О.Тэмүүжин: “Эмоци” продакшныг байгуулсан нь маш зоригтой алхам

Хуучирсан мэдээ: 2018.06.21-нд нийтлэгдсэн

О.Тэмүүжин: “Эмоци” продакшныг байгуулсан нь маш зоригтой алхам

О.Тэмүүжин: “Эмоци” продакшныг байгуулсан нь маш зоригтой алхам

‘Боловсрол’  суваг телевизийн контент “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн гуравдугаар улирлын дугаарт Эмоци” продакшны жүжигчин МУСТА О.Тэмүүжин оролцож байгаа билээ.Түүнтэй амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.


 өөрийгөө 100 хувь биш 200 хувь дайчилна. 

-“Яг түүн шиг-3” шоу VII дугаарын ялагч болсон танд баяр хүргэе. Анх энэхүү шоунд оролцох санал тавихад  хэрхэн хүлээж авсан бэ?

–Шоунд оролцох саналыг сонсоод гоё санагдсан боловч нөгөө талаас маш том айдас, хариуцлага хамгийн түрүүнд бодогдсон. Ямартаа ч  өөртөө таарсан дүрийг өөрийнхөө хэмжээнд чадах чинээгээрээ бүтээгээд явж байна даа.

-Үзэгчид ч танаас их зүйл хүлээж байгаа харагдсан. Учир нь өмнөх шоунд жүжигчин Т.Бархүү өөрийн авьяас чадварыг гайхуулсан шүү дээ. Таныг түүнтэй харьцуулаад байх шиг санагдсан?

-Т.Бархүүгээс илүү зүйлийг надаас шаардаж байгаа учир би шоундоо маш хариуцлагатай оролцох хэрэгтэй болж байна даа. /Инээв/ Хүн болгон ““Яг түүн шиг-2” шоунд жүжигчин Т.Бархүү сайн оролцсон. Энэ жилийн шоунд Тэмка сайн оролцох юм байгаа биз дээ” гээд л байгаа. Тийм болохоор эдгээр хүмүүсийн сэтгэлд нь хүртэл үзүүлбэрээ үзүүлж чадахгүй бол яана гэсэн айдас маш их байна. Үзэгчид маань надад маш том итгэл найдварыг хүлээлгэсэн. Тэр ч утгаараа үзэгчдийнхээ итгэл найдварыг алдчихгүй байх юмсан гэж хичээж оролцож байгаа. Түүнээс биш нэр хүнд хөөж энэ шоунд  орох нь миний зорилго биш. Чухам хэр оролцоод явж байгааг би  дүгнэж хэлж чадахгүй. Харин  үзэгчид маань шударгаар дүгнэх байх.

-Шоуны II дугаарт шүүгч Г.Ганхүү “Жүжигчдийг энэ шоунд оруулахгүй байя” гээд ам алдаад авсан. Үүнийг харсан үзэгчид шоуны шүүгч нар Тэмкаг дараад байна гэх утгатай постыг цахим хуудаснаа бичиж харагдсан. Та энэ талаар сонссон л байлгүй?

-Үзэгчдээс тухайн үед “Өнөөдөр түрүүлээгүй ч гэсэн дараагийн дугаарт заавал түрүүлээрэй”,”Монголын ард түмэн чамайг дэмжиж байгаа шүү” гэхчлэн маш олон сайхан сэтгэгдлүүд ирсэн. Анхны дугаараас эхлээд одоог хүртэл урмын үгс ирсээр байгаа. Үзэгчдээс ирж байгаа  сайхан сэтгэгдлүүд, үзэгчдийн алга ташилт Тэмка гэдэг хүнд дараа дараагийн шатандаа улам их хичээх итгэл урмыг өгдөг.

Шоуны үзүүлбэрийн дараах facebook хуудсан дээрх миний зургийн like-ний тоо, youtube хуудсаар миний бичлэгийг үзэж байгаа хандалтын тоо надад ирж байгаа хамгийн том урам. Хамгийн том шагнал маань л тэр. “Эмоци” продакшны Тэмка гэдэг хүнийг өөр талаас нь  үзэгчдэдээ нээж харуулъя өөрийнхөө оногдсон дүр болгоныг сайн тултал хийе гэж бодон дугаар бүр дээр хичээн оролцож байна. Саяхан л эхлээд явж  байсан шоу аль  хэдийн  долоон дугаар өнгөрсөн байна. Одоо улам хэцүү шатууд эхэлнэ. Хоёр оролцогч  маань шоуг орхино. Үлдсэн зургаан оролцогч аваргын төлөө өрсөлдөнө.  Энэ болгон дээр Тэмка нь хичээгээд явж байгаа.

-Таны баззераар сонгосон дүрүүдээс хамгийн хэцүү нь ямар дүр байсан бэ?

Үнэндээ дуурайхад амархан дүр гэж байхгүй. Бүх л дүрүүд хэцүү. Мэдээж баззераар сонгосон дүрээ сайн  үзүүлэхийн тулд өөрийгөө дайчилж ачаалал авч ажиллах шаардлагатай болно. Миний хувьд баззер таарсан бүх л  дүрүүдэд сэтгэлээ шингээж ажилладаг. Дараагийн үлдсэн гурван шатанд ч гэсэн өөрийгөө 100 хувь биш 200 хувь дайчилна.

-Гэхдээ та баззераар сонгосон дүр болгоноо тултал үзүүлдэг. Хамгийн сонирхолтой нь тухайн алдартны хоолойг нь яаж тийм адилхан дуурайгаад байна вэ?

-Хамгийн гол нь тухайн  дуучнаа сайн судлаад онцлогийг нь сайн олж харах. Миний хувьд Укаг дуурайхад түүний хоолойны  темберийг гаргах эвтэйхэн байсан. Харин АНУ-ын поп дуучин Шер-ын хувьд цээжний хөндийгөөсөө дуулдаг эршүүд баргил хоолойтой учраас тэр онцлогийг  нь илүү гаргаж өгөхийн тулд хоолойных нь өнгөн дээр тулж ажилласан.

-Үзэгчид таныг их дэмжиж байгаа. Үзэгчдэд хандаж юу гэж хэлмээр байна вэ?

-“Яг түүн шиг-3” шоунд намайг оролцоно гэдгийг мэдсэн маш  олон хүмүүс дэмжиж, амжилт хүсч мэндчилгээ ирүүлсэн. Тийм болохоор Тэмка нь маш их урам авсан. Намайг дэмжиж байгаа бүх хүмүүстээ баярлаж байна. Та бүгдийнхээ итгэлийг алдахгүй улам их хичээж, чармайх болно. Надад саналаа өгч байгаа үзэгчдэдээ ч гэсэн баярлалаа. Мэдээж манай өрсөлдөгчид ч гэсэн мундаг байна. Манай өрсөлдөгчдийг ч гэсэн дэмжээрэй. Энэ шоунд оролцож байгаа бүх залуус мундаг залуучууд байгаа шүү. Бүгдийг нь дэмжээрэй. Тэмка нь та бүхнийхээ итгэлийг алдахгүй, өөрийгөө дайчилж оролцоно гэдгээ хэлмээр байна.

Эмоци” продакшныг байгуулсан нь маш зоригтой алхам болж чадсан

-Одоо шоуны талаарх яриагаа өндөрлөөд таны хувийн амьдрал, уран бүтээлийн талаар ярилцъя. Таны оюутан цагийн дурсамж  “Boom­town” хамтлагтай салшгүй холбоотой. Дуулж бүжиглэдэг хамтлагийн гишүүн байсан үеэ эргэн дурсвал?

-Хамтлагтаа их хайртай. Оюутан цагийн минь хамгийн сайхан үе. Хамтлагийнхаа  гоцлол дуучин байлаа. Хамтлагтаа бүхнээ  зориулж явсан бид одоо  өөр өөрсдийн эрхэлсэн ажилтай уран бүтээлч болж. Урлагт хөл тавих шатны эхний гишгүүр нь ‘Boom­town” хамтлаг маань байсан юм болов уу. “Boomtown’ гэдэг хамтлагаараа уран бүтээл хийхгүй л байгаа болохоос манай хамтлагийн гишүүд болох Б.Тамир, М.Баярбат нар “Фантастик” продакшныг байгуулаад амжилттай явж байна. Э.Алдар маань “Маск” продакшнд ажиллаж байгаа. Бид бүгд л мэргэжилдээ эзэн болж явна. Хамтлагийн гишүүд маань тус тусдаа уран бүтээлээ хийгээд явж байгаа ч гэсэн бид хоорондоо байнга холбоотой байдаг. 

-“Х-Түц” продакшнаас өрх тусгаарлан, өөрийн гэсэн продакшнтай болоод хэдий  таван  жил болжээ. Алдаа оноо, ахиц дэвшилтэй он жилүүд байсан нь мэдээж. Энэ тухайд?

-“Эмоци” продакшнаа байгуулаад таван хаврыг үджээ. Мэдээж өөрсдийн гэсэн хамтлаг байгуулаад явахад маш их хариуцлага, үүрэг даалгавар  нуруун дээр ирсэн. “Х-Түц” продакшнаас өрх тусгаарлаж “Эмоци продакшн”-ыг  байгуулахаар   гарахад манай ах эгч  нар биднийг маш сайн дэмжсэн. Өөрсдийн гэсэн хөлөг онгоцтой болоод түүгээрээ хэр хол аялахаа үзье гэсэн тэмүүлэлтэйгээр “Х-Түц” продакшнаас зориглон гарч байлаа. Энэ хугацаанд бид маш олон уран бүтээл хийсэн байна. Олон тайзны тоглолт дэлгэцийн уран бүтээл, хүүхдийн жүжиг, хоёр ч олон ангит  кино, дэлгэцийн бүрэн хэмжээний хоёр уран сайхны кино хийсэн байна. 

Өөрсдийн гэсэн байр сууриа олохын тулд,  хамтлагийнхаа өнгө төрхийг тодорхойлохын  тулд өнгөрсөн таван жил бидний хувьд сорилтын таван жил байлаа. Тэр ч утгаараа хүнд цаг үеийг туулж өнөөдөртэй золгосон. Таван жилийн өмнөхтэй харьцуулахад хамтлаг маань монголын ард түмэнд тодорхой хэмжээгээр  танил болоод,  дэмжих дэмжигчид, өөрийн гэсэн байр суурьтай болжээ. Уран бүтээл минь амжилттай явж байгаа учраас л бид өнөөдрийг хүртэл зогсохгүй явсаар байна. Бидний хувьд “Эмоци” продакшныг байгуулсан нь маш зоригтой алхам болж чадсан. Цаг үеэ мэдэрсэн зөв сонголт гэж боддог.

-“Эмоци” продакшн анх байгуулагдахдаа бусад хошин урлагийн хамтлагуудаас юугаараа онцгой байхыг зорьсон бэ?

-Мэдээж хошин урлагийн хамтлаг бүр өөрсдийн давуу тал онцлогтой. Манай хамтлагийн хувьд  энтертайнмент чиглэлээр дуу, бүжиг , жүжиг  гэхчлэн бүх зүйлийг  хослуулсан мюзикл хэлбэрийн уран бүтээлийг ихэвчлэн туурвидгаараа онцлог. “Эмоци” продакшн драмын урлагийн бүхий л  жанраар уран бүтээлээ  туурвих бололцоотой хамтлаг. Энэ бол бидний маш том давуу тал. Бид ирэх 2019 онд драмын жүжигт хүч сорино. Хамтлагийн маань жүжигчид харьцангуй залуу байна. Тэгэхээр маш их ирээдүй бидэнд бий гэж боддог. Ер нь тэгээд амжилттай сайхан явахаар улам л урам зориг ордог юм байна. Энэ их эрч хүч урам зоригоор үзэгчдэдээ чанартай, хүртээмжтэй сайхан уран бүтээлүүдийг хүргэхээр зорьж явна даа.

Миний эхнэрт эмэгтэй  хүнд байх ёстой  бүхий л  сайхан шинж чанарууд байдаг

-Таныг жүжигчин Г.Нарансолонгын  гэрийн цонхон доор зүрхэн хэлбэртэй гал асааж, дуулж уяраан эхнэрээ болгосон гэлцдэг. Энэ үнэн үү?

-Тэгсэн, тэгсэн /инээв/. Мессеж бичиж, болзоод л. Бид анх 2006 онд болзож байсан. Эхнэртээ төрсөн өдрийн сюрприз барьж гэрийнх нь цонхон доор  зүрхэн хэлбэртэй гал асаагаад голд нь дуулж байсан үе бий шүү.

-Нууц биш бол та эхнэрийнхээ ямар  зан чанарт татагдсан бэ ?

Миний эхнэрт эмэгтэй  хүнд байх ёстой  бүхий л  сайхан шинж чанар байдаг. Тэр маань их ухаалаг, эгдүүтэй, хөөрхөн төрх,зан ааш  гээд л бүх зүйлд нь татагдсан.

Араас нь  хэр удаан гүйж байж эхнэрээ болгов?

– Хугацааг нь хэлмээргүй байна. Нууц /инээв/ Их олон жил гүйсэн дээ.

Эхнэртэйгээ ажилдаа ч гэртээ ч байнга хамт. Урлагийн гэр бүл байхын жаргал зовлон юундаа байдаг вэ?

-Жаргал, зовлонгийн аль аль бий. Бид нэг зүйлийн  төлөө зүтгэж байгаа болохоор хамгийн сайхан. Бүгдийг хамтдаа туулж байгаа учраас түшигтэй байдаг юм. Хүүхдүүдээ  орхиод хөдөө  гадаа томилолтоор явах, урт хугацааны бэлтгэл гээд явах нь хэцүү. Хоёр талын аав, ээжүүд маань ч бидэнд маш их дэм болдог. Бэлтгэл,сургуулилт тоглолттой үед хүүхдүүдийг минь харж өгдөг. Гэр бүлдээ зарцуулах цаг маань их бага. Гэсэн ч  бид хоёрын хувьд хэцүү үеийг ч аз жаргалтайгаар даван туулдаг. /инээв/  

-Танай гэр бүл жилийн өмнө  гурав дахь хүүхдээ өлгийдөн авсан. Ер нь таны бодлоор гэр бүлийн аз жаргал юунд оршдог гэж боддог вэ?

-Гэр бүл хүний амьдралын хамгийн том цайз, хэрэм нь. Хүний ажил бүтэмжтэй сайн, сайхан байхад гэр бүлийн байдал хамгийн чухал үүрэгтэй. Өглөө гэрээсээ гарахад үр хүүхдүүд нь аз жаргал, баяр баяслаар дүүрэн, халуун дулаан уур амьсгалтай байвал тэр өдрийн ажлын бүтээмж илүү байдаг юм шиг санагддаг. Тиймдээ ч гэр бүл минь төлөв, түвшин байгаасай гэж хамгийн их хүсдэг. Ямартай ч би одоо л нэг дөмөгхөн эцэг хүн болж байгаа юм болов уу гэж бодоод байгаа юм. Цаашдаа ч гэсэн сайн аав, сайн өрх гэрийн тэргүүн байхын тулд хичээнэ. Мөн хүмүүст үлгэр дуурайл болохоор гэр бүл байх болно. Хэдий гэр бүлдээ цаг, зав зарцуулах үе хомсхон байдаг ч бүхий л зүйлийг амжуулахаар зорьж байна.

-Ярилцсанд баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж