Тоглолтын өмнө: БРАЗИЛ–КОСТА-РИКА, НИГЕРИ–ИСЛАНД

Хуучирсан мэдээ: 2018.06.22-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Тоглолтын өмнө: БРАЗИЛ–КОСТА-РИКА, НИГЕРИ–ИСЛАНД

Тоглолтын өмнө: БРАЗИЛ–КОСТА-РИКА, НИГЕРИ–ИСЛАНД

Бразил – Коста-Рика

Өнөөдөр дэлхийн аваргын D хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтууд эхлэж байна. Эхний тоглолт дэлхийн таван удаагийн аварга Бразилын шигшээ баг Коста-Рикагийн шигшээ багийн эсрэг Санкт-Петербург хотын “Крестовский” цэнгэлдэх хүрээлэнд 20.00 цагт эхэлнэ. Бразил болон Коста-Рикагийн шигшээ багууд өмнө нь 10 удаа таарч тоглосны хоёр удаад нь дэлхийн аваргын дэвжээн дээр тоглож байжээ. Нийт 10 удаа тоглоход Бразилын шигшээ баг есөн удаа хожиж байсан бол Коста-Рикагийн шигшээ баг 1960 оны Панамерикийн АШТ-нд 3-0 харьцаатай Бразилыг хожиж байжээ.

Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:

  • Бразил: А.Бекер, Фагнер, Т.Силва, Миранда, Марсело, Каземиро, Паулиньо, Виллиан, Ф.Коунтиньо, Неймар, Г.Жесүс

  • КостаРика: К.Навас, Ф.Сальво, О.Дуарте, Ж.Акоста, Г.Гонсалес, К.Гамбоа, К.Боргес, Д.Гузман, Б.Руиз, Й.Венегас, М.Урьена

Бразилын шигшээ баг эхний тоглолтондоо Швейцарын шигшээ багтай тэнцсэн бол Коста-Рикагийн шигшээ баг Сербийн шигшээ багт хожигдоод байгаа. Иймд энэ тоглолт хоёр багт маш чухал бөгөөд аль аль нь хожил авахын төлөө тоглоно. Хэрвээ Коста-Рикагийн шигшээ баг хожигдвол дэлхийн аваргаа бараг өндөрлүүлнэ. Харин Бразилын шигшээ баг хожигдвол хэсгийн сүүлийн тоглолтонд заавал хожиж байж дараагийн шатанд шалгарах эрхтэй болно.

Бразилын Неймар энэ тоглолтонд өмнөх тоглолтоос илүү бэлэн болсон гэнэ. Неймараас болгоомжилж байгаагаа ч өрсөлдөгч Коста-Рикагийн дасгалжуулагч хэлсэн. Бразилын шигшээ баг Данилогийн оронд Фагнерыг гараанд гаргаж байна. Харин тэдний өрсөлдөгч Коста-Рикагийн шигшээ баг гарааны тоглогчид дундаа ямар нэгэн өөрчлөлт хийсэнгүй. Энэ тоглолтонд Коста-Рикагийн шигшээ багт дэлхийн аваргаа өндөрлүүлэх эсэхийг шийдэх тоглолт болно. Мэдээж энэ тоглолтын ялагч нь Орост “ногт” ганзгалан ирсэн Бразилын шигшээ баг байна.

Нигери – Исланд

Волгоград хотноо Нигери болон Исландын шигшээ багуудын тоглолт 23.00 цагт эхэлнэ. Хоёр баг өмнө нь 1981 онд нэг удаа нөхөрсөг тоглолт хийхэд Исландын шигшээ баг 3-0 харьцаагаар Нигерийн шигшээ багийг буулган авч байсан. Тэгвэл одоо 190 орчим сая хүн амтай, 900 мянга гаруй км.кв талбайтай Африк тивийн хамгийн олон хүн амтай Нигери улс 350 мянган хүн амтай, Атлантын далайн хойт хэсэгт галт уулаас гаралтай арал дээр орших Исландын шигшээ багийн эсрэг хоёр дахь удаагаа тоглох гэж байна.

Хоёр багийн таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:

  • Нигери: Ф.Узохо, а.Шеху, У.ТроостЭконг, Л.Балогун, Б.Идову, В.Ндиди, Жон Оби Микел, О.Этебо, Ю.Мосес, О.Игало, А.Ивобу

  • Исланд: Х.Халльдоурссон, В.Севарссон, К.Арнасон, Р.Сигурдссон, Х.Магнуссон, Э.Хадльвредссон, А.Гуннарссон, Г.Сигурдссон, Б.Бьяднасон, Р.Гисласон, А.Финнбогасон

Анх удаагаа дэлхийн аваргад оролцож буй Исландын шигшээ баг санаснаас илүү сайн тоглолтыг үзүүлж байна. Харин Европын ТОП лигүүдэд тоглодог олон шилдэг тоглогчидтой Нигерийн шигшээ баг маш хангалтгүй тоглож байгаа. Энэ удаа хоёр баг шийдвэрлэх тоглолтоо хийж байгаа бөгөөд Исландын шигшээ баг хожил авч чадвал хэсгээс гарах боломжоо үүсгэх бол Нигерийн шигшээ баг анхны хожлынхоо төлөө талбайд гарна.

Энэ тоглолтонд Исландын шигшээ багаас жигүүрийн довтлогч Й.Гудмундссон шилбэний зовиурын улмаас оролцож чадахгүй болсон бол Нигерийн шигшээ багаа А.Муса оролцохгүй ажээ. Хоёр багийн эхний тоглолтын агуулгаас харвал Исландын шигшээ баг илүү хожих эрмэлзэлтэй, талбай дээр маш эмх цэгцтэй сайн тоглолтыг үзүүлж байсан. Иймээс Исландын шигшээ багийн ялах магадлал илүү өндөр байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж