УИХ-аар Оюутолгой төслийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг сонсох болсонтой холбогдуулж, ‘Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн’-ий удирдах зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэбаяр тэргүүтэй хүмүүс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын 76 гишүүний сэтгэц, мэдрэлийг шалгуулах шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
УИХ-ын даргад тулган шаардах бичиг хүргүүлж байна
‘Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн’-ий удирдах зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэбаяр “Бид Оюутолгойн ордын 51 хувиас илүүг Монголын талд эзэмшүүлэх, Оюутолгойн ордыг ашиглаж байгаа Рио Тинто болон бусад хөрөнгө оруулалт хийсэн компани бүгд Өмнөговь аймагт дагавар хот бий болгох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс Оюутолгойн төв оффисын өмнө 10 хоног гарын үсэг цуглуулж суусан. Одоогоор 8000 гаруй иргэн гарын үсэг зурж биднийг дэмжээд байна. Мөн бид УИХ-ын дарга М.Энхболдод тулган шаардаг бичиг хүргүүлж байна. Үүнд: УИХ-ын дарга М.Энхболд та өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх, “Оюутолгойн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж, гэрээг дүгнэх” дүгнэлтийг хэлэлцэхийн өмнө УИХ-ын 76 гишүүнийг нэн яаралтай нарийн мэргэжлийн сэтгэцийн үзлэгт хамрагдахыг шаардаж байна. Учир нь та бүхний гаргаж буй шийдвэр болгон ард түмний эрх ашигт үл нийцсэн, цөөн тооны хүн, гаднын хөрөнгө оруулагчдад зориулсан байна” гэлээ.
УИХ-ын зарим гишүүд бидэнтэй хамтран ажиллаж байгаа
Хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Жагар “Оюутолгойг шалгах ажлын хэсгийг хөрөнгө оруулагч талыг 4-5 асуудлаар гүжирдсэн хэмээн шүүхэд өгч байгаа юм байна. Үүний нэг нь Геологийн төв лаборатори төрийн байгууллага, Оюутолгойтой нууцын гэрээ байгуулсан талаарх мэдээ. Үүнийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын (МХЕГ) дэд дарга Д.Энхсайхан ажлын хэсгийн хуралдаан дээр хэлсэн. Тэр үед УИХ-ын гишүүд, мэргэжлийн байгууллагын төлөөлөл байсан тул хэнийг ч гүжирдээгүй. Хамгийн гол нь хөрөнгө оруулагч тал ард иргэдэд 51 хувиас дээш хувьцааг өгүүлэхгүй байх бүх арга хэмжээг авч байна. Мөн 20 хувийн татвар төлөхөөс зайлсхийж байгаа. УИХ-ын чуулганаар энэ татварыг багасгах, улмаар тэглэх гэж байсан. Үүнийг УИХ-ын гишүүн бидэнд хэлсэн. УИХ-ын зарим гишүүд бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Гэвч нууцын гэрээ байгуулсан ах дүү, хамаатан садных нь компани Оюутолгойд ханган нийлүүлэлт хийдэг, тендерт оролцдог зэрэг ямар нэгэн байдлаар хамааралтай тул амаа үдүүлсэн мэт байдаг юм билээ. УИХ-ын гишүүд нь амаа үдүүлсэн мэт байгаа тул манай улсад төр байхгүй гэсэн үг. Тиймээс тэдний сэтгэцийг шалгуулах хэрэгтэй. Ингэвэл тэднээс маш, ноцтой асуудал гарна. Яагаад гэвэл шийдвэр гаргахдаа суудал дээрээ хэд эргэж байгаа нь сэтгэцийн ямар нэгэн асуудалтайн шинж. Шийдвэр гаргах төвшний чадвар тэдэнд байна уу“ гэсэн юм.
Р.Ренчиндулам