Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх гэж дугаарлаж хоножээ

Хуучирсан мэдээ: 2011.08.25-нд нийтлэгдсэн

Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх гэж дугаарлаж хоножээ

Ойрын өдрүүдэд иргэд “Хэзээнээс бүртгэж эхлэх вэ. Бүртгүүлчих юмсан” гэлцэх болов. Их, дээд сургуулиуд шинэ элсэгчдээ бүртгэж эхэлсэн. Гэх­дээ энэ ч яах вэ. Нэгэнт элсээд орчихсон юм чинь заасан хуга­цаанд нь бүртгүүлчихэд л болно. Харин бяцхан ч гэх юмуу чамгүй өрсөл­дөөнтэй ч гэх юмуу нэг үйл явдал өчигдөр нийслэл даяар өрнөсөн нь цэцэр­лэгийн хүүхдүүдийг бүртгүү­лэх ажил байлаа.

Уржигдар орой 20 цаг дөнгөж өнгөрч байв. Танил ах маань надруу утсаар ярьж байна. “Манай хажуу талын хүүхдийн цэцэрлэгийн үүдэнд хүмүүс хүүхдээ бүртгүүлэхийн тулд хонох гэж байна. Бас 10 дугаар хороололд ч цэцэрлэгийн үүдэнд хүмүүс хонож байгаа гэнэ” гэсэн юм. Ингээд энэ мэдээллийн дагуу уржигдар оройн 23.00 цагийн орчимд нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр цэцэрлэгийн гадаа очлоо. Цэцэрлэ­гийн хаалгыг хэдийнэ түгжсэн боловч хүүхдээ бүртгүүлэх гэсэн эцэг эхчүүд хашааны завсраар шур­гах нь шургаж, давах нь даваад орчих­сон байлаа. Цэцэрлэгийн үүдэнд  10 гаруй хүн байв. Зарим нь залхсан бололтой сандал дээр тэрийгээд хэвтчихэж. Тэнд нэг эмээ хүүдээ хоол, цайг нь уулгаж байгаа харагдана. Хам­гийн сүүлд өнгөрсөн сард Өмнөд Солон­гост ажиллах хүсэлтэй иргэ­дээс авах Солонгос хэлний шалгал­тад бүртгүүлэх гэсэн хүмүүс хөнжил, гудсаа авчраад бүртгэл явуулах газрыг сахиж хоносныг санаж байгаа байх. Бас өнгөрсөн жилийн намар иргэний шинэчилсэн бүрт­гэлд хамрагдахын тулд лавлагаа авах гэсэн, хамгийн гол нь “Хүний хөгжил сан”-ийн мөнгөө авах гэсэн иргэд хэдэн өдрийн турш Улсын Бүртгэлийн ерөнхий газрын үүдэнд хонож байв. Харин энэ удаа хоёр настай хүүхдээ цэцэрлэгт оруулах гэсэн эцэг, эхчүүд гадаа хоносон нь энэ. Нэг ёсондоо амьдралынхаа зарим  асуудлыг ший­дэх гэсэн иргэд гадаа хонохоос өөр аргагүй болдог нь хэвийн зүйл болжээ.

Цэцэрлэгийн үүдэнд байгаа хүмүүс­­тэй уулзахад “Үнэхээр эмгэ­нэлтэй санагдаж байна. Хүүхдийн цэцэрлэгийн тоо  хангалтгүйн улмаас ингэж гадаа нь сахиж хонохоос өөр арга алга. Энэ жил Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны цэцэрлэгийн бага ангид 30 хүүхэд бүртгэнэ гэсэн. Зарим хүмүүс “Багш нар нь 15 хүүхэд бүртгэж оруулна. Дугаарлаж байгаа хүмүүсийн 15 хүүхдийг  бүртгэнэ” гэж ярьж байна лээ.  Гэхдээ өдөр цэцэр­лэгийн эрхлэгч нь “Багш нар хүүхдийг дур мэдэж авна гэсэн асуудал огт байхгүй. Эхэнд ирсэн 30 хүүхдийг л бүртгэнэ. Гадаа хонох шаардлага байхгүй. Өглөө ирээрэй” гэсэн. Манай хороонд цэцэрлэгийн бага ангид орох, хоёр настай хүүхэд 120 орчим байдаг юм байна. Энд байгаа хүмүүсийн олонхи нь өдөр 16-17 цагийн орчимд ирцгээсэн” хэмээн ярьсан юм. Түүнчлэн тус цэцэрлэгий жижүүр У.Бадрах “Уг нь эрхлэгч “Хүмүүсийг хашаанаас гарга. Хонох шаардлага байхгүй. Өглөө ирэхэд л болно” гэж хэлсэн юм. Гэтэл гарахгүй байгаа хүмүүсийг яалтай билээ. Би энэ цэцэрлэгт дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Ерөнхий­дөө жилийн жилд л ийм байдалтай байдаг. Нийслэлийн бусад цэцэр­лэгт байдал яг адилхан шүү дээ” гэж байлаа.

Маргааш нь буюу өчигдөр өглөө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр цэцэр­лэгийн гадаа дахин очлоо. Өглөө­ний 10 цаг болж байхад бүртгэл хэдий­нэ эхэлчихсэн үүдэнд нь 40 гаруй хүн дугаарлаад зогсож байсан юм. Нөгөөх шөнө хоносон хүмүүс хамгийн эхэнд орж бүртгүүлж чад­сан гэнэ. Харин ардуурхан зогсож байгаа нь бүртгүүлээд гарч ирсэн нэгнээсээ “Хандив өг гэж байна уу. Өмнө нь бүртгүүлэхээр хэдэн төгрөг хандивлах вэ гэж асуудаг байсан.  Яаж ийж байгаад бүртгүүлэх юм сан”  гэх аж. Тус цэцэрлэгийн хувьд өнгөрсөн жил шинээр цэцэрлэгт орох хоёр настай 20 хүүхдийг бүртгэж, оруулж байсан бол энэ жил тоог нь 10-аар нэмэгдүүлээд байгаа юм байна. 

Тэндээс гараад  Чингэлтэй дүүр­гийн гуравдугаар хорооны ажилт­нуудтай уулзсан юм. Тус хороо­ны ажилтнуудын хэлж буйгаар Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо­ны иргэдийн дунд цэцэр­лэгийн бага ангид орох насны 141 хүүхэд байгаа ажээ. Сүүлийн жилүү­дэд тус хорооны нутаг дэвсгэрт шинэ орон сууц ашиглалтад орохын хэрээр хүн амын тоо, тэр дундаа залуу гэр бүл, бага насны хүүхдүүдийн тоо тогтмол нэмэгдэж байгаа гэнэ. Түүнчлэн цэцэрлэгт хүүхдээ оруулах хүсэлтэй хүмүүс их байгаагийн нэг шалтгаан нь хоолны мөнгийг төрөөс даах болсон явдал юм. Чингэлтэй дүүргийн  19 дүгээр цэцэрлэгт хоёр­дугаар хорооны иргэдийн хүүх­дүүдийг ч тодорхой хэмжээгээр авах ёстой байдаг гэнэ. Учир нь тус дүүрэгт цэцэрлэггүй хэд хэдэн хороо байдгийн нэг нь хоёрдугаар хороо аж. Хорооны удирдлага нь нийслэлийн Засаг даргын Там­гын газар болон холбоглох байгуул­лагуудад ийнхүү жил болгон үүсдэг нөхцөл байдлыг танилцуулж, цэцэр­лэгийн өргөтгөл, шинэ цэцэрлэг  барих талаарх хүсэлтээ уламжилдаг ажээ. Харин “Одоогоор тийм бо­ломж байхгүй. Танай хороо бусад хороог бодвол цэцэрлэгтэй” гэсэн хариуг өгсөөр хэдэн жил болжээ. Харин “дээрээс” дэмжлэг авч чадахгүй байгаа цэцэр­лэгийн удирдлагууд нь хүчин чадлынхаа хэмжээнд хүүхдүүдээ бүртгэж байгаа нь энэ аж. Ямартай ч нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт цэцэрлэгүүдийн дундаас нэгийг нь сурвалжлахад байдал ийм байлаа. Гэхдээ нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгүүдийн олонхи нь  ийм байдалтай хоносон байна. Мөн манай сонинд “Налайх дүүргийн 151 дүгээр цэцэрлэгийн гадаа эцэг, эхчүүд хоносон. Цэцэрлэгийнхэн бүртгэсэн хүүхдийнхээ эцэг, эхээс 80 мянган төгрөгийн хандив авч байна” гэсэн мэдээлэл ирлээ.   

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж