Замын цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2018 оны зургаадугаар сарын 18-22-ны өдрүүдэд ослын шинжтэй 742 дуудлага бүртгэгджээ. Хамгийн ноцтой нь зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг хүн нас барж, 40 хүн гэмтсэн бол орон нутагт нэг хүн нас баржээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Халдвартын эмнэлгийн урд замд бага оврын автобусны жолооч овог нэр нь тодорхойгүй эрэгтэйг мөргөж гэмтээжээ. Улмаар гэмтсэн иргэн Гэмтэл согог судлалын төвд эмчлүүлж байгаад нас барсан байна.
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 33 жолоочид 7-30 хоног баривчлах шийтгэл оноосон аж. Эдгээр өдрүүдэд алба хаагчид хулгайд алдагдсан тээврийн хэрэгсэл жолоодож явсан хоёр хэргийг илрүүлж харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлжээ. Иймд цагдаагийн байгууллагаас иргэдийг тээврийн хэрэгсэл жолоодохдоо анхаарал болгоомжтой байж, хурд хэтрүүлэлгүй зорчихыг анхааруулаа.
Э.Ариун