“Тэнгэрийн ташуур” балетыг амралтын өдрүүдэд тоглоно

Хуучирсан мэдээ: 2018.06.22-нд нийтлэгдсэн

“Тэнгэрийн ташуур” балетыг амралтын өдрүүдэд тоглоно

“Тэнгэрийн ташуур” балетыг амралтын өдрүүдэд тоглоно

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр амралтын өдрүүдэд (2018.06.23-24) хөгжмийн зохиолч, бүжиг дэглээч А.Батдэлгэрийн “Тэнгэрийн ташуур” балетыг тоглох гэж байна. Энэхүү балетыг анх театрын тайзнаа одоогоос долоон жилийн өмнө тавьж байжээ.

“Тэнгэрийн ташуур” балет нь 2 бүлэг, 4 үзэгдэлтэй Монголын үндэсний балет юм. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том гүрнүүдийн нэг Хүннүгийн удирдагч Атилла хааны дэлхийг чичрүүлж явсан үеийг тус балетээр үзүүлсэн байна. Тэрээр Ромын хаадын нүүр рүү нулимж, нойргүй хонуулж, заримынх нь сүнсийг зайлуулж явсан бөгөөд тэднээс “Тэнгэрийн ташуур” хэмээх хочийг авсан гэдэг.

Атилла хаан болон Хүннү цэргүүдийн хүч чадал, эр зориг, сүр жавхааг харуулсан түүхийг сэлэмт бүжгээр УДЭТ-ын уран бүтээлчид илэрхийлэн харуулжээ.

“Тэнгэрийн ташуур” балетын тайзны зураачаар УДБЭТ-ын Ерөнхий зураач Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар, хувцас загварыг УДБЭТ-ын хувцасны дизайнер СТА Г.Оюун нар ажилласан байна. 

Сонгодог бүтээлийг амилуулахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг хүмүүсийн нэг бол удирдаач юм. Тус бүтээлийн удирдаачаар АНУ-ын Стенфордийн их сургуулийн профессор, удирдаач Жин Дон Кэй ажиллаж байсан бөгөөд энэ удаагийн тоглолтыг мөн удирдан тоглуулах гэж байна.

Алдарт Атилла хааны баатарлаг түүхийг өгүүлсэн “Тэнгэрийн ташуур” балетыг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа хоёр удаа тоглох юм.

Хөгжмийн зохиолч, бүжиг дэглээч А.Батдэлгэрийн “Тэнгэрийн ташуур” балет бямба, ням гаригийн 17:00 цагаас эхэлнэ.

Ч.ЧУЛУУН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж