‘Дээд хууль ба байгалийн баялаг” сэдэвт бага хурлыг өнөөдөр /2018.06.22/ МАХН-аас зохион байгууллаа. МАХН 2016 оноос Дээд хууль буюу шинэ Үндсэн хуулийг боловсруулж, олон эрдэмтэн, судлаач, хуульчид оролцож өргөн бүрэлдэхүүнээр ажиллажээ. Хуулийнхаа үндсэн суурийг гаргаад 2017 оны эхнээс 21 аймаг, есөн дүүргийн иргэдтэй газар дээр нь очиж уулзалт хийж, танилцуулж, тэдний саналыг авсан байна. МАХН, Монголын Үндэсний Ардчилсан нам, Монголын ногоон нам, Иргэний зориг ногоон намуудын зүгээс Үндсэн хуулийг үндсээр нь өөрчлөх шаардлагатай. Ингэхдээ байгалийн баялгийнхаа үр өгөөж, ашиг шимийг Монгол Улсын иргэн бүр хүртэх ёстой гэдэг саналыг тэд хэллээ.
МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар:
-Өнгөрсөн 27 жилийн хугацаанд бид монголынхоо баялгийг гаднынханд найр тавин үнэгүй өгч цөөхөн олигарх бүлэглэл хэт баяжиж, гурван сая иргэн нь ядуурч, 27 тэрбум төгрөгийн өрөнд орсон. Өнөөдөр Монгол иргэн бүр 20 сая төгрөгийн өртэй. Тийм учраас нэн даруй Үндсэн хуулиа өөрчлөх шаардлагатай. Манай намын боловсруулсан Шинэ дээд Үндсэн хууль хоёр жилийн хугацаанд боловсруулагдсан. Гаднын 50 гаруй орны Үндсэн хуультай харьцуулж үзсэн. Шинэ дээд Үндсэн хуулиар монгол хүний эрх ашиг, түүний дотор байгалийнхаа баялгийг ашиглах заяагдмал эрхээ эдлэхийг олгож өгч байгаа юм. Шинэ дээд Үндсэн хуулийг батлах юм бол Монгол Улсын эрчимтэй хөгжиж, улс орны эдийн засаг эрчимтэй өснө. Монгол иргэн бүр жилдээ хэдэн арван сая төгрөгийн ашиг ноогдлыг байгалийн баялгаасаа хүртэнэ. Одоогийн байдлаар Шинэ дээд Үндсэн хуулийг дэмжин 100 гаруй мянган хүн гарын үсгээ зураад байна. Цаашид Монголын ард түмний олонх нь дэмжих хандлагатай байгаа. 1992 онд баталсан Үндсэн хууль өнөөдөр мухардалд орчихсон. Үүнийгээ өөрчлөхгүйгээр Монгол Улс хөгжихгүй. Ард түмний амьдрал ядуу хэвээрээ л байх болно. Цөөхөн хэдэн луйварчид байгалийн баялгийг хүртэж байна. Өнөөгийн парламентад үр дүнтэй ажиллачих боловсон хүчин, хүний нөөц ч алга. Шинэ гишүүдийн хувьд эхний хоёр жилд сурах, танилцах арга барилд л суралцаж байна.
Иргэний Зориг Ногоон намын дарга Ц.Ганхуяг:
-Эрдэнэт үйлдвэр 12 жилийн дотор өөрийн хөрөнгө оруулалтаа нөхсөн байдаг. Өөрөөр хэлбэл, Монголын тал ашгаа хүртэж эхэлсэн гэсэн үг. Оюутолгойн хувьд ТЭЗҮ-ээр 2023 оноос монголчууд ашиг хүртэж эхэлнэ гэж тооцоолсон. Гэтэл Дубайн гэрээг байгуулсны дараа нөхцөл байдал өөрчлөгдөж, тухайн үеийн Ерөнхий сайд нь ‘2037 онд Монголчууд ашиг хүртэнэ’ гэж хэлсэн байдаг. Гэтэл өнөөдөр бодит байдалд 2048 оноос нааш ашиг хүртэхгүй гэдгийг баталгаатай хэлнэ.
Монголын ногоон намын УЗ-ийн гишүүн Н.Анхбаяр:
-Монголын ногоон нам нийгэмд шударга ёсыг бий болгохын тулд Монгол Улсад орж ирж буй гадаадын хөрөнгө оруулалтын 10 хувийг нийгмийн дундын өмч болгох буюу Ирээдүйн санд төвлөрүүлэх саналыг дэвшүүлж байгаа юм. Уг сан нь төр, олон нийтийн хяналтын дор үйл ажиллагаа явуулах шаардлагатай бөгөөд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс МАХН-ын боловсруулсан Шинэ дээд Үндсэн хуульд “Ирээдүйн сан” гэдгийг бүлэг болгон оруулах шаардлагатай байгаа юм. Ирээдүйн сангийн мөнгийг боловсрол, эрүүл мэнд, орон сууц зэрэг хүн амынхаа нийгмийн хэрэгцээнд зарцуулах юм.