Эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эмч, эмнэлгийн ажилчид өнөөдөр /2018.06.22/ орон даяар хугацаагүй ажил хаялт зарлаж байгаагаа мэдэгдсэн. Ажил хаялтын шалтгаан нь эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх, сувилагчийн орон тоог нэмэгдүүлэх, хөдөлмөр, аюулгүй байдлыг хангахыг Засгийн газраас шаардаж байгаа юм. Ажил хаялт хэрхэн явагдаж байгааг сонирхон Улсын нэгдүгээр төв эмнэлэгт очлоо. Амбулаторын хаалгаар ороход олон хүн холхиж байв. Угтагчаас эмнэлэг хэвийн ажиллаж байгаа эсэхийг асуухад “Манайх өнөөдөр урьдынхаараа ажиллаж байна. Ажил хаялтын талаар асуух гэж байгаа бол таван давхарт гараад, Захиргааны хэсгээс асуу” гэв.
Эмнэлгийн ажилчдын амьжиргаа, амьдрал гундуу байна
Тиймээс тус эмнэлгийн эмнэлзүй эрхэлсэн захирал Д.Чулуунбаатараас Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн ажил хаялтад оролцох эсэх талаар асуулаа. Тэрбээр “Одоогоор манайх хэвийн ажиллаж байна. Ажил хаялтад оролцох, чухам ямар оролцоотой байх нь тодорхойгүй байна. Эмнэлгийн ажилчдын амьжиргаа, амьдрал гундуу байна. Авсан цалин нь амьдралдаа хүрэлцэхгүй байна. Хамгийн хүнд ажил хийж байгаа хэрнээ цалин багатай болохоор сувилагч олдохоо болилоо. Яривал асуудал их байна. Гэвч ажил их байгаа тул ажлаа хиймээр байна. Ямартай ч одоогоор манайх хэвийн ажиллаж байна” гэлээ.
Харин эмч нараас яриа авах гэсэн болов ч “Ямар их ажилтай байгааг харж байгаа биз дээ. Ажлаас өөр юм ярих зав алга”, “Өөр хүнээс авчих. Би завгүй байна” гэсээр яаран алхаж, ажлаа шамдан хийж байв.
Эмч нар ажил хаяж болохгүй
Эмч, эмнэлгийн ажилчдын ажил хаялтын талаар үйлчлүүлэгчдийн сэтгэгдлийг сонслоо. Ч.Саруулсайхан “Эмч нарын цалин бага амьдралд нь хүрэлцдэггүйгээс цалингаа нэмүүлэхээр олон удаа суулт зарлаж, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Энэ бүхнийг зурагтаар харж байлаа. Гэвч эмч нарын тэмцэлд хариу өгөөгүй тул тэдэнд ажил хаяхаас өөр сонголт үлдсэнгүй. Миний хувьд бөөр шилжүүлэн суулгуулсан тул байнгын хяналтад байдаг. Эмч нар ажил хаячихвал надаас эхлээд олон хүний эрүүл мэнд, амьдралд хүндрэл учирна. Тиймээс эмч, эмнэлгийн ажилчид ажил хаяж болохгүй. Тэдний шаардлагыг Засгийн газар хүлээж аваад, цалинг нь нэмэх хэрэгтэй байна. Өдөр бүр эмнэлгээр үйлчлүүлдэг, эмнэлгээс хараат хүн олон бий. Би өнөөдөр энд ирэхээсээ өмнө “Ажиллаж байгаа болов уу” гэж их эргэлзэж байж ирсэн” гэлээ. Харин эмч, эмнэлгийн үйлчилгээг хэрхэн сайжруулах талаар асуухад “Эмнэлэгт ачаалал их байдаг тул орон нутгаас ирж үйлчлүүлж байгаа хүнд хүндрэлтэй байдаг. Энэ байдлыг сайжруулах хэрэгтэй байна” гэв.
Эмч нар харилцаа, ур чадвараа сайжруулах хэрэгтэй
Мөн зарим үйлчлүүлэгч нэрээ нууцлахыг хүсээд “Эмч нарын цалинг нэмэх нь зөв. Тэд маш их ачаалалтай ажилладаг ч авсан цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй байгаа нь ч үнэн. Тиймээс тэдний цалинг улсын төсөвт хүндрэл учруулалгүйгээр, үе шаттайгаар нэмэх хэрэгтэй. Харин эмч нар харилцаа, ур чадвараа сайжруулах хэрэгтэй. Улсын эмнэлгээр үйлчлүүлэхэд хүнд сурталтай байдаг нь үнэн. Энэ нь ажлын ачааллаас болдог байж болох ч бид эмнэлгээр үйлчлүүлэх гэж “бөхөлздөг” гэж байлаа.
Эмч нар ажил хаяхаа мэдэгдсэн ч одоогоор эмнэлгүүд ажиллаж байна. Гэхдээ жинхэнэ утгаараа ажил хаяж магадгүй юм. Энэ үед Ч.Саруулсайхан шиг эмнэлгээс хараат хүний амьдрал хэрхэн шийдэгдэх вэ.
Р.Ренчиндулам