Өдөр тутмын сонины сэтгүүлч охин уржигдар шүүхийн өмнө баахан бүлтэгнэв. Ажлаа хийснийхээ төлөө ийн ээрүүлсэн ч азаар анхан шатны шүүхээс ямар ч гэсэн ялгүй мултарлаа. Сониных нь удирдлага болон хүний эрхийн байгууллагынхан тэр шүүх хуралд сууж харагдсан. Харин Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийг төлөөлж хэн ч очсонгүй. Тодруулбал, МСНЭ-ийн ерөнхийлөгч Т.Баасансүрэн гишүүнээ өмөөрч ганц хуудас цаас ч илгээсэнгүй. Монголын сэтгүүлчид өмнөө барих, өмөөрөх хүнгүй болчихсоныг бид эндээс дахин харав. Магадгүй тэр сэтгүүлч эх сурвалжаа нягтлаагүй, бүр бусдыг гүтгээд биччихсэн, зуун хувь буруутай байсан ч гэсэн Т.Баасансүрэн дарга “хүнээ” хайж тэнд очих л ёстой байсан. Гэвч тэгсэнгүй. Уг нь тэр Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчөөр албан ёсоор ажиллаж байгаа л юм бол, чөлөөт хэвлэл, эрх чөлөө энэ тэр гэж цуцалтгүй тэмцдэг нь үнэн л бол ингэх үүрэгтэй байлаа. Т.Баасансүрэн онолын олон ном гаргасан нь үнэн. Өмнөх нийгмийн үеийн хэвлэлийн гол “цавчуур” гэгддэг байсан Намын төв хорооны Үзэл суртлын хэлтсийн орлогчоор олон жил ажилласан тэрбээр энэ хавар ч сэтгүүлчдийн байгууллагын 60 жилийн ойд мөн л иймэрхүү байдлаар хандсан билээ. Хаваржин л “Морь уралдуулж, бөх барилдуулахаа больё гэхэд түүхэн талаас нь ядаж хандсан бол. Ийм ч удирдлага байх гэж” хэмээн олон сэтгүүлч халаглаад өнгөрсөн. Шулуухан хэлэхэд иймэрхүү “амьгүй албатууд” байгаа цагт цаашдаа ч олон сэтгүүлч шүүхийн өмнө очиж болзошгүйг Т.Баасансүрэн ерөнхийлөгч энэ удаа харууллаа даа.
Н.Мөнхтөвшин
"Улс төрийн тойм" сонин