Хуучирсан мэдээ: 2018.06.22-нд нийтлэгдсэн

Ц.Нямдоржийн дээрэм

Ц.Нямдоржийн дээрэм

“Би эцэг хүний хувьд хүүдээ туслахаар утсаар ярьж өгсөн төдий” хэмээн хүү Н.Анхбаярынхаа “Эрдэнэт”-д шахсан 2.5 тэрбумын асуудалд тайлбар хийж зогссон Ц.Нямдорж сайд өчигдрийн чуулганы хуралдаан дээр “Миний бие болохгүй бол Захиргааны шүүхийг татан буулгана шүү” гэж сүрдүүлснээс харвал “Эрдэнэт”-ийг ямар ч хамаагүй аргаар дээрэмдэх зорилгод нь иргэний эрх зөрчигдөх эсэх нь түүнд түй ч хамаагүй бололтой. Орондоо хууль засдаг Ц.Нямдорж одоо хуулиар айлгаж, иргэний өмч, иргэний эрхийг төрийн нэрээр дээрэмдэж авна аа л гээд сүрдүүлээд сууж байна. “Би хулгай хийхгүй байхыг, тендерт хүйтэн гараа дүрэхгүй байхыг, нууц гэрээ байгуулахгүй байхыг ёс зүй гэж үздэг” гэж нэгэн цагт ярилцлага өгч байсан түүний ёс зүй нэг иймэрхүү. “Эрдэнэт” дээр сүүлчийн ганц цамцаа урагдтал зүтгэхээ нэгэнтээ хэлж байсан түүний сүүлчийн арга нь иргэнийхээ эрхийг хайчлах байсан уу гэх асуулт.

Эхлээд Эрдэнэтийг дараа нь иргэний эрхийг?

Төрийн албанд 15 жил ажилласан танил бүсгүйг маань нэг л өдөр агентлагийн дарга нь ямар ч шалтгаангүйгээр ажлаас нь халчихсан. Оронд нь эрх баригч намын, сайдын хамаатан бүсгүйг дарга нь ажилд авчээ. Агентлагийн даргынхаа гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзээд шүүхэд хандсан бөгөөд шүүхийн шийдвэр түүний талд гарснаар ажилдаа буцаан орсон. Энэ бол Монголын төрд бугшсан үзэгдэл л дээ. Хэрэвзээ Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилсан хууль батлагдах юм бол сайд, дарга нар хэн дуртайгаа халж, хэн дуртайгаа авах биз. Намын харъяалал, бүлэглэлүүдийн талцал, сайдын үзэмжээс шалтгаалаад 2016 оноос хойш 25 мянга гаруй төрийн жинхэнэ албан хаагч халагдаж, солигдсон гэсэн судалгааг “Хүний эрх шударга ёс хөгжлийн төв”-өөс гаргасан байдаг. Хамгийн сүүлд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Баярсайханыг ажилд нь буцаан томилох шүүхийн шийдвэр гарсан билээ. Хэрэвзээ Ц.Нямдоржийн санаачилж, УИХ-д өргөн барьсан Захиргааны ерөнхий хуульд оруулж буй өөрчлөлтөөр Б.Баярсайхан болон иргэн О нар хаана, хэндээ хандах нь тодорхойгүй, “ноёнтой заргалдах” эрхгүй үлдэх юм.

Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуульд оруулж буй “Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй” гэх өөрчлөлт иргэнд биш эрх мэдэлтэй хүмүүст үйлчилнэ гэсэн үг.

Захиргааны шүүх дээр очдог нийт маргааны дийлэнх нь Засгийн газрын харъяа байгууллагуудтай холбоотой байдаг, яам, агентлаг, засгийн гаргасан шийдвэрийнх ихэнх нь шүүх дээр очоод бурууддаг. Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайдын зүгээс Засгийн газрын шийдвэрийг Үндсэн хуулийн Цэц хянана гэж суугаа нь үнэндээ гавьяат хуульч хүний хувьд хэлж буй гэнэн тайлбар. Захын хуульч “Үндсэн хуулийн Цэц Засгийн газрын шийдвэр үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянадаг. Тиймээс Захиргааны байгууллагуудын шийдвэр Монгол Улсын хуулийг зөрчсөн эсэхийг Цэц хянах боломжгүй” гэдгийг мэднэ дээ, уг нь. УИХ, Засгийн газраас “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах шийдвэрийг гаргаснаас хойш энэ асуудал жил гаруй хугацаанд үргэлжилж, Засгийн газрын шийдвэр шүүх дээр очоод унах болсон. Иймээс “Эрдэнэт”-д зориулж оруулж ирсэн гэх хардлага дагуулаад байгаа Хууль зүй, дотоод хэргийн сайдын хайчинд иргэний эрх өртөж буйд гол эсэргүүцэл нь явж байна. Энэ тухайд хуульчид “Төрийн албанаас хэн нэгнийг үндэслэлгүйгээр халсан, аль нэг компанийн тусгай зөвшөөрлийг хууль бусаар цуцалсан зэргийг шинэ хуулийн төсөлд оруулсан заалтаар бол Захиргааны хэргийн шүүх хянахгүй, иргэн хүн өөрийнх нь хууль ёсны эрх хөндөгдсөн тохиолдолд аль шүүхэд хандах нь тодорхойгүй, эрхийн хамгаалалтгүй үлдэж байна” гэх эсэргүүцэл, шүүмжлэл хэлж байна.

Нөгөө талаар энэ хууль батлагдвал хөрөнгө оруулалт үргэх аюултай. Дээрэмчин төртэй наймаа хийх бизнесмен олдох уу даа, ер нь. Тэгэхээр зөвхөн “Эрдэнэт”-ийг дарж авах гэсэн Хууль зүй, дотоод хэргийн сайд иргэдийнхээ эрхэнд болоод эдийн засагтаа халдаж эхэллээ. Түрээсийн байранд амьдардаг, зурагтгүй сайд хувийн эрх чөлөө, хувийн өмчийн тухай юугаа ч мэдэх вэ дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж