ДАШТ: Франц, Хорват цааш өрсөлдөх эрхээ авлаа

Хуучирсан мэдээ: 2018.06.22-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

ДАШТ: Франц, Хорват цааш өрсөлдөх эрхээ авлаа

ДАШТ: Франц, Хорват цааш өрсөлдөх эрхээ авлаа

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний долоо дахь өдрийн мэдээллийг хүргэе. Өнгөрсөн шөнө гурван тоглолт болсон бөгөөд зарим багууд хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авсан бол зарим нь гэртээ буцах тийзээ захиаллаа.


Дани, Австралийн тоглолт тэнцээгээр өндөрлөлөө

Дани-Австрали 1:1

  • Гоол: К.Эриксен 7′, М.Единак 38′

“С” хэсгийн Дани, Австралийн тоглолт Самара хотын “Самара Арена” цэнгэлдэхэд болсон. Тоглолт 1:1-ээр тэнцээгээр өндөрлөж, багууд нэг нэг оноо авлаа.

Данийн К.Эриксен тоглолт эхлээд долоон минутад эхний гоолыг оруулж, тоглолтыг даничууд тэргүүлж эхэлсэн. Гэвч энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Австралийн М.Единак 38 дахь минутад тэнцээний гоолыг оруулснаар эхний үе өндөрлөсөн. Хоёр баг сүүлийн 45 минутад олон довтолгоог гаргасан ч амжилттай болгож чадсангүй. Энэ тоглолтын талбайн шүүгчээр Испанийн Лахоз ажилласан бөгөөд тэрбээр VAR видео хянагчийг ашигласан.

Данийн шигшээ баг хэсгийн эхний тоглолтод Перуг 1-0-оор хожсон. Тэд энэ тоглолтод Австралийн шигшээ багийг хожиж чадвал хасагдах шатанд өрсөлдөх эрхээ бараг л авах байсан юм. Гэвч даничууд энэ тоглолтоос нэг оноо авснаар дөрвөн оноогоор хэсгээ тэргүүлсэн хэвээр үлдлээ.

Харин эхний тоглолтод Францад хожигдсон Австралийн шигшээ баг заавал хожих даалгавартай талбайд гарсан ч тэнцээ хийснээр анхны оноогоо авлаа. Австралийн хувьд байдал хүнд орж, хэсгээсээ шалгарах нь эсэх нь бүрхэг байна. Сүүлийн тоглолт бүх зүйлийг шийдэж өгөх боллоо.

Франц хожсоноор Перу гэртээ харихаар боллоо

Франц-Перу 1:0

“С” хэсгийн Франц, Перугийн тоглолт Екатеринбург хотын төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Тоглолтын цорын ганц гоолыг Францын залуу тоглогч Мбаппе хийж, багаа ялалтад хөтөллөө. Франц С хэсгийг зургаан оноотойгоор тэргүүлж эхлэв.

Хэсгийн эхний тоглолтод Австралийг 2:1-ээр хожсон францчууд Перуг хожвол хэсгээ тэргүүлэх бүрэн боломжтой байсан. Харин Перу заавал хожиж байж цааш өрсөлдөх боломжоо хадгалах байсан юм. Өмнө нь хоёр баг ганцхан удаа буюу 1982 онд нөхөрсөг тоглолт хийхэд Перугийн шигшээ багийн ялалтаар өндөрлөж байжээ. Тэгвэл өнөөдрийн тоглолтод Францын шигшээ баг 36 жилийн өмнөх ялагдлын хариугаа авах, цаашлаад дэлхийн аваргын хасагдах шатанд өрсөлдөх эрхээ олж авахын төлөө тоглосон. Тоглолт францчуудын ялалтаар өндөрлөж, тэд зургаан оноотой болж, хэсгээ тэргүүлэн цааш хасагдах шатанд өрсөлдөх эрхтэй болж байна.

Харин Перугийн шигшээ баг хоёр дараалан хожигдсоноор нэр төрийн сүүлийн тоглолтоо Австралитай хийхээр боллоо.

‘С’ ХЭСЭГ

  1. Франц – 6 оноо (2 хожил)
  2. Дани – 4 оноо (1 хожил, 1 тэнцээ)
  3. Австрали – 1 оноо (1 тэнцээ)
  4. Перу – 0 оноо (хэсгээсээ шалгарах боломжгүй болсон)

Энэ хэсгийн сүүлийн тоглолтууд зургадугаар сарын 26-д болно.

 

Хорват хэсгээсээ шалгарч Аргентин хүнд байдалд орлоо

Аргентин – Хорват 0:3

  • Гоол: Ребич, Лука Модрич, Иван Ракитич

Өчигдөр “D” хэсгийн Аргентин, Хорватын тоглолт Нижний Новгород хотын Нижний Новгород цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Өмнөх тоглолтод Нигерийг хожиж, эхний гурван оноогоо авсан Хорват хожил авбал хэсгээсээ шалгарах эрхээ авах байсан. Тэгвэл Исландтай тэнцсэн Аргентин заавал хожих даалгавартай талбайд гарлаа. Учир нь Дэлхийн 5 удаагийн шилдэг хөлбөмбөгчин, дэлхийн аваргын мөнгөн медальт алдарт Лионель Андрес Месси тэргүүтэй аргентинчуудад хожлын гурван оноо хэрэгтэй байсан юм. Харамсалтай нь тийм зүйл болсонгүй.

Тоглолтын эхний 45 минутад гоол оролгүй өндөрлөлөө. Хоёрдугаар үед хорватчуудын давамгайлал өрнөж, Ребич эхний гоолыг оруулж тэргүүлж эхлэв. Удалгүй Лука Модрич 80 дахь минутад хоёрдахь гоолыг хийсэн бол шүүгчийн мэдлийн 91 дэх минутад Иван Ракитич дахин гоол орууллаа. Хорватчууд хэсгээ зургаан оноогоор тэргүүлж шөвгийн 16-д өрсөлдөх эрхээ авсан бол аргентинчүүдэд маш хүнд нөхцөл байдал тулгараад байна.

1978, 1986 оны дэлхийн аварга Аргентины шигшээ баг хамгийн сүүлд 2014 оны Бразилд болсон ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн. Дөрвөн жилийн өмнө ганц ч хожигдол, тэнцээгүйгээр хагас шигшээд хүрсэн бөгөөд Нидерландын шигшээ багтай тэнцэж, пенальтаар ялалт байгуулж шигшээ тоглолтод шалгарч байсан. Гэвч шигшээ тоглолтод Германы багт хожигдон мөнгөн медаль хүртэж байжээ. Тэгвэл тэд энэ удаа хэсгээсээ шалгарах эсэх нь бүрхэг боллоо.

D хэсэг

  • Хорват – 6 оноо (2 хожилтойгоор хасагдах шатанд шалгарлаа)
  • Исланд – 1 оноо (1 тэнцээ)
  • Аргентин – 1 оноо (1 тэнцээ)
  • Нигер – 0 оноо

Энэ хэсгийн сүүлийн тоглолт зургадугаар сарын 26-д болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж