Мөрөөдлөө биелүүлэх аялалд гарсан нь

Хуучирсан мэдээ: 2011.08.25-нд нийтлэгдсэн

Мөрөөдлөө биелүүлэх аялалд гарсан нь

    Амьдралын хүрд эргэдээрээ эргэж, алтан нар мандагаараа мандаж байна. Өглөө бүрийн мандах нарнаас илч гэрэлээ авч, нэгэн өрх айлыг толгойлж, хүүхдүүдийнхээ инээх дуунд цовоожиж, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмүүлж яваа энэ залууг Бямбадорж гэдэг бөгөөд эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.Тэрээр ард түмний сонголтоор кино бүтээх эрхэм зорилготой “Кино код” нэвтрүүлгийн жүжигчин шалгаруулах проб шоунд 283 хувийн дугаартай оролцсон. Манжийн дарлалын эсрэг тэмцэгч- шилийн сайн эрсийн тухай өгүүлэх “Ганган Төгс” киноны гол дүрд мэргэжлийн жүжигчидтэй хамт авъяас чадвараараа өрсөлдөж байгаа проб шоуны оролцогч Бямбадорж хүн ер нь зөв бодолтой, бие биенийгээ гэсэн сэтгэлтэй байвал бүх юм болдог юм даа. Би ийм л сэтгэлээр амьдардаг хүн гэж ярьж байсан юм.


Монголын тайз дэлгэцийн урлагт өөрийн ул мөрийг тодоос тод үлдээж, бүтээсэн дүр бүхэн нь ард түмний зүрх сэтгэлд хадгалаастай байдаг МУАЖ Д. Чимэд-осор бол түүний өвөө. Сүрэг чоно жүжгийн Данзан, Цогт тайж киноны Цэцэрлэгч өвгөн, Сэтгэлийг шингэтэл жүжгийн “Шукар” өвгөний давтагдашгүй дүрээ бүтээж, урлагийнхандаа “Шукар багш” хэмээн алдаршжээ. “Хүний сайхан сэтгэл” киноны усч өвгөн, “Мандухай цэцэн хатан” киноны Хурц зайрангийн дүр гэх мэт олон дүрээрээ мөнхрөн үлдэхээс гадна “Гологдсон хүүхэн”, “Нүгэл буян”, “Зэрэг нэмэхийн өмнө”, “Тамирын охин”, “Хонины найр” кинонуудыг найруулжээ. Кинонд тоглоно, найруулна, шүлэг дууны үг бичинэ гээд түүний авъяас билэг хэмжээлшгүй билээ… Бямбадоржийн судасаар энэ аугаа хүний цус гүйж байгаа нь юутай бахархалтай. 


Г.Бямбадорж /Проб шоуны оролцогч/ :  Би багаасаа жүжигчин болохыг хүсдэг байсан. Энэ хүслээ биелүүлэхийн тулд “Кино код” нэвтрүүлэгт оролцох болсон юм. Энэ нэвтрүүлэг бол авъяасаа нээнэ илрүүлэх, мөрөөдлөө биелүүлэх боломж олгосон сайхан нэвтрүүлэг. Би барилгын салбарт ажилладаг. Сантехникч, тогооч мэргэжилтэй л дээ. Одоо бол ажил, мөрөөдөл хоёроо хослуулаад явж байна даа. 

Би өвөөгөөрөө бахархаж, энэ хүндтэй хүний нэр нүүрийг хугалчихгүй юмсан гэж хичээж явдаг. “Хүн дүрийг голдоггүй, дүр л хүнийг голдог” гэж боддог. Манайд өвөөгөөс маань мэргэжлийн өвлөж авсан хүн байхгүй. Энэ жил СУИС-д шалгалт өгдөг юм билүү гэсэн чинь манай эхнэр хөгширсөн хойноо яах гээд байгаа юм гэхээр нь больсон. Гэхдээ урлагийн төлөө гэсэн сэтгэл байвал хөгшин залуу нь хамаагүй байх гэж боддог. 

Ардын жүжигчин Н.Сувдаа гуай “Жүжигчин хүн гэдэг маш их судлаач байх хэрэгтэй” гэж ярьж байсан. Миний хувьд бас сэтгэлзүйч байх ёстой гэж боддог. Учир нь сэтгэлзүйч хүн ямар ч ааш араншинтай хүний зан аашийн харьцуулж дотор нь байгаа юм шиг тухайн дүрийг сайн гаргаж чадна. “Ганган Төгс”-ийн дүр бол өөрөө түүхэн хүн ба дотоод сэтгэл нь эр хүний мөн чанар, эх оронч сэтгэлтэйгээр зогсохгүй, хайр сэтгэл ч явж л байсан байх. Гэхдээ өөрөө тухайн цаг үед амьдарч үзээгүй, түүхийг нь одоогоор судалж мэдээгүй хэдий ч хэрвээ би “Ганган төгс” –д тоглохын бол хамаг хүч хөдөлмөр, авъяас юу байдаг юм, бүгдийг нь шавхах болно.

Ш. Даваасамбуу /МУСТА, жүжигчин/:  Бямаа одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө над дээр нэг зохиол биччихсэн, энүүгээр кино хиймээр байна гэж ирж байсан. Тухайн үед санхүүгийн байдлаас болоод хйиж чадаагүй л дээ. Ер нь мужаан хүний хүүхэд сайн мужаан болдог. Бөх хүний хүүхэд сайн бөх болно. Тэгэхээр “Шукар багш”-ийн зээ бол жүжиглэх авъяастай л байх ёстой. Бямбаа бол ер нь их энгийн, ямар нэгэн байдлаар хүн дууриах юмуу, гадна талаасаа хэлбэр төдий үзүүлэхгүй байх шиг санагдсан. Ерөөсөө л байгаагаараа. Найруулагчаас өгсөн даалгаврын гүйцэтгэж, үгийг нь даагаад, тухайн өгөгдсөн дүрийг нь үрийн олоод түүнийгээ зөв баяжуулаад явах бүрэн чадвартай хүн. 


Т. Амартүвшин /Гэргий/:  Анх нөхрийгөө “Кино код” нэвтрүүлэгт орно гэхэд дэмжиж байсан. Чадна гэдэгт итгэлтэй байсан. Эр хүнийхээ хувьд эхнэртэй халамжтай, хүүхдийнхээ сайн эцэг. Гол дүрд нэр дэвшиж байгаад нь үнэхээр их баяртай байна.Ханьдаа амжилт хүсье. 

А.Ганболд /Найз/:  Бямбаа ахтай гурван жилийн өмнө анх танилцаад, одоо нэг газар хамт хамт ажиллаж байгаа. Том жүжигчидтэй өрсөлдөөд энэ шоунд амжилттай явж байгааг хараад бахархах сэтгэл төрсөн. Хамт барилгын ажил хийгээд явж байсан болохоос биш кинонд тоглоно чинээ санасангүй ээ/инээв/. Сүүлийн үеийн Монгол залуучууд дэндүү гадаад төрхтэй болсон болохоор Монгол төрхтэй хүнийг “Ганган төгс”-д тоглуулах хэрэгтэй. Ер нь “Монгол эр хүн” гэж манай Бямбаа ах шиг хүнийг хэлнэ дээ.

Ч.Мягмарсүрэн /Найз/:  Багадаа их сэргэлэн, хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Найз нөхдийнхөө итгэлийг өндөрт өргөж яваарай. 


Ж.Сайнбилэг /Эгч/:  Манай дүү ер нь янз бүрийн юм хийх гэж оролддог. Одоо жүжигчин болох гэж байгаа нь маш зөв юм аа сонгож, барьж авлаа гэж боддог. Цаашдаа энэ чиглэлээрээ яваасай, удам залгах жүжигчин гараасай гэж маш их хүсэж байна. Дүүтэй маань хамт өрсөлдөж байгаа жүжигчид бол мэргэжлийн сургууль нь төгссөн, нилээд хэд хэдэн кинонд тоглосон, ард түмний танил болсон жүжигчид. Мэргэжлийн бус атлаа “Ганган Төгс”- д өрсөлдөж байгаа нь Бямбадорж маань урлагийн удамтай, өөрт нь авъяас байгаа гэдэг нь харагдаж байна л даа. 

Ш.Эрдэнэхүү /“Гүн шим” төвийн тэргүүн/:   Энэ нэвтрүүлэг цаг үеэ олсон, шалгаруулалт нь олон нийтийн дүгнэлтээр явж байгаа болохоор шинэлэг, чанартай, сайн нэвтрүүлэг . “Ганган төгс”- д өрсөлдөж байгаа жүжигчдээс мэргэжлийн бус хэрнээ авъяаслаг залуу болох Г.Бямбадорж бол манай анхны төгсөгчдийн нэг. Миний шавь гэдэг утгаар бус том жүжигчний удам залгасан хүү нь, өөрөө нилээн чөлөөт сэтгэлгээтэй, өөрийгөө бүрэн нээх чадвартай гэдэг утгаар нь их дэмжиж байгаа.

Т.Ариунаа /МУГЖ, дуучин/:   Монголын кино урлаг хөгжиж буйг хараад уран бүтээлч хүний хувьд баярладаг. “Кино код” нэвтрүүлгийн гол дүрд тоглохоор өрсөлдөж байгаа таван залуугаас Г.Бямбадоржыг дэмжиж байгаа. Тэр дундаа манай гэр бүлийн хүнтэй хамтарч ажилладаг. Г.Бямбадоржыг бид сантехникч гэдэг юм уу, ажил мэргэжил, хувь хүнийх нь талаас нь мэддэг байсан бол одоо авъяас чадвараараа олонд илүү танигдаад байна. Гайхамшигтай жүжигчний удам байсныг би саяхан мэдсэн. Илүү ойр ажиллаж байсан гэдэг утгаараа, хувь хүнийхээ хувьд баримталдаг зарчим, юманд сэтгэлээсээ ханддаг нь таалагддаг. “Ганган Төгс“ кинонд өөрийгөө сориод оролцож байгаа нь бахархууштай. Манай гэр бүлийнхэн Г.Бямбадоржыг энэ түүхэн дүрийг бүтээж чадна гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье. 


     Хүн бүрийн сэтгэлд кинонд тоглох нууцхан хүсэл мөрөөдөл байдаг. Тэр хүслээ биелүүлэх алс холын аялалдаа Г.Бямбадорж маань аль хэдийнэ гарлаа. Жолоогоо хэрхэн залж, ямар өндөрлөгт хүрэх нь өөрөөс чинь л шалтгаална. Ингээд 8-р сарын 27 нд 19цаг 35 минутад гол дүрийн жүжигчин сонгох нэвтрүүлэг дээр уулзъя.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж