Хүүхдийг багваахай цэцгээр бүү тоглуул

Хуучирсан мэдээ: 2018.06.22-нд нийтлэгдсэн

Хүүхдийг багваахай цэцгээр бүү тоглуул

Хүүхдийг багваахай цэцгээр бүү тоглуул

Урин дулааны улиралтай зэрэгцэн ургамлын тоосны харшил олон хүнийг зовоодог. Дэлхийн хүн амын 40 хувь нь ямар нэгэн харшилтай байдаг ажээ. Харин Монгол Улсын иргэдийн 23 хувь нь ургамлын тоосны харшилтай. Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дунд харшил нэмэгдэж байгаа бөгөөд дийлэнх хувийг хүнсний харшил эзэлж байна. Далайн гаралтай бүтээгдэхүүн, өндөг зэрэг нь харшил ихээр үүсгэдэг тул хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо үүнийг анхаараарай.  

Мөн хүүхдүүд тоглох дуртай багваахай цэцэг нь харшил үүсгэх эрсдэлтэй ажээ. Энэ талаар  Монголын харшил судлалын нийгэмлэгийн нарийн бичиг, АШУҮИС-ийн багш Л.Наранцэцэг “Багваахай буюу шар цэцэг хамгийн түрүүнд цэцэглэдэг бөгөөд харшил төрүүлэгч уургийг ихээр агуулдаг. Хүүхдүүд энэ цэцгээр тоглох дуртай. Бүр амандаа хийгээд л тоглоод байдаг. Ингэж болохгүй. Шарилж, лууль, багваахай зэрэг нь хөл газрын буюу хогийн ургамал бөгөөд харшил үүсгэх өндөр эрсдэлтэй. Шарилж болон ургамлын харшилтай хүн багваахайнаас харшилтай байдаг гэсэн үг. Тиймээс энэ цэцгээр тоглож болохгүй” гэлээ.   

Түүнчлэн харшил удамшдаг бөгөөд аав болон ээж харшилтай бол хүүхэд харшилтай төрөх магадлал 75 хувьтай байдаг аж. Харин аль нэг нь харшилтай бол хүүхэд харшилтай болох эрсдэл 50 хувь байдаг юм байна. Мөн тамхи татдаг ээжээс харшилтай хүүхэд төрөх эрсдэл өндөр байдаг ажээ.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж