Өмнөд Солонгосын шүүх байгууллага нохойг хүнсэнд хэрэглэх зорилгоор нядлахыг хориглосон шийдвэр гаргажээ. Амьтны эрхийг хамгаалагч мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар нохойг махны зориулалтаар нядалж, нохойн махыг хоол хүнсэндээ ашиглах нь амьтны эрхэд нийцэхгүй гэж үзэж байна. Өмнөд Солонгосын хоолны соёлд нохойн мах ихээр ашиглагддаг. Жилд дунджаар нэг сая нохойг махны зориулалтаар нядалдаг гэсэн тооцоо байдаг аж.
Сүүлийн үед, малын махыг идэж болох ч нохой бол хүний үнэнч нөхөр гэдэг ойлголт хүчтэй нэвтрүүлснээс хойш нохойн махны хэрэглээ буурсан гэнэ. Мэргэжилтнүүд залуу үеийнхэнд энэ талаар илүүтэй ойлгуулах хэрэгтэй гэжээ. Нохойн махны хэрэглээг шууд танана гэдэг хүндрэлтэй асуудал болоод байна. Өмнөд Солонгосын эрх баригчид нохойг хэрцгийгээр нядалдаг нохойн фермүүдийг хаах, нохойн махаар хоол хийдэг хоолны газар, ресторануудад хяналт тавих гэх мэт хатуу арга хэмжээ авахаар болсон байна.
Нохойн махны хэрэглээг хориглох асуудлаар БНСУ-ын Ардчилсан намын гишүүд Үндэсний ассемблейд шаардах бичиг хүртэл хүргүүлж байжээ.
Одоогийн байдлаар Өмнөд Солонгост 17.000 нохойн ферм байдаг байна. Амьтан хамгаалах байгууллагын мэргэжилтнүүд цаашид Өмнөд Солонгосын нохойн фермүүдтэй хатуу тэмцэхээ анхааруулжээ.