Польшийн шигшээ баг
Хэрхэн эрхээ авсан бэ?
Польшийн шигшээ баг дэлхийн аваргын эрхээ авахын тулд Европын бүсийн сонгон шалгаруулалтын F хэсэгт Дани, Румын, Армени, Монтенегро, Казахстан улсуудтай өрсөлдсөн. Тэрбээр хэсэгтээ Казахстаны шигшээ багтай 1 тэнцэж, Данийн шигшээ багт 1 хожигдон нийт 8 хожилтойгоор хэсгээ 25 оноотой тэргүүлж дэлхийн аваргын эрхээ авснаар 2 дэлхийн аваргын өнжөөд эргэн ирсэн.
Шигшээ багийн бүрэлдэхүүн:
- Хаалгач: В.Щенсный, Л.Фабианский, Б.Бялковский
- Хамгаалагч: М.Паздан, А.Еджейчик, Т.Ционек, Я.Беднарек, К.Глик, Б.Берешиньский, Л.Пищек
- Хагас хамгаалагч: Я.Гуральский, К.Линетти, Г.Крыховяк, К.Гросицкий, М.Рыбус, Я.Блащиковский, С.Пешко, П.Зельниский, Р.Курзава
- Довтлогч: А.Милик, Р.Левандовский, Л.Теодорчик, Д.Ковнацкий
Од тоглогч:
Польшийн шигшээ багт Европын төдийгүй дэлхийн шилдэг довтлогч Р.Левандовский бий. Р.Левандовский шигшээ багийнхаа төлөө 10 дахь жилдээ тоглож байгаа бөгөөд 96 тоглолтонд оролцохдоо 55 гоолыг өрсөлдөгчдийнхөө хаалганд оруулаад байна. Үүнээс гадна тэр Европын улсуудын шигшэ багуудын бүх довтлогч нарыг оруулсан гоолоороо тэргүүлдэг.
Нээлт болох дараагийн тоглогч хэн бэ?
Италийн Наполи клубт хүчин зүтгэдэг 24 настай хагас хамгаалагч П.Зелиньсскийг мэргэжилтнүүд онцолж байгаа. Техник болон дамжуулалт өгөх ур чадвараараа Европын олон мэргэжилтнүүд, клубуудын анхаарлыг татаж буй тоглогч юм. Өдгөө 24 настай ч шигшээ багийнхаа төлөө аль хэдий нь 24 тоглолтонд оролцоод байна.
Дасгалжуулагч:
60 настай Адам Навалка 5 дахь жилдээ шигшэ багтаа ажиллаж байгаа бөгөөд өнөөгийн хүчирхэг Польшийн шигшээ багийг босгосон эрхэм юм. Тэр тамирчин ахуйдаа Польшийн шилдэг тоглогч байсан ч бэртлийн улмаас карьераа эрт өндөрлүүлж байжээ. Харин тэр дасгалжуулагчаар ажиллахдаа багагүй амжилт үзүүлсэн. Одоо тэрээр шигшээ багийнхаа хамтаар дэлхийн аваргад анх удаагаа оролцож байна.
Дэлхийн аваргын түүх:
Польшийн шигшээ баг 1970-1980 аад оны үед дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байсан. Г.Лято хэмээх авъяаслаг довтлогчоор удирдуулсан Польшийн шигшээ баг 1974, 1982 оны дэлхийн аваргад хүрэл медаль хүртэж байжээ. Польшийн шигшээ 7 удаа дэлхийн аваргад оролцохдоо 2 удаа хүрэл медаль хүртэж байсан бол хамгийн сүүлд 2002, 2006 онд дэлхийн аваргад хэсгээс гарч чадаагүй.
Боломжит амжилт:
Тааварлашгүй хэсэгт багтаад байна. Яг үнэндээ хэсгийн эхний тоглолт болох Сенегалын эсрэг тоглолт маш чухал байсан ч хожигдоод байна. Иймд хэсгээс гарахын тулд бусад хоёр өрсөлдөгчөө заавал хожих ёстой.
Тоглолтын хуваарь:
- 2018 оны 6 сарын 19. Польш 1-2 Сенегал
- 2018 оны 6 сарын 24. Польш – Колумби
- 2018 оны 6 сарын 28. Япон – Польш
Сенегалын шигшээ баг
Хэрхэн эрхээ авсан бэ?
Африк тивийн улсууд “Орос-2018” дэлхийн аваргад оролцох эрхийн төлөө 3 шатны шалгуурыг туулсан. Сенегалын шигшээ баг 2-р шатнаас өрсөлдөөнөө эхлүүлж Мадагаскар арлын шигшээ багийг хоёр тоглолтонд 5-2 харьцаатай хожиж 3-р шатны өрсөлдөөнд D хэсэгт багтан Өмнөд Африк, Кабо-Верди болон Буркина Фасо улсуудын шигшээ багуудтай өрсөлдөн 4 хожил, 2 тэнцээтэй хэсгээ тэргүүлснээр дэлхийн аваргын эрхээ авсан.
Шигшээ багийн бүрэлдэхүүн:
- Хаалгач: А.Диалло, К.Н’Диай, А.Гомси
- Хамгаалагч: А.Мбенгуэ, К.Кулибали, К.Мбодж, С.Сане, Ю.Сабали, Л.Гассама, М.Ваге
- Хагас хамгаалагч: И.Гейе, Ш.Куяте, Ндойе, А.Н’Диай, Б.Ндиайе
- Довтлогч: М.Сов, М.Диуф, С.Мане, М.Конате, Д.Сако, И.Сарр, М.Ньянг, К.Бальде
Од тоглогч:
Мэдээж С.Мане хэмээх Английн Ливерпүүл клубт хүчин зүтгэдэг 26 настай довтлогч юм. С.Мане шигшээ баг болон клубтээ гялалзаж байгаа бөгөөд 2012 оноос хойш шигшээ багтаа 53 тоглолтонд 14 гоол оруулсан. Мөн тэр Английн Прьемьер лигийн хамгийн хурдан хет-трик амжилтыг эзэмшигч юм. Сенегалын шигшээ багаас хамгийн аюултай тоглогч бол С.Мане юм.
Нээлт болох дараагийн тоглогч хэн бэ?
Италийн Лацио клубт 19 настайдаа үндсэн бүрэлдэхүүнд гарч тоглож байсан хагас хамгаалагч К.Бальдег онцлох хэрэгтэй. Тэр өнгөрсөн улирал Лацио клубээс Францын Монако клубт 30 сая еврогоор очиж байсан бөгөөд улирлын турш 23 тоглолтонд оролцож 8 гоолыг өөрийн нэр дээрээ бүртгүүлсэн. Харин шигшээ багтаа анх 2016 онд дуудагдсанаас хойш 18 тоглолтонд оролцоод байна.
Дасгалжуулагч:
2002 оны дэлхийн аваргын сенсацийг тарьж байсан Сенегалын шигшээ багт ахлагчаар тоглож байсан А.Сиссе шигшээ багаа удирдаж байна. Өдгөө 42 настай А.Сиссе 2015 оноос хойш шигшээ багаа удирдаж байгаа бөгөөд дэлхийн аваргын урьдчилсан шатанд удирдсан багаа тун сайн тоглуулж Сенегалын хөлбөмбөгийн түүхэнд хоёр дахь удаагаа дэлхийн аваргад оролцох боломжийг авчирсан эрхэм юм.
Дэлхийн аваргын түүх:
Сенегалын шигшээ баг “Орос-2018” дэлхийн аваргаас өмнө ердөө ганц удаа буюу 2002 оны Ази тивд зохиогдсон дэлхийн аваргаар оролцож байсан. Тэрээр А хэсэгт Франц, Уругвай болон Данийн шигшээ багуудтай багтан Францыг хожиж хэсгээсээ хасагдах шатанд шалгараад улмаар хасагдах шатанд Шведийг хожин дунд шөвөгт шалгарч байсан.
Боломжит амжилт:
Тааварлашгүй хэсэгт багтаад байна. Гэхдээ хэсгээс гарах боломж байж болох юм. Харин тэд эхний тоглолтондоо Польшийн хүчтэй багийг буулгаж авснаар тун сайн эхлэл тавиад байна. Одоо Японтой хийсэн тоглолтоос ялалт авч чадвал хэсгээс гарна.
Тоглолтын хуваарь:
- 2018 оны 6 сарын 19. Польш 1-2 Сенегал
- 2018 оны 6 сарын 24. Япон – Сенегал
- 2018 оны 6 сарын 28. Сенегал – Колумби
Колумбын шигшээ баг
Хэрхэн эрхээ авсан бэ?
Өмнөд Америкийн бүсээс дэлхийн аваргын эрхээ авсан. Бүсийнхээ шилдэг 9 багтай өрсөлдөж 27 оноотой хүснэгтийн 4-р байраар дэлхийн аваргын эрхээ авсан.
Шигшээ багийн бүрэлдэхүүн:
- Хаалгач: Д.Оспина, К.Варгас, Х.Куадрадо
- Хамгаалагч: К.Сапата, О.Мурильо, С.Ариас, Е.Мина, Х.Мохика, Ф.Фабра, Д.Санчес
- Хагас хамгаалагч: В.Баррисо, К.Санчес, А.Агилар, Х.Родригес, Х.Куадрадо, М.Урибе, Ж.Лерма, Х.Кинтеро
- Довтлогч: К.Бакка, Р.Фалькао, Л.Мурьель, М.Борха, Х.Искьедо
Од тоглогч:
Бавари Мюнхен клубт тоглож буй Реал Мадрид клубын Х.Родригес бол Колумбын төдийгүй дэлхийн шилдэг юм. Түүний бөмбөг эзэмших техник, талбайн төвд тоглолтыг найруулах чадвараараа гайхагддаг тоглогч юм. Дөрвөн жилийн өмнө дэлхийн аваргаар мэргэн бууч болж байсан.
Нээлт болох дараагийн тоглогч хэн бэ?
Өнгөрсөн улиралд Английн Тоттенхэм Хотспур клубт гялалзсан хамгаалагч Д.Санчес бол Колумбын шигшээ багийн ирээдтэй тоглогч юм. Түүнийг багтаа авахын тулд Тоттенхэм клуб Нидерландын Аякс клубт 42 сая фунт төлсөн байдаг. Өдгөө дөнгөж 22 настай боловч хүчирхэг, хурд зэргээрээ онцгойрч байгаа залуу тоглогч юм.
Дасгалжуулагч:
Аргентин мэргэжилтэн Х.Пекерман 2012 оноос хойш Колумбын шигшээ багийг удирдаж байгаа бөгөөд 2 дахь дэлхийн аваргадаа оролцож байна. Х.Пекерман бол туршлагатай дэлхийн шилдэг дасгалжуулагчдын нэг юм. Тэр Аргентины нас насны шигшээ багийг удирдаж дэлхийн аварга цолонд хүрч байсан туршлагтай дасгалжуулагч юм.
Дэлхийн аваргын түүх:
Колумбын шигшээ баг дэлхийн аваргад 5 удаа оролцож байсан бөгөөд хамгийн өндөр амжилтаа дөрвөн жилийн өмнө Бразилд болсон дэлхийн аваргаар үзүүлсэн байдаг. Бразилын дэлхийн аваргад хэсгээ тэргүүлж хасагдах шатанд Уругвайг хожин дунд шөвөгт Бразилын шигшээ багт хожигдож байжээ.
Боломжит амжилт:
Тааварлашгүй хэсэгт багтаад байна. Гэхдээ хэсгээс гарах боломж байж болох юм. Гэвч Японы шигшээ багт хожигдсон хожигдол нь Колумбын шигшээ багийг хүнд байдалд оруулаад байна. Хэрвээ хэсгээс гарах гэвэл үлдсэн тоглолтуудад заавал хожих ёстой болж байна.
Тоглолтын хуваарь:
- 2018 оны 6 сарын 19. Колумби 1-2 Япон
- 2018 оны 6 сарын 24. Польш – Колумби
- 2018 оны 6 сарын 28. Сенегал – Колумби
Японы шигшээ баг
Хэрхэн эрхээ авсан бэ?
Японы шигшээ баг Азийн 3 шатны сонгон шалгаруулалтыг сорилгыг давж эрхээ авсан. Эхлээд 2-р шатанд хэсгээ тэргүүлж дараагийн шатны өрсөлдөөнд оролцох эрхтэй болсон. Шийдвэрлэх 3-р шатны В хэсэгт Австрали, Ирак, Саудын Араб, Австрали, АНЭУ болон Тайландын шигшээ багуудтай өрсөлдөн хэсгээ тэргүүлснээр дэлхийн аваргын эрхээ авсан.
Шигшээ багийн бүрэлдэхүүн:
- Хаалгач: Э.Кавашима, М.Хигашигучи, К.Накамура
- Хамгаалагч: Н.Уеда, Г.Шожи, Ю.Нагатомо, В.Эндо, Х.Сакай, Т.Макино, Г.Сакай, М.Ёшида
- Хагас хамгаалагч: К.Хонда, Г.Шибасаки, Г.Харагучи, Ш.Кагава, Т.Усами, Т.Инуй, Х.Ямагучи, М.Хасебэ, Р.Ошима
- Довтлогч: Ш.Оказаки, Ё.Муто, Ю.Осако
Од тоглогч:
Германы Боруссиа Дортмунд клубын тоглогч Ш.Кагава. Харин түүнийг өнгөрсөн улиралд бэртэл багагүй зовоосон. Гэхдээ тэр шигшээ багийнхаа хамтаар дэлхийн аваргад оролцохоор ирээд байгаа бөгөөд түүний талбайн төвийн тоглолт Японы шигшээ багт маш чухал нөлөөтэй.
Нээлт болох дараагийн тоглогч хэн бэ?
Японы шигшээ багт хэд хэдэн ирээдүйтэй тоглогч бий. Тэдэн дундаас нутгийнхаа лигт тоглодог 23 настай хаалагч К.Накамура юм. Тэр шигшээ багийн хаалагч Е.Кавашимагийн дараагийн сонголт. Түүний ур чадвар маш хурдтай өсөж байгаа бөгөөд клубынхээ төлөө аль хэдий нь 62 тоглолтонд оролцоод байна. Магадгүй түүнийг дэлхийн аваргаар хаалгаа манахыг харж болох юм.
Дасгалжуулагч:
Японы шигшээ баг дэлхийн аваргаар нутгийн дасгалжуулагч А.Нишиногийн удирдлага дор оролцож байна. Энэ шийдвэр бол маш том сюрприз байсан юм. Уг нь Японыг дэлхийн аваргад орох гол ажлыг Босни дасгалжуулагч В.Халихожич хийсэн. Японы хөлбөмбөгийн холбооны шийдвэр зөв байсан эсэхийг харах л үлдэж байна.
Дэлхийн аваргын түүх:
Японы шигшээ баг 1998 оноос хойш Азийн бүсээс тогтмол дэлхийн аваргад оролцож байгаа бөгөөд 2002, 2010 онуудад шөвгийн 16-д шалгарч байсан.
Боломжит амжилт:
Магадгүй хэсгийнхээ хамгийн сул өрсөлдөгч байх. Гэхдээ тэд эхний тоглолтондоо Колумбын хүчтэй багийг буулгаж авснаар Н хэсгийн өрсөлдөөний маш сонирхолтой, тааварлашгүй болгоод байна. Хэрвээ Сенегал эсвэл Польшийн шигшээ багуудын аль нэгнээс нь хожил салгаж чадвал хэсгээс гарч болох талтай.
Тоглолтын хуваарь:
- 2018 оны 6 сарын 19. Колумби 1-2 Япон
- 2018 оны 6 сарын 24. Япон – Сенегал
- 2018 оны 6 сарын 28. Япон – Польш
Б.БЯМБАБАЯР