Өнгөрсөн 2017 онд өмнөх онтой нь харьцуулахад ОХУ-д ирэх цагаачдын тоо 19 хувиар буурсан хэмээн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын тайланд дурджээ. Энэхүү тайланд дэлхийн улс орнуудын цагаачлалын асуудлыг хөндсөн байна. “2017 онд ОХУ-д 212 мянган цагаач ирсэн нь өмнөх 2016 онтой харьцуулахад 19 хувиар буурсан байна. 2016 онд ОХУ-д 262 мянган цагаач иржээ” хэмээн дурджээ. Ирсэн цагаачдын дийлэнх нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудаас буюу Украин, Казахстан, Узбекистан, Армянаас ирсэн байна.
Мөн хугацаанд ОХУ-ыг орхин явсан цагаач иргэдийн тоо эсрэгээр өссөн байна. 2016 онд ОХУ-аас 313 мянган хүн цагаачилж байсан бол 2017 онд 377 мянга болж нэмэгдсэнийг тайлан харууллаа. Гэхдээ эдгээр хүмүүсийн дийлэнх нь эдийн засгийн таатай бус нөхцөлөөс шалтгаалан хөдөлмөрийн гэрээгээ сунгаагүй нутаг буцсан цагаачид байсан гэдгийг тайланд дурдсан байна.
ОХУ-ын харьяат болсон иргэдийн тоо нэмэгдсэн байна. 2017 онд 254 мянган гадаадын иргэн ОХУ-ын харьяат болсны 40 хувь нь Украины, 15 хувь нь Казахстаны иргэд байсан бөгөөд Армян, Тажикистан, Узбекистан улс тус бүрийн иргэд есөн хувь байжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ