Сайн цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2011.08.25-нд нийтлэгдсэн

Сайн цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна

Ливийн ерөнхий сайд асан Мустафа Бен Халим, М.Каддафийн талаар өөрийн үзэл бодлыг илэрхийлж, сүүлийн үед болж буй үйл явдлын гол анхаарлын төвд байгаа  Ливийн босогчидыг дэмжиж буйгаа илэрхийлж, CNN агентлагийн сэтгүүлч Сусанна Палктай сонирхолтой яриа өрнүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

-Сайн байна уу, хүмүүс таныг 1954-1957 оны хооронд Ливи улсын ерөнхий сайдын албыг нэр төртэй хашиж байснаар тань мэднэ. Тиймээс тухайн үеийн Ливи улс одоогийнхтой харьцуулбал яг юугаараа өөрчлөгдсөн талаар дэлгэрэнгүй дүгнэж хэлэхгүй юу?

-Миний бодлоор ерөнхий сайд байсан хугацаа маань Ливи улсын хувьд хамгийн сайхан үе байсан гэдгийг одоо л ойлгож байна. Хэдийгээр би нас өндөр болсон ч тухайн үеийн дүр зураг миний нүдэнд тодоос тод үлдсэн. Манай улсын хувьд хөгжил цэцэглэлийн  оргил руу тэмүүлж байсан үе гэж хэлж болно. Хүн бүр улсынхаа гэсэн сэтгэлтэй, зальхай шунахай, ашиг хонжоо хайгаагүй, эгэл даруу байгаа бүхнээрээ баян цатгалан байсан тэр цаг сайхан. Одоогийн Ливийг тэр үетэй харьцуулах ч юм биш. Хүмүүсийн ихэнхи нь улсын хөрөнгөөр тоглож, хувьдаа завшиж, дайн байлдаан хийсээр байна. Ахмад настай дайчид, өвгөд дээдсээсээ ичиж зовно гэж үгүй болж.

-Та Ливийн удирдагч М.Кадда­фийг юу гэж бодож байна. Түүний “эх орноо гадныхнаас хамгаалж байгаа” гэх үзэл баримтлал хэр бодит бол?

-Миний мэдэхийн армийн жаа­хан хүүхэд гүйгээд байдаг байсан. Одоо том эр болсон харагдана лээ. Тухайн үед жаахан залуу дөнгөж армийн, бас боломжийн цол хүртчихээд “улс орноо хөгжүүлнэ, энэ тэрээ” гээд гүйгээд байсныг би санаж байна. Цаг хугацаа ямар ч хурдан өнгөрдөг юм. Одоо тэгтэл эх орноосоо хөөгдөх хэмжээнд нэр төр нь буусан байна шүү дээ. Уг нь түүний эцэг сайн хүн байсан юм сан. Анх 1949 онд “Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын баяр” тэмдэглээд л, шинэ Ливийг босгох талаар тухайн үеийн дарга сайд нартай хэлэлцээд л байсан. Харин хүү нь ийм хувь тавилантай байна гэж огт зүүдэлсэнгүй явж. Сайн муу замын мууг нь сонгож л дээ. Одоо тэгээд балаг нь гарч “Дэлхий дахинаа булайгаа дэлгэх нь тэр” биз.

-Босогчид Ливийн Триполи хотыг эзлээд гурав, дөрөв хонож байна. Энх тайван цаг ирж байна гэдэгт та санал нийлэх үү?

-Энх тайван гэдэг үг чинь өөрөө маш гүн гүнзгий утга агуулагдаж байгаа. Яах вэ, дайн дуусдаг л юм байгаа биз. Үүний ард хичнээн эх, эцэг, үр хүүхдээ, хамаатан садангаа алдаж, асар том уй гашууд автсан бол миний нүдээр дайны дараах байдал хоёр дахиа үзэгдэх юм гэж даанч төсөөлж явсангүй. Дэлхий нийт манай улсыг газрын тосоороо баян орон гэдгийг мэднэ. Харин зарим нэг улс орон хэтэрхий бялдуучилж, хөрөнгө мөнгө хаяж байгаад нь нэг зүйл хэлмээр байна. Манай Ливи улсын газрын баялгаас нэг ч дусал хүртэнэ гэж битгий горьдоорой. Дэмий цаг үрсэн хэрэг болно шүү гэдгий хатуу анхааруулмаар байна. Триполи хотын хувьд газрын тос олборлодог томоохон стратегийн ач холбогдолтой хотын нэг нь үнэн. Харин М.Каддафийн дарангуйллын дараа шинэ засаг бий болохоор юу л болдог бол. Энэ тал дээр л эргэлзэж, тээнэгэлзэж байна. Гэхдээ сайн цаг ирнэ гэдэгт хэзээ ч би болон манай улсын ард түмэн итгэл алдардаггүй. Бид энэ байтугай л жаргал зовлон үзсэн.

-Ахмад Ерөнхий сайдын хувьд одоогийн нөхцөл байдалтай тулгуурлаад нэг зүйл асуумаар байна. Шинэ Ливи улсын төр засгийг хэрхэн шинээр босгох тал дээр хэлэх зөвлөгөө байна уу?

-Шинэ зүйл, шинээрээ л байх ёстой учраас хуучны авлигад холбогдсон хэн ч байсан шинээр солих л хэрэгтэй гэж бодож байна. Хэн хэнийгээ алаад хаячихгүй, боловсролтой сайн боловсон хүчин л шинээр цус сэлбэх хэрэгтэй байх. Энэ нь эцсийн дүндээ ард түмний хараалийг ч идэхгүй байх. Хэрэв хуучны архагууд цэвэрлэгдэхгүй үлдэх юм бол хуучны үнэр үнэртсээр л байх болно.

-Манай студид хүрэлцэн ирж, Ливийн түүхийг амилуулсанд талархаж байна. Эрүүл энхийг хүсье.  

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж