожил)
  4. Коста-Рика – 0 оноо (2 хожигдож хэсгээсээ шалгарах боломжгүй боллоо)


НИГЕРИЙН СУПЕР ОД МУЗА БАГАА ЯЛАЛТАД ХҮРГЭЛЭЭ

НИГЕРИ – ИСЛАНД 2:0

  • Гоол: Ахмед Муса 49′, 75′

D хэсгийн Нигери, Исландын тоглолт өнгөрсөн шөнө Волгоград хотын төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Хоёр баг өмнө нь 1981 онд нөхөрсөг тоглолт хийхэд Исландын шигшээ баг Нигерийг 3:0-оор хожиж байжээ. Тэгвэл 190 орчим сая хүн амтай, 900 мянга гаруй км.кв талбайтай Африк тивийн хамгийн олон хүн амтай Нигери улс 350 мянган хүн амтай, Атлантын далайн хойт хэсэгт галт уулаас гаралтай арал дээр орших Исландын шигшээ багийн эсрэг хоёр дахь удаагаа тоглолоо.

Волгоград хотын төв цэнгэлдэхэд болсон тоглолтыг 40 мянган хүн үзжээ. Тоглолтын эхний үе гоолгүй өндөрлөсөн. Хоёр дахь үеийн эхэнд Нигерийн Ахмед Муза эхний гоолыг оруулж, нигерчүүд тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Энэ тоглолтын баатар Муза 75 дахь минутад дахин гоол оруулснаар хожлоо баталгаажуулсан юм. Үлдсэн хугацаанд Исландын шигшээ гоол оруулахыг хичээсэн ч үр дүнд хүрч чадсангүй.

Нигерийн супер одоор нэрлэгдээд байгаа Ахмед Муза хоёр гоолтойгоор мэргэн буучдын жагсаалтын зургадугаар эгнээнд зургаан тамирчны хамт бичигдэж байна. Энэ жагсаалтыг Португалын К.Роналдо 4 гоолтойгоор тэргүүлж байна.

Нигерийн шигшээ баг гурван оноо авч хэсэгтээ хоёрт бичигдлээ. Мөн өмнөх өдөр нь Хорватад хожигдсон Аргентиний шигшээ багт Нигерийн хожил ашигтай болж ирлээ. Учир нь Нигер, Аргентиний тоглолт зургадугаар сарын 26-д болно. Мөн энэ өдөр хоёр хожилтойгоор хасагдах шатанд өрсөлдөх нь тодорхой болсон Хорват Аргентинтай тэнцсэн Исландтай тоглоно. Энэ хэсгээс Нигер, Исланд гарах уу эсвэл Аргентинд боломж олдох уу гэдгийг гурван хоногийн дараа харах юм.

D ХЭСЭГ:

  1. Хорват – 6 оноо (2 хожилтойгоор цааш өрсөлдөх эрхээ авсан)
  2. Нигери – 3 оноо (1 хожил, 1 хожигдол)
  3. Исланд – 1 оноо (1 тэнцээ, 1 хожигдол)
  4. Аргентин – 1 оноо (1 тэнцээ, 1 хожигдол)

Энэ хэсгийн сүүлийн тоглолт зургадугаар сарын 26-д болж, хасагдах шатанд өрсөлдөх нэг баг тодорно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж