Монголын бадминтон сонирхогчдын холбооноос бадминтоны өсвөр, насанд хүрэгчдийн олон улсын тэмцээнийг эх орондоо зохион байгуулж байна. Спортын төв ордонд өчигдөр бадминтоны “Junior International Series 2018” өсвөр насны ангилалын тэмцээн эхэллээ. Тус тэмцээнд АНУ, Австрали, Англи, ОХУ, Казахстан, Сингапур, Вьетнам, Индонез, Герман, Япон, БНСУ, Энэтхэг, Макао, Тайланд, Монгол зэрэг 19 орны тамирчид оролцож байна.
Өсвөрийн тэмцээн ирэх ням гаригт өндөрлөнө. Мөн энэ сарын 27-оос долдугаар сарын 1-ний хооронд насанд хүрэгчдийн тэмцээнийг зохион байгуулах аж. Монголын бадминтон сонирхогчдын холбоо нь 2009, 2010, 2015, 2017 онуудад тус “International Series” ангилалын тэмцээнийг зохион байгуулж байсан бөгөөд 2017 оноос өсвөрийн тэмцээнийг давхар хүлээн авч байна.
“Токио-2020” Олимпийн наадам ойртох тусам олон улсын тэмцээнд оролцогчдын хүрээ тэлж байгаагаараа онцлог болж байна. Мөн Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Монголын бадминтон сонирхогчдын холбооны ерөнхийлөгч Б.Баттүшиг 2017 онд Дэлхийн бадминтоны холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон нь Монгол улсаас Олимпийн төрлийн спортын холбоонд сонгууль алба хашиж буй анхны тохиолдол болжээ.
Ч.БОЛОР