Монголын бизнесийн зөвлөлийн мэдэгдэл

Хуучирсан мэдээ: 2018.06.22-нд нийтлэгдсэн

Монголын бизнесийн зөвлөлийн мэдэгдэл

Монголын бизнесийн зөвлөлийн мэдэгдэл


2018 оны 6 сарын 21-ний өдөр                                                                                                                                         Улаанбаатар хот

Монгол Улсад бизнес эрхэлж буй бүх л компани татварын шударга, ойлгомжтой хуулийн орчныг бий болгохыг зорьж буй билээ. 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын (ААНОАТ) тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын Чуулганаар хэлэлцэж, буцаахаар шийдвэрлэсэн байна. Уг хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэгт Монголын бизнесийн зөвлөл (МБЗ), Америкийн худалдааны танхим (АмЧам)-ийг Рио Тинто компанийг төлөөлж, тэдний ашиг сонирхлыг илэрхийлсэн гэх буруу ташаа мэдээллүүд хэвлэл мэдээллээр цацагдсан билээ. МБЗ болон АмЧам аливаа нэг компанийн эрх ашгийг тусгайлан төлөөлдөггүй. Мөн тодруулахад АмЧам-ийн Удирдах зөвлөлийн даргаар Стэфэн Поттер ажиллаж байгаа. Камерон Макрей нь Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн даргын үүргийг гүйцэтгэж буй юм.

МБЗ улс төрөөс ангид байгууллага бөгөөд улс төрийн үйл явцад хөндлөнгөөс оролцдоггүй. Түүнчлэн манай 265 гишүүдийн 60 хувийг Монголын компаниуд бүрдүүлдэг.

2018 оны 5 дугаар сард Улсын Их Хуралд өргөн барьсан ААНОАТ-ын тухай шинэчилсэн хуулийн төсөлд бидний өгсөн санал нь ирээдүйн хөрөнгө оруулалтын орчинд сөргөөр нөлөөлж буй зарим заалтыг засаж залруулахыг зорьж байв.

Сангийн яамны зүгээс уг хуулийн хэлэлцүүлгийн хүрээнд бидний хүргүүлсэн саналыг татвараас зайлсхийх, татварын суурийг багасгах зорилготой хэмээн тайлбарласан нь бидний эрмэлзэл биш юм. Харин бид татвар төлөгчийн хувьд татварын баазыг тэлэх, эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлэхүйц хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад анхаарч байна.

Уг хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийн явцад МБЗ бусад бизнесийн холбоодын санал бодлыг нэгтгэн Сангийн яамд хүргэж байсан юм. ААНОАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан жижиг, дунд аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн эерэг зүйл заалтуудыг бизнесийн холбоод дэмжиж байгаа.

Бидний зүгээс хөрөнгө оруулалтын орчныг дэмжихээр илгээсэн зарим саналууд Засгийн газраас өргөн барьсан ААНОАТ-ын шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдаагүй байсан бөгөөд зургаан бизнесийн холбоо (АмЧам, МБЗ, СЕО клуб, Монголын үндэсний уул уурхайн ассоциаци, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Австралийн худалдааны танхим) уг хуулийн төслийг цаашид нэмж сайжруулах шаардлагатай гэж үзсэн. Монголын эдийн засагт үзүүлэх хөрөнгө оруулалтын эерэг нөлөөг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд зургаан бизнесийн холбоод хамтран 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Улсын Их Хурлын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны гишүүд, холбогдох бусад гишүүдэд хаягласан албан захидал хүргүүлсэн билээ. Уг захидлын хуулбарыг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хэвлэл мэдээллээр нийтэлсэн.

Энэхүү захидал дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн саналыг илэрхийлсэн болно. Сангийн яамны өргөн барьсан хуулийн төслийн зарим зүйл заалтууд нь шинэ хөрөнгө оруулалтыг дэмжих нөхцөл байдлыг бүрдүүлэхгүй байгаад бид голчлон санаа зовж байна.

Бизнесийн холбоод Монгол Улсын Засгийн газартай ойр ажиллаж, татварын баазыг тогтвортойгоор нэмэгдүүлэхээс гадна хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж, эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлэхийг эрмэлзэж байна.

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛИЙН ГҮЙЦЭТГЭХ ХОРОО
2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж