Нигерийн супер од Муза багаа ялалтад хүргэлээ

Хуучирсан мэдээ: 2018.06.23-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Нигерийн супер од Муза багаа ялалтад хүргэлээ

Нигерийн супер од Муза багаа ялалтад хүргэлээ

ОХУ-д болж буй 21 дэх удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр найм дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Өнөө шөнө ‘E’ хэсгийн хоёр, ‘D’ хэсгийн нэг тоглолт боллоо.


НИГЕРИ – ИСЛАНД 2:0

  • Гоол: Ахмед Муса 49′, 75′

D хэсгийн Нигер, Исландын тоглолт өнгөрсөн шөнө Волгоград хотын төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Хоёр баг өмнө нь 1981 онд нөхөрсөг тоглолт хийхэд Исландын шигшээ баг Нигерийг 3:0-оор хожиж байжээ. Тэгвэл 190 орчим сая хүн амтай, 900 мянга гаруй км.кв талбайтай Африк тивийн хамгийн олон хүн амтай Нигери улс 350 мянган хүн амтай, Атлантын далайн хойт хэсэгт галт уулаас гаралтай арал дээр орших Исландын шигшээ багийн эсрэг хоёр дахь удаагаа тоглолоо.

Волгоград хотын төв цэнгэлдэхэд болсон тоглолтыг 40 мянган хүн үзжээ. Тоглолтын эхний үе гоолгүй өндөрлөсөн. Хоёр дахь үеийн эхэнд Нигерийн Ахмед Муза эхний гоолыг оруулж, нигерчүүд тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Энэ тоглолтын баатар Муза 75 дахь минутад дахин гоол оруулснаар хожлоо баталгаажуулсан юм. Үлдсэн хугацаанд Исландын шигшээ гоол оруулахыг хичээсэн ч үр дүнд хүрч чадсангүй.

Нигерийн супер одоор нэрлэгдээд байгаа Ахмед Муза хоёр гоолтойгоор мэргэн буучдын жагсаалтын зургадугаар эгнээнд зургаан тамирчны хамт бичигдэж байна. Энэ жагсаалтыг Португалын К.Роналдо 4 гоолтойгоор тэргүүлж байна. 

Нигерийн шигшээ баг гурван оноо авч хэсэгтээ хоёрт бичигдлээ. Мөн өчигдөр Хорватад хожигдсон Аргентиний шигшээ багт Нигерийн хожил ашигтай болж ирлээ. Учир нь Нигер, Аргентиний тоглолт зургадугаар сарын 26-д болно. Мөн энэ өдөр хоёр хожилтойгоор хасагдах шатанд өрсөлдөх нь тодорхой болсон Хорват Аргентинтай тэнцсэн Исландтай тоглоно. Энэ хэсгээс Нигер, Исланд гарах уу эсвэл Аргентинд боломж олдох уу гэдгийг гурван хоногийн дараа харах юм. 

  1. Хорват – 6 оноо (2 хожилтойгоор цааш өрсөлдөх эрхээ авсан)
  2. Нигер – 3 оноо (1 хожил, 1 хожигдол)
  3. Исланд – 1 оноо (1 тэнцээ, 1 хожигдол)
  4. Аргентин – 1 оноо (1 тэнцээ, 1 хожигдол)

Энэ хэсгийн сүүлийн тоглолт зургадугаар сарын 26-д болж, хасагдах шатанд өрсөлдөх нэг баг тодорно. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж