Зах зээлд байгаа борлуулагдаагүй орон сууцуудыг төр худалдан авч төрийн албан хаагчдад урьдчилгаагүй, хүүгүй зээлээр олох асуудлыг судалж байгаа гэнэ. Тодруулбал, зах зээл дээр борлуулагдаагүй байгаа орон сууцуудыг тодорхой хувийг төр худалдаж авч, орон сууцанд орох хүсэлтэй төрийн албан хаагчдад урьдчилгаагүй, хүүгүйгээр олгож болох эсэхийг судалж байгаа юм байна.
УИХ, Засгийн газраас өнгөрсөн нэгдүгээр сард улсын хэмжээнд баригдаж байгаа орон сууцны тоо, мөн борлуулагдаагүй орон сууцны тоог гаргаад, борлуулах арга хэмжээ авах тогтоол гарсан. Энэ хүрээнд Барилга, хот байгуулалтын яамнаас ажлын хэсэг гарч, судалгаа хийжээ. Судалгаагаар,
Улсын хэмжээнд баригдаж байгаа 72 мянган орон сууц
- Улаанбаатар хотод 59 мянга
- Орон нутагт 12 мянган айлын орон сууц баригдаж байна гэсэн тоо гарчээ.
Үүнээс 6390 айлын орон сууц борлогдоогүй байна. Үүний 5822 нь Улаанбаатарт байгаа бол хөдөө орон нутагт 568 айлын орон сууц борлогдоогүй байгаа юм байна. Тиймээс Улаанбаатар хотод байгаа борлогдоогүй орон сууцуудыг энгийн зориулалтаар, бизнесийн зориулалтаар борлуулах стандарт тогтоож ангилжээ. Үүнээс хамгийн хямд нь нэг метр квадрат нь 1.6 сая төгрөгийн үнэтэй 2118 орон сууц байгаа гэсэн тоо гаргажээ. Энэхүү 2118 орон сууцыг эргэлтэд оруулахаар судалгаа, ажлын хэсгийн түвшинд ярьж байгаа гэв.
Энэ талаар БХБ-ын сайд Х.Баделхан:
-Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар төрийн албан хаагчдыг орон сууцжуулах боломж байдаг юм байна. Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчдыг орон сууцтай болгох үүргийг төр хүлээдэг. Энэ хүрээнд улсын хэмжээнд байгаа төрийн албан хаагчдын орон сууцны хангалтын судалгааг хийсэн. Судалгааны дүнгээр улсын хэмжээнд 192 мянган төрийн албан хаагч ажиллаж байна. Нийт төрийн албан хаагчийн тавны нэг нь буюу 60 орчим мянга нь л дэд бүтцэд холбогдсон орон сууцтай байдаг юм байна. Өнөөдрийн байдлаар орон сууц хүссэн төрийн албан хаагч 56 мянга байна. Тиймээс бэлэн байгаа орон сууцыг төрийн албан хаагчдад олгох боломж байгаа юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Харин хэрхэн олгох, хөрөнгийн эх үүсвэрийг хаанаас гаргах вэ гэдгийг Сангийн яамтай ярьж байгаад шийднэ. Өнөөдрийн байдлаар бол манай улсын эдийн засгийн байдал маш хүнд байгаа. Төсвийн орлогын 50 хувийг өр, зээлд өгч байна. Энэ нөхцөлд төрийн албан хаагчдыг орон сууцтай болгох ямар боломж байна вэ гэдгийг бид судалж байгаа. Хуваарилалтыг нь гаргасан. Одоо хөрөнгийн эх үүсвэр л гол асуудал болж байгаа. Хуулийн дагуу 45 хувь хүртэл төлбөр тооцоо хийж болно.
Судалгааны үр дүн
Ш.ЧИМЭГ