Цэнгэлдэх наадамчдаа угтахад бэлэн үү?

Хуучирсан мэдээ: 2018.06.21-нд нийтлэгдсэн

Цэнгэлдэх наадамчдаа угтахад бэлэн үү?

Цэнгэлдэх наадамчдаа угтахад бэлэн үү?

Дэлхийд ганцхан дээлтэй наадам айсуй… Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын бэлтгэл ажил ид дундаа өрнөж байна. Арваад хоногийн өмнө Баяр наадмыг зохион байгуулах  комиссынхон бэлтгэл ажилтай танилцахад Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүгээс баяр наадамд бэлэн гэдгээ мэдэгджээ. 

Бид наадмын бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгааг сурвалжлахаар Төв цэнгэлдэхийг зорьсон юм. Биднийг очиход Төв цэнгэлдэх эзгүй байсан учир хажууханд нь байрлах Үндэсний сурын талбайг зорив. Харваачид энд цэц мэргэнээ сорьж байх тул энэ жилийн наадмын өнгийг тольдлоо. Дээл хувцсаа өмссөн тэд сур харвасны дараа уухайлан байв. Энэ жилийн улсын наадмаар 540 гаруй харваачид цэц мэргэнээ сорих ажээ. Сур харвааны тухайд наадмын өмнө буриад болон урианхай харваагаар эхлүүлж, наадмын өдөр Халх харваа буюу үндэсний сур харвааг явуулдаг уламжлал тогтоод удаж байгаа билээ. Сурын зайн хувьд эрэгтэй 75 метрээс, эмэгтэй 65 метрээс харвана. Хүүхдийн хувьд наснаас хамааран зай талбай нь өөр байдаг гэж харваачид тайлбарлаж байв. Энэ үеэр тэдний  сэтгэгдлийг сонслоо.

Үндэсний их баяр наадамд 540 харваач оролцоно

Монголын үндэсний сурын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүрэлбаатар “Ирэх долоо хоногийн даваа гаригаас талбайн засварын үйл ажиллагааг дуусгаж наадамчин олноо хүлээж авах бэлтгэлдээ орно. Энэ сарын 23-24-нд сур харвааны Улсын аварга шалгаруулах тэмцээн Хэнтий аймагт зохион байгуулагдана. Энэ тэмцээн нь наадмын өмнөх маш том сорилго болж өгдөг. Харин улсын баяр наадамд 540 хүн оролцоно. Бэлтгэл ажил ерөнхийдөө сайн хангагдаад явж байна. Жил ирэх тусам наадамд оролцох харваачдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Тиймээс чансаагаар нь ялган баяр наадамдаа оролцуулдаг. Мөн өсвөрийн харваачдыг 9-11, 12-14, 15-17 нас гэж гурав ангилна. Найман наснаас доош хүүхдийг балчир насанд хамруулдаг юм. Жилд дунджаар 100 гаруй хүүхэд тэмцээнд оролцож цэц мэргэнээ сорьдог” гэв.

Улсын аварга шалгаруулах тэмцээн харваачдад маш том сорилго болж өгдөг

Спортын мастер, аймгийн мэргэн Б.Одмандахтай харваачдын бэлтгэлийн үйл явцын  талаар цөөн хором ярилцлаа.

-Наадмын бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ? 

-Харваачид маань таван сарын эхний хоёр долоо хоногт нээлтийн харваа хийдэг. Ерөнхийдөө нээлтийн харваанаас хойш бэлтгэл жигдэрч эхэлдэг. Хэдхэн хоногийн дараа Улсын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Энэ тэмцээн нь харваачдад наадмын өмнөх маш том сорилго болж өгдөг.

-Харваачид тэмцээнд оролцохын тулд өөрийгөө хэрхэн бэлддэг вэ?

-Харваачид бэлтгэлээ хувьдаа базаана. Тэгэхдээ нумаа тааруулах, биеийн хүч өөрийгөө тааруулах, бэлтгэл сургуулилтаа базаадаг. Наадмын өмнөхөн багууд гал болж гардаг. Тэр нь яадаг вэ гэхээр тамирчид бэлтгэл, нойр хоолоо тааруулах, наадмын харвааны хэмнэлд биеэ дасгахаас эхлүүлээд бэлтгэл ажлаа хангана. Аливаа наадмын бэлтгэл хувь хүнээс өөрөөс нь шалтгаалдаг. Нэн тэргүүнд нумаа тохируулж, нумандаа тохирсон сумтай байх хэрэгтэй. Түүнээс гадна эрхийвч, эдлэл хэрэглэл нь таарч байж байгаа онодог. Тийм учраас харваачид техникийн бэлтгэл хийхээс өмнө материаллаг бааз, эдлэл хэрэглэлээ сайн бэлддэг. Үүний дараа техникийн бэлтгэлдээ ордог. Техникийн бэлтгэлд гарын задаргаа, гарын тулалт, атгалт, зэргийг тааруулдаг. Харваа гэдэг бол тухайн өдрийн цаг агаар, харваачийн биеийн онцлог гээд л маш олон зүйлсээс шалтгаалдаг.

Харваачид жилийн дөрвөн улирал бэлтгэл хийдэг

Улсын гарамгай харваач Б.Аззаяа “Наадмын бэлтгэл ажил ерөнхийдөө жигдэрсэн байна. Би 2006 оноос эхлэн Үндэсний сурын харваагаар хичээллэж байна. Эрийн гурван наадам гэж ярьдаг шүү дээ. Эмэгтэй хүн бөх барилдаад, морь унана гэж байхгүй. Эрийн гурван наадамд эмэгтэй хүн оролцож байгаа ганц төрөл нь сур харваа шүү дээ. Миний хувьд бэлтгэлээ сайн хийж байгаа. Харваачид маань жилийн дөрвөн улиралд бэлтгэлээ хийнэ. Өвөлдөө биеийн хүчний бэлтгэлийг түлхүү хийдэг” гэв.

Наадмын засварын ажил долоодугаар сарын 1-нд дуусна

Дашрамд, наадмын нээлт хоёр цаг гаруй үргэлжилж Н.Наранбаатар найруулахаар болжээ. Тэрбээр “Монгол орон мөнхөд бат оршиг” агуулга дор сэдэвчилсэн уран бүтээлийн цогц шийдлээр нээх бодолтойгоо хэлж байсан. Наадмын нээлтийн ёслол нэг цаг 40 минут орчим үргэлжлэхээр төлөвлөсөн бол хүндэтгэлийн концертыг нэг цаг 20 минутад багтаах аж. Наадмын нээлт, хаалтын арга хэмжээнд Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид оролцож байгаа юм.

Энэ удаагийн наадамд зориулж Засгийн газраас 2,9 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Баталсан төсвийн хүрээнд энэ оны долоодугаар сарын нэгэн гэхэд засвар, тохижилтын ажлыг бүрэн дуусгасан байхыг үүрэгджээ.

Мөн өнгөрсөн жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн орчмоор худалдаа, үйлчилгээ, нийтийн хоол, хуушуурын 500 зөвшөөрөл олгож байсан бол энэ жил 400 болгож цөөрүүлжээ. Баяраар Мэргэжлийн хяналтын газраас 350 байцаагч, явуулын лаборатори ажиллах юм байна. Энэ нь наадамчдын тав тух, аюулгүй байдлыг хангах үүднээс явган хүний гарц, автомашины зогсоол зэргийг нэмэгдүүлж буйтай холбоотой юм. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж