Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас хэрэгжүүлсэн болон хэрэгжих төслүүдийн талаарх семинар өчигдөр (2018.06.21) Гадаад харилцааны яамны Зөвшилцлийн танхимд боллоо. Семинараар ‘Төв Азид өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь’ төслийн тайлангийн танилцуулгыг хийсэн.
Семинарын нээлтэд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат оролцож, жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамтран ажиллаж буй олон улсын байгууллагын төлөөлөгчдөд хандан үг хэлсэн юм. Тэрбээр, ‘ХХААХҮЯ нь жижиг, дунд үйлдвэрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхдээ олон улсын байгууллагуудын хийсэн судалгаа, өгсөн үнэлгээ, зөвлөмжийг тусгадаг. Цаашид жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн чадавхийг дээшлүүлэх, инноваци, технологи нэвтрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зэрэгт хамтран ажиллахыг хүсч байна’ гэлээ.
Өнөөгийн байдлаар Монгол Улсад 78 000 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 77 хувь буюу 60,630 нь жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамаарч байна. Статистикийн үзүүлэлтээс харахад жижиг, дунд үйлдвэрийн салбарт 719,172 хүн ажиллаж байгаа нь нийт ажиллах хүчний 67 хувийг эзэлж байна гэсэн үг. ДНБ-ий 17,8 хувь, экспортын бүтээгдэхүүний 2,3 хувийг үйлдвэрлэж буй жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд төрийн худалдан авалт, импортын гаалийн татвар, тарифын бодлогоор дэмжиж байна. Мөн чөлөөт худалдааны гэрээ байгуулсан орнуудад бүтээгдэхүүн экспортлоход нь дэмжлэг үзүүлж, олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцох бололцоогоор хангаж өгдөг. Түүнчлэн бизнес эрхлэгчдийн ур чадварыг дээшлүүлэх, үндэсний томоохон үйлдвэрлэлийг түшиглэсэн жижиг, дунд үйлдвэрийн кластерыг бий болгоход чиглэсэн тодорхой ажлууд хийж хэрэгжүүлж байгаа юм.
Эх сурвалж: ХХААХҮЯ