Тавантолгойн асуудлаар Гурван талт хэлэлцээр хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

Тавантолгойн асуудлаар Гурван талт хэлэлцээр хийнэ

Гурвантаа хойшлуулж байсан Тавантолгойн асуудлыг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас гаргасан саналыг дэмжиж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулан, УИХ-аар хэлэлцэхээр болов. Өчигдөр өглөө эхэлсэн хуралдааны хэлэлцэх асуудлын зургадугаарт оруулж ирсэн яамны саналын талаар ч мэдээлэл бүрхэг хэвээр байна. Тавантолгойн орд газрын лицензийг төр, өөрөөр хэлбэл төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” эзэмшинэ, хамтрагчдаа сонгоно гэсэн ерөнхий мэдээлэл тараав. Засгийн газрын хуралдаанаас гарсан албан мэдээллээр бол Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах ажлыг түргэвчлүүлэх ерөнхий чиглэлийг тодорхойлсон гэж ойлгогдохоор байна. Үүнд хамгийн тодорхой байгаа нь Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ширээний ард Засгийн газар, ордын лицензийг эзэмшигч төрийн өмчийн “Эрдэнэс МГЛ” компани болон стратегийн хөрөнгө оруулагч гэсэн гурван субьект сууж Гурван талт хэлэлцээр хийнэ. Стратегийн хөрөнгө оруулагчийг хэрхэн сонгох талаар ч мөн нарийвчилсан журам, чиглэл гараагүй байгаа. Хөрөнгө оруулагч хэмээн ганц тоог илэрхийлэх үг сонгосныг бодохул доор дурдсан оролцогчдоос нэгийг нь шалгаруулах юм шиг. Үүнд одоогийнбайдлаар
-Бразилийн “Вале”, Энэтхэгийн “Жиндал Стилэнд Пауэр”, БНСУ-ын 11 компаниас бүрдсэн консерциум,
-ОХУ-ын хоёр компанийн консерциум ”Базовый элемент”, “Реново” уг нь гурван компани хамтрана хэмээж байсан боловч өнгөрсөн жил “Северстал” нэрээ татсан,
-АНУ-ын “ПибодиЭнержи” болон БНХАУ-ын “ШинхуаЭнержи” компанийн хамтарсан консерциум,
-ЯпонУлсын “МицуиэндКо” компани, мөнулсын “Иточу“ корпорациар ахлуулсан “Сожиц”, “Марубени”, “Сумитомо”компанийнконсерциум,
-Швейцари-Австралийн “Экстрата” компани,
-ОХУ-ын “Оросынтөмөрзам” нийгэмлэг,
-БНХАУ-ын “ЭрдосЧинглонКоул” групп орд ашиглах саналаа ажлын хэсэгт танилцуулаад байгаа. Эдгээрээс нэгийг сонгох уу, эсвэл гэдэг асуудал ч бас тодорхойгүй. Албаны хүний тайлбарласнаар бол яриа хэлэлцээр цаашид үргэлжлэх ёстой.
Сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд одоо Засгийн газарт хамгийн их хэрэгтэй байгаа урьдчилгаа мөнгийг өгч чадахыг нь л сонгоно гэхээр геополитек, стратегийн болон бусад асуудлууд хөндөгдөх гээд байгаа. Уг нь Сангийн сайд С.Баярцогтын 0,5-2,0 тэрбум ам.долларын урьдчилгаа авах боломжтой гэж хэлж байсан. Энд ч бас нарийвчлалтай тодорхой тоо байхгүй байгаа биз.
Хөрөнгө оруулагчийг шалгаруулахдаа чадварын үзүүлэлт, санхүү, техникийн санал, төслийн үе шат, төлөвлөлтийн талаар ирүүлсэн саналд оноо өгч, дээр дурдсан талуудад урилга хүргүүлснээс хойш 1,5-2 сарын дараа материалыг хүлээн авах юм байна.  
Тэгэхээр хамгийн гол асуудал болоод байгаа Монголын компаниудаа хэрхэх билээ гэсэн асуулт гарч ирж байгаа биз. Засгийн газрын хуралдааны албан мэдээлэлд дурдсан бас нэг бүрхэг ойлголт нь олборлолт хийх компани. Дээр дурдсанаар стратегийн хөрөнгө оруулагчаа сонгосны дараа Гурван талт хэлэлцээр хийж гэрээ байгуулна. Үүний дараа “Эрдэнэс МГЛ” олборлолт хийх компанитай жичдээ Олборлолтын гэрээ хийнэ гэжээ. Тэгэхээр хөрөнгө оруулагч компаниас гадна олборлолт хийх компани гэдэг дээр нь монголчууд хоншоороо шургуулах боломж гарч ирэх нь үү, үгүй юу л гэсэн бүрхэг найдвар төрөхөөр байна. Энэхүү олборлогч компани гэдэг нь дээр дурдсан консорциумууд л байх уу, эсвэл тэдэнтэй Монголын компаниуд нэгдэх үү, эсвэл дотоодын компаниуд дангаараа оролцох боломж байна уу гэдэг нь бүрхэг байна. Сонгон шалгаруулалтын журам гарсны дараа энэ бүхэн тодорхой болох ёстой гэнэ. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд болохоор оператори компани олборлолтоо хийнэ гэж хэлжээ. Үүнийг албаны хүн “Зөвхөн олборлолтоос гадна дэд бүтэц, зам тээвэр, ханган нийлүүлэлт гээд бүхий л хэлбэрээр монголчууд оролцох боломж гарч ирнэ шүү дээ” гэж тайлбарлахыг үзвэл олборлолтын шатанд ч Монголын компаниуд давуу оролцох боломж бүрхэг байгаа бололтой. Энэ бүх асуудлыг эцэслэн шийдэхээр тал бүрээс нь судалж ярилцаж байна гэж албаны хүмүүс тайлбарлаж байгаа юм.
Юутай ч Засгийн газрын хуралдаанд арайхийн шахамдуулж оруулж ирсэн саналыг Үндэсний аюулгүй зөвлөл ирэх долоо хоногт хэлэлцэх бололтой. Үүний дараа УИХ-аар хэлэлцүүлнэ. УИХ дэмжвэл саналаа илэрхийлсэн консорциумуудад урилга илгээж, саналыг нь хоёр сарын дотор аваад хоёр шатны хэлэлцээр хийнэ гээд Тавантолгойн галт тэрэг хөдөлтөл нэлээд л хугацаа шаардлагатай болох нь. Ямар ч л гэсэн “Би явж байна, Бээжин сууж байна” гэдэг шиг галт тэргийг хөдөлгөх дохио бол хангинаад эхэллээ дээ. УИХ-ын чуулганд ямар маргаан мэтгэлцээн өрнөхийг таахад хэцүү. Харин хөшигний цаана бол тулалдаан хэдийнэ эхэлж, ялагч тодорхой болоход ойрхон байна. Үүнд үндэсний компаниуд бага ч гэсэн “орой зай” хэлтэлж авахаар хэдийнэ  уралдаад эхэлсэн. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Уул уурхайн ассоциаци үндэсний компаниудаа дэмжиж, үзэлцэхээр зэхээд байгаа гэсэн.        

А.АЛТАНТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж