Энэ үед салхины хурд 40 м/секундэд хүрч улам ширүүслээ. Хурга ишиг чихрийн цаас шиг хийсч эхлэх үед шуурга тоглоом биш байсныг бүгд ойлгов. Гэвч оройтсон байлаа.
…Өглөө хонио дагуулаад явуулсан хоёр дүүдээ яарсан залуу морио тэнхээ мэдэн гуядсаар дүү нар дээрээ иржээ. Ашгүй тэд нь хонио тогтоох гээд оролдож байв. “Наадуулаа орхи. Алив мориндоо морьд. Нөмөр газар бараадъя” гээд хоёр дүүгийнхээ морийг цулбуурдан хөтлөв. Энэ хооронд салхи улам ширүүслээ. Шороогоор шуурч байснаа төдхөн цасан шуурга болон хувирав. Хоёр дүүгээ морьноос нь буулгаж өөрөө дээлээ тайлан нөмрүүлээд морьдоо тушихаар эргэх агшинд тавхан настай жаахан дүүг нь салхи аваад явчихжээ. Томд нь гурван морио хөтлүүлж суулгачихаад цасан шуурга уруудан нэлээд явсаар ухаан алдсан дүүгээ олов. Түүнийгээ тэвэрсээр буцаад иртэл нөгөө дүү нь алга. Эргэн тойрноо сайтар харвал холгүйхэн нэг бүртийсэн юм хэтвэж байлаа. Дүүгээ тэвэрч тийш очив. Гурвуулаа болж аваад хоёр жаахныгаа тэврээд хийсчихгүйн тулд морьдынхоо цулбуурыг давхар атгалаа. Шуурга улам ширүүссээр… Маргааш нь тэднийг эрлийн групп олсон юм. Хамгийн бага дүүгийнхээ гарыг бүлээцүүлэх санаатай амандаа хийсэн чигтээ ертөнцөөс үүрд халин оджээ. Хүслийг хясаж байдаг энэ хатуу орчлон хайр найргүй гэдгээ дахин харуулсан байлаа. Тэдний ердөө хажууханд нь хадан агуй байжээ. Харамсаад баршгүй нүд хальтирам ийм тохиолдлууд эрлийнхий зүрхийг шархируулж байлаа. Байгаль гэдэг нэг хясахаараа даанч хатуу юм даа гэсэн бодол бүгдэнд нь төрсөн биз ээ. Харин энэ үед Бэрхийн тосгонд нэгэн баяртай мэдээ дуулдаж хүн бүхний сэтгэлийг бүлээцүүлэв. Малд явж байсан залуу шуурганаар гэр лүүгээ тэмцэж эргэж буцаж хийссээр арай гэж гэртээ иртэл эхнэр хүүхэд нь байсангүй. Салхины өөдөө явна гэж байхгүй харин уруу л явсан байх учиртай хэмээн баримжаалан явсаар гэргий хүүхэд нь хээр осгосон байхыг олжээ. Аваад явах гэтэл даасангүй. Тийм боломж ч байсангүй. Тэгэхээр нь өөрөө буцан тэмцэж хийсч унасаар гэртээ очиж халуун савтай цайгаа тэвэрсээр нөгөө хоёроо олж ирэв. Тэгээд ам рүү нь халуун цай цутгаж зузаан юмаар ороож орхичихоод Бэрхийн эмнэлэг рүү явган гүйжээ. Залуу замдаа төөрч, өөрөө салхинд хийсч бэртэж гэмтэж, хөл, гар, чих, нүүр нь хөлдсөн хэдий ч хайртай хань үр хоёроо бодон бодон тэмцсээр Бэрхийн эмнэлгийн босгоор дөнгөж оронгуутаа эхнэр хүүхдээ хаана байгааг зааж өгөөд ухаан алджээ. Эмч нар залуугийн амь насыг аврахын төлөө яаравчилж хэдэн хүн газрын бартаа баримжаалан явсаар эхнэр хүүхдийг нь олж авчирахад тэд дөнгөж амьсгаатай байсан гэнэ. Аврагдлаа. Хайр гэдэг ийм л агуу ажгуу. Өндөр хүчдлийн ган төмөр цамхгийг нуга дарсан шуурга агуу хайрын өмнө ийн хүчгүйджээ. Азарга адуу ус уухаар нуурын эрэг дээр ирэхэд ганцхан мөчид л шороогоор юу ч үгүй болтол нь дарчихсан шуурга хүний хайр сэтгэлийн өмнө арга буюу бууж өгсөн нь энэ байлаа. Сонсоход л хоолой зангирам, биширэм энэ бяцхан түүх Хэнтий аймгийн Бэрх тосгонд болсон юм. Одоо тэд эсэн мэнд сайн сайхан амьдарч байгаа биз ээ. Хайр үнэнч, халуун байх тусмаа байгалийн давагдашгүй хүчин зүйлийг ч давж гардаг шидтэй гэдгийг та бүхний энэ түүхээр дамжуулан түмэн олондоо хүргэе. Сайхан амьдраарай. Бурхан үзэг…
Харин өдгөө шуурганаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Цаг хугацаа аливаа шархыг эдгээдэг юм болохоор мартагдах тийшээ хандлаа. Гэтэл өнгөрсөн баасан гаригт ийм нэг явдал болов. Нэр дэвшигч бүсгүйн мөнгөө төлж захиалсан нэвтрүүлэг телевизээр гарч байна. Айлын хоймор голлоод суучихсан гэрийн эзэгтэйг өмнөө сөхрүүлээд толгойг нь тэвэрчихсэн камер руу харан инээмсэглэнэ. Шуурганд үрэгдсэн үрээ санаж сэтгэл үймэрч хоолой нь цахиртсан хөөрхий эзэгтэй юу болоод байгааг төсөөлөх сөгөөгүй. Харин нэвтрүүлэгч нэр дэв¬шигч бүсгүйн хүнлэг сэтгэлтэйг гайхан дуу алдаж шогширно… Сонгууль эхэлчихжээ. Эхлэх нь бүү хэл эд халуундаа явж бүр галзуурч байгаа нь энэ. Тэгээд л үрээ алдсан эхийн нулимсаар имижээ бүрдүүлж, хагацал гашуудал дотроос бас аятайхан харагдчих санаатай инээмсэглэв бололтой. Монгол хүний мөс чанар муудлаа муудлаа гэхэд хагацал зовлон элэг эмтрэм гашуудалт үйл явдлаар улс төр хийхийн чинээ санасангүй. Тэгээд бүр эмэгтэй хүн өөртэйгөө адилхан эх хүний нулимс сэтгэлийн зовлонгоор улс төрийн ашиг хайна гэдэг аймаар санагдав. “Зовлого ихдэхээр нохой зоолж зовлон ихдэхээр лам таргалдаг” гэсэн үг бий. Эл нэврүүлгийг үзсэн даруй хэд хоногийн өмнө дэгжин шаавай хоёр бүсгүйн хэрхэн хөөрөлдсөнийг эргэн санав. “Хүүе ээ, гадаадаас мессеж ирээд байх юм. Монголд Торнадо болоод олон хүн үхэж үрэгдээ юу гээд америк найз маань асуугаад байх юм. Манайхыг одоо Хятадын Сичиуянь мужтай андуураад байгаа юм уу хаашаа юм бэ тэ” хэмээн чанга чанга хөхрөлдөж билээ. Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад болсон аймшигт явдалд сэтгэл эмзэглэж явсан болохоор тэдний инээд хэтэрхий эрээгүй бас дэндүү хүнлэг бус байв. Гэвч болсон явдлыг яг тэр чигээр нь нүдэнд үзэгдэж сэтгэлд тэмтрэгдэхээр бичиж хүргээгүй сэтгүүлч бидний буруу юм байна. Өнөөдөр ч гэсэн тэр зовлонгоор даажин хийж буй нэр дэвшигч эмэгтэйн нэрийг бичиж чадахгүй байгаадаа сэтгэл бухимдана. Гэвч энэ бүхэн өөрчлөгдөх цаг ирнэ гэж итгэнэ. Бурхан үзэг.
"Улс төрийн тойм" сонин