Шуурганы дууль | News.MN

Хуучирсан мэдээ: 2011.08.25-нд нийтлэгдсэн

Хөдөөний эгэл борог нэ­гэн ижий долоон настай ач хүү­гээ элгэндээ тас тэврээд ос­гож өөд болжээ. Өмсч явсан тэрлэгээрээ хүүгээ ороож цээ­жиндээ чанга  тэвэрсэн хэдий ч аймшигт шуурга тэднийг амьд үлдээхийг зөвшөөрсөнгүй.  Шуур­­­­ганы маргааш өглөө тэн­гэр цэлмэсэн хойно эрлийн ба­гийнхан эмээ, ач хоёрыг олжээ. Тэд гэрээсээ ердөө л километр ч хүрэхгүй газар ийн осгосон байлаа. Ганцхан алхамын цаа­дах газар ч харагдахгүй шо­роо цасаар шуурч байсан болохоор тэд зүг чиггүй болж эмээ нь ачийнхаа амийг аврах санаатай өмсөж явсан дээлэндээ ороон өөрөө салхийг нь хаан эл­гэндээ тэвэрсэн чигээрээ тийн энджээ. Хэрвээ эмээ ач хоёр дахиад жаахан ч атугай мөлхөөд үзсэн бол гэр нь ха­жууханд нь  л байж шүү дээ…

Өнгөрсөн сарын 26-27 ны өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүх­баатар  аймгуудын нутгаар бай­галийн гамшиг болж 40 гаруй хүн осгож нас бар­лаа. Тэдний 14 нь бага нас­ны хүүхэд байсан юм. Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэ­дээгээр хүчтэй шороон ба цасан шуурга шуурна хэ­мээн хэд хоногийн өмнөөс л зарлажээ. Тавдугаар сарын 26 ны өглөө жирийн л нэг ду­лаахан өдөр байлаа. Тэнгэр шинж­вэл тийм хүчтэй шуурга болно гэсэн шинж тэмдэг үгүй. Тийм болохоор малчид мал­даа явдгаараа л явж. Хөдөө нутагт гар хөлийн үзүүрт хүү­­хэд л зарагддаг болохоор тэд ч бас ааруул боорцогхон өвөр­төлж аваад малдаа гар­чээ. Үдийн хэрд зөөлөн шо­роон шуурга босч  бороо ганц нэгээр дусалж эхлэв. “За нөгөө шороон шуурга нь энэ юм байх даа” гэсэн бо­дол хүмүүст төрж эхэлмэгц сал­хины хурд улам ширүүсч шо­роон шуурга биш том том чу­луун мөндөр нүүр нүдгүй шав­хуурдаж эхлэх нь тэр. Айж сандарсан хүмүүс малд явагс­дынхаа араас  морьтой явган тэмцэж хүүхдүүдээ олж ирэхээр гарчээ.

Энэ үед салхины хурд 40 м/секун­дэд хүрч улам ширүүслээ. Хурга ишиг чихрийн цаас шиг хийсч эхлэх үед шуурга тоглоом биш байсныг  бүгд ойлгов. Гэвч оройтсон байлаа.

…Өглөө хонио дагуулаад явуул­сан хоёр дүүдээ яарсан залуу морио тэн­хээ мэдэн гуядсаар дүү нар дээрээ иржээ. Ашгүй тэд нь хонио тогтоох гээд оролдож байв. “Наадуулаа орхи. Алив мориндоо морьд. Нөмөр газар бараадъя” гээд хоёр дүүгийнхээ мо­рийг цулбуурдан хөтлөв. Энэ хоо­­ронд салхи улам ширүүслээ. Шо­роогоор шуурч байснаа төдхөн цасан шуурга болон хувирав. Хоёр дүүгээ морьноос нь буулгаж өөрөө дээлээ тайлан нөмрүүлээд морьдоо тушихаар эргэх агшинд тавхан настай жаахан дүүг нь салхи аваад явчихжээ. Томд нь гурван морио хөтлүүлж суулгачихаад цасан шуур­га уруудан нэлээд явсаар ухаан алд­сан дүүгээ олов.  Түүнийгээ тэ­вэр­сээр буцаад иртэл   нөгөө дүү нь алга. Эргэн тойрноо сайтар хар­вал холгүйхэн нэг бүртийсэн юм хэтвэж байлаа. Дүүгээ тэвэрч тийш очив. Гурвуулаа болж аваад  хоёр жаах­ныгаа тэврээд хийсчихгүйн тулд морьдынхоо цулбуурыг давхар атга­лаа. Шуурга улам ширүүссээр… Маргааш нь тэднийг эрлийн групп олсон юм. Хамгийн бага дүүгийнхээ гарыг бүлээцүүлэх санаатай амандаа хийсэн чигтээ ертөнцөөс үүрд халин оджээ. Хүслийг хясаж байдаг энэ хатуу орчлон хайр найргүй гэдгээ дахин  харуулсан байлаа. Тэдний ердөө хажууханд нь хадан агуй байжээ.   Харамсаад баршгүй нүд хальтирам ийм тохиолдлууд эрлийнхий зүрхийг шархируулж байлаа. Байгаль гэдэг нэг хясахаараа даанч хатуу юм даа гэсэн бодол бүгдэнд нь төрсөн биз ээ. Харин энэ үед Бэрхийн тосгонд нэгэн баяртай мэдээ дуулдаж хүн бүхний  сэтгэлийг бүлээцүүлэв.   Малд явж байсан залуу шуурганаар гэр лүүгээ тэмцэж эргэж буцаж хийссээр арай гэж  гэртээ иртэл эхнэр хүүхэд нь байсангүй. Салхины өөдөө явна гэж байхгүй харин уруу л явсан байх учиртай хэмээн баримжаалан явсаар гэргий хүүхэд нь хээр осгосон байхыг олжээ. Аваад явах гэтэл даасангүй. Тийм боломж ч байсангүй. Тэгэхээр нь өөрөө буцан тэмцэж хийсч унасаар гэртээ очиж халуун савтай цайгаа тэвэрсээр нөгөө хоёроо олж ирэв. Тэгээд ам рүү нь халуун цай цутгаж зузаан юмаар ороож орхичихоод Бэрхийн эмнэлэг рүү явган гүйжээ. Залуу замдаа төөрч, өөрөө салхинд хийсч бэртэж гэмтэж, хөл, гар, чих, нүүр нь хөлдсөн хэдий ч хайртай хань үр хоёроо бодон бодон тэмцсээр Бэрхийн эмнэлгийн босгоор дөнгөж оронгуутаа эхнэр хүүхдээ хаана байгааг зааж өгөөд ухаан алджээ. Эмч нар залуугийн амь насыг аврахын төлөө яаравчилж хэдэн хүн газрын бартаа баримжаалан явсаар эхнэр хүүхдийг нь олж авчирахад тэд дөнгөж амьсгаатай байсан гэнэ. Аврагдлаа. Хайр гэдэг ийм л агуу ажгуу.  Өндөр хүчдлийн ган төмөр цамхгийг нуга дарсан шуурга агуу хайрын өмнө ийн хүчгүйджээ. Азарга адуу ус уухаар нуурын эрэг дээр ирэхэд ганцхан мөчид л шороогоор юу ч үгүй болтол нь дарчихсан шуурга хүний хайр сэтгэлийн өмнө арга буюу бууж өгсөн нь энэ байлаа. Сонсоход л хоолой зангирам, биши­рэм энэ  бяцхан түүх Хэнтий аймгийн Бэрх тосгонд болсон юм. Одоо тэд эсэн мэнд сайн сайхан амьдарч бай­гаа биз ээ. Хайр үнэнч, халуун байх тусмаа байгалийн давагдашгүй хүчин зүйлийг ч давж гардаг шидтэй гэдгийг та бүхний энэ түүхээр дам­жуулан түмэн олондоо хүргэе. Сай­хан амьдраарай. Бурхан үзэг…

Харин өдгөө шуурганаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Цаг хугацаа аливаа шархыг эдгээдэг юм болохоор мартагдах тийшээ хандлаа. Гэтэл өнгөрсөн баасан гаригт ийм нэг явдал болов. Нэр дэвшигч бүсгүйн мөнгөө төлж захиалсан нэвтрүүлэг телевизээр гарч байна. Айлын хой­мор голлоод суучихсан гэрийн эзэг­тэйг өмнөө сөхрүүлээд толгойг нь тэвэрчихсэн камер руу харан инээм­сэглэнэ. Шуурганд үрэгдсэн үрээ санаж сэтгэл үймэрч хоолой нь ца­хиртсан хөөрхий эзэгтэй юу болоод байгааг төсөөлөх  сөгөөгүй.  Харин нэвтрүүлэгч нэр дэв¬шигч бүсгүйн хүн­лэг сэтгэлтэйг гайхан дуу алдаж шогширно… Сонгууль эхэлчихжээ. Эхлэх нь бүү хэл эд халуундаа явж  бүр галзуурч байгаа нь энэ.  Тэгээд л үрээ алдсан эхийн нулимсаар имижээ бүрдүүлж,  хагацал гашуудал дот­роос бас аятайхан харагдчих санаа­тай  инээмсэглэв бололтой. Мон­гол хүний мөс чанар муудлаа муудлаа гэхэд хагацал зовлон элэг эмтрэм гашуудалт үйл явдлаар улс төр хийхийн чинээ санасангүй. Тэ­гээд бүр эмэгтэй хүн  өөртэйгөө адилхан эх хүний нулимс сэтгэлийн зов­лонгоор улс төрийн ашиг хайна гэдэг аймаар санагдав. “Зовлого их­дэхээр нохой зоолж зовлон их­дэхээр лам таргалдаг”  гэсэн үг бий.  Эл  нэврүүлгийг үзсэн даруй хэд хо­ногийн өмнө дэгжин шаавай хоёр бүсгүйн хэрхэн хөөрөлдсөнийг  эргэн санав. “Хүүе ээ, гадаадаас мессеж ирээд байх юм. Монголд Торнадо  болоод олон хүн үхэж үрэгдээ юу гээд америк найз маань асуугаад байх  юм. Манайхыг одоо Хятадын Сичиуянь мужтай андуу­раад байгаа юм уу хаашаа юм бэ тэ” хэмээн чанга чанга хөхрөлдөж билээ.  Дорнод, Сүх­баатар, Хэнтий аймгуудад болсон айм­шигт явдалд сэтгэл эмзэглэж явсан болохоор тэдний инээд хэтэр­хий эрээгүй бас дэндүү хүнлэг бус  байв. Гэвч болсон явдлыг яг тэр чигээр нь нүдэнд үзэгдэж сэтгэлд тэмт­рэгдэхээр бичиж хүргээгүй сэт­гүүлч бидний буруу юм байна. Өнөө­дөр ч гэсэн тэр зовлонгоор даажин хийж буй нэр дэвшигч эмэгтэйн  нэ­рийг бичиж чадахгүй байгаадаа сэтгэл бухимдана. Гэвч энэ бүхэн өөрчлөгдөх цаг ирнэ гэж итгэнэ. Бурхан үзэг.

2008 оны 6 сарын  15

"Улс төрийн тойм" сонин


0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2011-08-25 202.179.11.122

eoe estoi sain bichjee hun chanar hunleg setgeliin tuhai yamar goe bichjee nulims garj bas buhimdal torloo Ene setguulchid talarhal ilerhiilie

Avatar

Зочин 2011-08-25 202.179.11.122

eoe estoi sain bichjee hun chanar hunleg setgeliin tuhai yamar goe bichjee nulims garj bas buhimdal torloo Ene setguulchid talarhal ilerhiilie

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж