Ургац хураалт өчигдрөөс эхэллээ | News.MN

Ургац хураалт өчигдрөөс эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.08.25-нд нийтлэгдсэн

Ургац хураалт өчигдрөөс эхэллээ

Ус цаг уурын хүрээлэнгээс ирэх сард ихэнх нутгаар хур тунадас орж, уулархаг нутгаар цастай байх нь гэсэн мэдээллийг өгсөн нь тариаланчдыг яаравчлан хөдлөхийг сануулж буй. Энэ талаар өчигдөр Улсын ургацын комисс хуралдлаа. Хуралдаанаар ургацын урьдчилсан балансын танилцуулга хийж, тариа хураах үеэр анхаарууштай зарим зүйлийн талаар мэдээлэл өглөө.

Хурлын эхэнд ХХААХҮ-ийн сайд, Ургацын комиссын дарга Т.Бадамжунай, “Энэ жилийн тариалалтад хоёр эерэг зүйл өмнөх жилүүдийнхээс илүү анзаарагдлаа. Нэгдүгээрт, нэг га талбайгаас авах дундаж ургацыг энд дурьдмаар байна. Өнгөрсөн жил бид 13.4 хувьтай байсныг багагүй үзүүлэлт гэсэн үнэлгээг өгч байсан бол энэ жил 14.5 хувьтайгаар ургацын баланс тогтоогдсон. Энэ бол том тоо. Нөгөө талаас энэ жил ургацын талбай, орчин сайтай байлаа. Наад зах нь зэрлэг ургамал байсангүй. Ургацын чанар, чансааг алдагдуулж, бүтээгдэхүүний үнэ ханшид нөлөөлдөг хөндлөнгийн зүйлс тохиолдсонгүй. Хоёрдугаарт, энэ жилийн ургац болцын хувьд нэлээд эрт хураах шаардлагатайг харууллаа. Өмнөх жилүүдийн дунджаас 7-10 хоногийн өмнө тариа хураалтын ажил эхэлсэн.  Уржигдраас эхлэн тариа ангилалтын ажил эхэлж, хураалтын ажил өнөөдрөөс орон даяар өрнөж байна” хэмээн ярьсан юм.

Ургацын баланст дурьдсанаар энэ жил улсын хэмжээнд 427 мянган тонн үр тариа, үүнээс 419 мянган тонн буудай, 174.3 мянган тонн төмс, 90.5 мянган тонн хүнсний ногоо, 8.9 мянган тонн тосны ургамал, 24.3 мянган тонн малын тэжээл нийт 724.3 мянган тонн ургац хураан авах тооцоо гаргаад байна. Мөн энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үр тариа хураах техникийг нэлээд сайжруулжээ. Тэр дундаа үр тариа хураах комбайн 19, цэвэрлэх машин 35 ширхгийг худалдан авч иргэд, аж ахуйн нэгж болон дундын үйлчилгээний зориулалтаар олгож байгаа аж.

Хурлын үеэр тариа хураахад тулгарч буй асуудлаар улсын комиссын гишүүд саналаа илэрхийлсэн юм.

Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын газрын орлогч дарга Д.Пүрэвбаяр: УРГАЦ ХУРААЛТЫН ҮЕД ШАТАХУУНЫ НӨӨЦ ХАНГАЛТТАЙ

-Манай яамнаас үндсэндээ газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нөөцийн тал дээр нэлээд үүрэгтэй оролцоно. Газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдэл энэ сарын 23-ны байдлаар улсын хэмжээнд АИ-80 шатахуун 7517, АИ-92 шатахуун 9492, дизель түлш 41485 тонн байгаа юм. Үүнийг хоногт шилжүүлвэл А-80 шатахуун 21, АИ-92 шатахууны хувьд 22 хоногийн нөөцтэй байгаа юм. Харин ургац хураалтад түлхүү ашигладаг дизель түлшний хувьд 32 хоногийн нөөцтэй байна. Өөрөөр хэлбэл ургац хураалтын үед хангалттай нөөцтэй байгаа. Нэг анхаарах асуудал бол ургац хураах үеийн жижиглэнгийн борлуулалтын үнийг тогтвортой барих талаар яамнаас компаниуд болон харъяа агентлагт чиглэл өгч ажиллаж байна. Мөн үтрэм, агуулахуудын эрчим хүчний хангамж тал дээр анхаарах шаардлагатай байна. Эрчим хүчээр таслахгүй, найдвартай хангах тал дээр арга хэмжээ авна.


Тариалан, гурил үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Ш.Гунгаадорж: МЕХАНИК БОЛЦ БОЛЧИХСОН БАЙХ ВИЙ

-Энэ жил арвин сайхан ургац авах гэж байгаа нь сайшаалтай. 419 мянган тонн ургац авна гэлээ. Үнэхээр үүнийгээ авч чадах уу үгүй юу гэдэгт дүгнэлт хиймээр байна. Хоёр хувийн хаягдал гаргана гэсэн байна. Энэ боломжтой бол бас сайшаалтай. Харин энэ жил ургац эрт болсон нь сарын сүүлээр нэлээд халсантай холбоотойгоор механик болц болчихов уу гэсэн хардлага байна. Арай болоогүй байхад нь нар нэлээд хүчтэй шарсаныг бид мэдэж байгаа. Ийм болц болчихов уу. Хэрвээ тийм бол энэ хэчнээн га талбайг хамрав. Энэ мэтээр бас бодож үзэх асуудал олон байна. Механик болц гэдэг нь огт хэрэггүй болоод хорчийчихдог юм биш. Би олон удаа механик бололтын тариа хурааж үзсэн. Тарианы хувьд ингэж болсон бол бага зэрэг жижигхэн, масс багатай байдаг. Тэгэхээр энэ сарын сүүлчээр ургацын балансыг дахиж авч үзэх шаардлага бий байх гэж бодож байна.


“Улаанбаатар төмөр зам” ТӨХК-ний Тээвэр эрхэлсэн орлогч дарга Д.Жигжиднямаа: ОХУ-ААС 80 ВАГОН ТҮРЭЭСЛЭНЭ 

-Улаанбаатар төмөр замын хувьд 2010-2011 онд 3540 вагон үр тариа ачсан байна. Өнгөрсөн жил 1410 вагон төмс, хүнсний ногоо тээвэрлэсэн. Энэ нь өмнөх жилүүдийнхээс 30 хувиар өссөн үзүүлэлт байна. Энэ жилийн урьдчилсан захиалгыг харж байхад баланст байгаа тогоос 20 орчим хувиар илүү ургацын тээвэрлэлт хийх төлөвлөлттэй байна. Тээвэрт орох вагоны тоо өнгөрсөн оныхоос бага зэрэг буурсан. Битүү вагонуудын цөөнгүй хэсэг нь ашиглалтаас гараад байгаатай холбоотой. Өнөөдрийн байдлаар 50 битүү вагон үр тарианд, 20 ийм вагоныг төмс, хүнсний ногоонд ашиглахаар болоод байна. Мөн энэ долоо хоногт  үр тариа тээвэрлэх 80 тусгай вагон ОХУ-аас түрээсээр авч ашиглах гэрээг байгуулаад тохиролцооны сүүлийн шатандаа ороод байгаа. Энэ долоо хоногийн сүүлээр шийдэх болов уу.

Т.Есөн-Эрдэнэ

"Улс төрийн тойм" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж