Тавантолгойн асуудал улам ойлгомжгүй болж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.25-нд нийтлэгдсэн

Тавантолгойн асуудал улам ойлгомжгүй болж байна

Ерөнхий сайд асан, “Монголын алт” компанийн зөвлөх Д.Содномыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-“Тавантолгойн ор­дыг үн­дэсний хөрөнгө оруулагч­дын хүчээр ашиглах хэрэг­тэй” гэсэн байр суурь сүү­лийн үед сэргэж эхэллээ. Та ч энэ үгийг хэлж байгаа. Иймд “Яагаад заавал үндэс­ний үйлдвэрлэгчид” гэдэгт та хариулт өгөхгүй юу?

-Тавантолгойг монголчуу­дынхаа хүчээр олборлох бо­ломж өнөөдөр хангалттай бүрд­сэн байна. Хүний нөөцийн хувьд ч, машин техникийн ту­хайд ч адилхан. Манайхан өнөө­дөр хөрс хуулж, нүүрс ол­борлон чулуу, шорооноос нь салгаад экспортлоод явж бай­на. Тавантолгойг ашиглахад энэ туршлага хангалттай.

-Энэ дунд мөнгө гэж нэг том асуудал бий?

-Мөнгө олох хэрэгтэй нь үнэн. Тэр мөнгийг манай үн­­дэсний компаниуд олоод ирж чадна. Одоо ч олоод л, ажил­лаад л явж байна шүү дээ. Та­вантолгойн хэмжээний том ордыг ашиглахад гадаадын сан­хүү­гийн байгууллага, то­моо­­хон хөрөнгө оруулалтын бан­­кууд дэмжлэг үзүүлэх бо­ломжтой гэдгээ ил тод зар­лаж байна. Гол нь чадаж бай­гаа зүйлээ өөрсдөө хийх нь нь чухал биз дээ. Чадаж бай­гаа зүйлээ өөрсдөө хийгээд гар­сан үр ашгийг нь өөрсдөө хүртдэг байхын төлөө л би энэ саналыг хэлээд байгаа юм.

-Гэхдээ Тавантолгой бол На­рийн сухайт, Адуунчу­луу­ны нүүрсний уурхай биш шүү дээ. Нэг ёсны Адуун­чулууны нүүрсний уурхайг ашиглахаас хавьгүй их хү­­чийг Тавантолгой шаар­дах нь ойлгомжтой. Энэ то­хиол­долд манайхны турш­лага “бал­чирдаж” мэдэх юм?

-Илүү туршлага, чадвар нэ­хээд байна гэх юм энд байхгүй. Хэрэв далд уурхай байсан бол өөр хэрэг. Адилхан л ил уурхай. Тогтоцын хувьд харин ч их боломжийн. Ол­борлоход бусад нүүрсний уурхайгаас илүү хялбар.

-Үндэсний үйлдвэрлэгчид ол­бор­лох боллоо гэхэд ямар ч асуу­далгүй гэж үү?

-Асуудал байхгүй.

-Гэсэн ч цахилгаан станц, төмөр зам гээд Тавантолгойг тойр­сон дэд бүтцийг мон­голчууд өөрсдийн хүчээр шийдэж чадахгүй нь ойлгомжтой шүү дээ?

-Би олборлох, баяжуулахад гад­ныхныг битгий оролцуул. Өөрсдөө хий. Харин цахилгаан станц, кокс химийн үйлдвэр, төмөр зам гэх мэт дэд бүтцийн асуудалд гадаадын хөрөнгө оруулагчийг оруулах хэрэгтэй. Энэ хоёрыг бас ялгаж салгаж ойлгох хэрэгтэй л дээ. Өөрсдийн чадах зүйлд заавал гадныхныг оролцуулж, олох ашгийг нь заавал гадныхантай хуваалцана гэдэг бол буруу.

-Хятад, Орос, Америк гэсэн энэ гурван нэгдэл Тавантолгой дээр консерциум болж ажиллаа гэхэд дэлхийн түүхнээ онцгой хамтрал болно хэмээн Засгийн газраас сур­талчилж байгаа. “Дэлхийн хам­гийн хүчирхэг гурван гүрнийг Мон­голын баялаг нэгтгэж чадлаа” гэх утгаар нь тайлбарлаж буйг та сонссон байх. Тийм үү?

-Гадны компаниудтай хэлэлцээр хийж, саналаа Засгийн газарт оруулж байгаа Тавантолгойг хариуцсан аж­лын хэсгийнхэнд олон нийтийн өмнө тайлбар хийхэд их төвөгтэй нөхцөл байдал үүсчихээд байх шиг байна.

-Тухайлбал?

-Олон улсад зарласан тендерийн дагуу гадаадын компаниуд өөр хоо­рондоо нэгдэж, консерциум бай­гуу­лах замаар манайд саналаа ирүүл­сэн. Гэтэл манай нөхөд хариу өгөхдөө консерциумын нэр дээр хариу өгөөгүй. Зөвхөн Орос, Хятад, Америк орны компанийн нэр дээр саналаа өгсөн шиг байна. Ямар үндэслэлээр консерциумын саналыг дунд нь салгаж, компанийн санал болгож нэг тийш нь чиглүүлж байгаа нь ойлгомжгүй байна. Үүн дээр гадаадынхан том асуудал гаргаж байхыг үгүйсгэх аргагүй. Нөгөө талаар тэр компаниудын оролцооны хувийг ямар үндэслэлээр тогтоосон нь мөн л ойлгомжгүй байна. Хятадын тал юуны учир 40 хувийг эзэмшихээр болов. Америкт яагаад 24 хувийг үлдээж, Орос, Монгол нь нийлээд ямар учир шалтгаанаар 36 хувийг хамтарч эзэмших гэж байна гэдэгт тодорхой хариулт хэрэгтэй. Энэ бүхэнд хариу өгөхөд ажлын хэсгийнхэнд их хэцүү байж магадгүй. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн дагуу асуудлыг харах юм бол асуудал бүр л ойлгомжгүй болж ирж байна.

-Тодорхой тайлбар өгөхгүй юу?

-Улсын хөрөнгөөр хайгуул хийн илрүүлж, нөөцийг нь тогтоосон бол тухайн стратегийн ач холбогдол бүхий ордын 51-ээс дээш хувийг Мон­голын төр эзэмшинэ гэсэн утгатай заалт Ашигт малтмалын тухай хуульд бий. Гэтэл Тавантолгойд энэ хууль хэрэгжихгүй нь бололтой. Тэг­вэл хэрэгжих боломжгүй тэр үндэс­лэлийг нь хэлэх хэрэгтэй. Цаашлаад үр ашгийнх нь тооцоог дэлгэх ёстой. Энэ бүх тодорхойгүй асуудал нь өөрөө мухардмал байдал руу түлхэж байна.

-Та өөрийнхөө хувьд энэ мухар­далд гарц олж харж байна уу?

-Энэ янзаараа гадаадынхантай асуудлыг шийднэ гэдэг их төвөгтэй болно. Иймд нэгэнт манайхан өөрсдөө нүүрсээ олборлож чадах учраас ерөөсөө шууд энэ шалгаруулалтыг зог­соох хэрэгтэй байж болох юм.

-Орос, Хятад, Америк гэсэн гур­ван том со­нир­хол Тавантолгойн төлөө нэгдэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Үүн шиг үн­дэсний группууд маань өөр хоорондоо нэг­дэж, энэ орд дээр хамтран ажил­лаж чадах болов уу?

-Хамтрахад чадахгүй гэх зүйл байхгүй. Хамтар­даггүй юм гэхэд шууд аль нэг нь дангаараа ашиглаад явж болно. Эсвэл төрийн болон ху­вийн өмчит хам­тарсан компани ч байгуулж болно.  Миний хувьд ямар компани байх нь чухал бус. Ерөөсөө л монголчууд л ашиглах хэрэгтэй гэж бодож байгаа.

-Засгийн газрын Хэ­рэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар “Мон­голын талын 18 хувийг Төрийн өмчийн хороо эзэм­шиж болно” гэж хэл­сэн. Таны хувьд Мон­голын талд эзэм­шүүлнэ гэж Засгийн газрын зарласан тэр 18 хувь манайхны оролцоог хангахад хангалттай тоо мөн үү?

-Би болж л өгвөл Мон­голын талд 100 хувь эзэм­шүүлэх хэрэгтэй л гэдэг санал тавина. Бүр зайлшгүй гадаадынхныг оролцуулах хэрэгтэй гэж үзвэл ядаж Ашигт малтмалын тухай хуулийн дагуу 51 хувиа Монголдоо үлдээх ёстой.

-Тавантолгойг зүүн, баруун Цан­хи гэдгээр нь хувааж, Зүүн цан­хид зөвхөн олборлолт явуу­лах гадаадын компанийн оролцоог нээлттэй болгож өгсөн. Ингэснээрээ Монго­лын талд байх ёстой тэр 51 хувийг нөхчихөөд байгаа юм биш үү.Энэ бодол Засгийн газрынханд бас их таалагдаж болох юм?

-Үгүй байх аа. Тэгж бодож бо­лохгүй. Өөрсдөө ажиллаж байгаа хэсгээ Тавантолгойн 51 хувь гэж тайлбарлавал яаж ч бодсон болохгүй. Оролцооны хувь хэмжээний тухай асуудал баруун Цанхи дээр л яригдах ёстой. Гэхдээ Тавантолгойг баруун, зүүн Цанхи гэж хуваасан нь нэг их буруу биш л дээ. Хамгийн гол нь Тавантолгойг тойрсон ордуудыг хамруулаад тал, талд нь цахилгаан станц байгуулаад байвал буруу л зүйл болно. Тэгэхээр нэгдсэн бүтэц, зохион байгуулалтад оруулах зайлшгүй шаардлага гарч ирж байгаа юм. Боловсруулах, баяжуулах үйлд­вэр гэж байна. “Энержи ресурс” бо­ловсруулах үйлдвэрээ байгуулаад дуусч байгаа. Гэтэл баруун Цанхид дахиад цахилгаан станц барих тухай асуудал ярьж байна. Энэ бүхнийг нэг цогц байдалд шилжүүлээд комплекс байдлаар хөгжүүлэхгүй бол тархай, бутархай, эмх замбараагүй нөхцөл үүсэхийг үгүйсгэх аргагүй.

-Таныг энэ тухай ярихаар “Мон­голын алт” компанийн зорилгыг лоббидож байна гэж хардаж мэдэх юм?

-“Монголын алт” компанийг оруу­лахын тулд Содном ингэж яриад байна гэж хардах хэрэггүй. Ма­най компани анх Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах тендерт саналаа өгсөн үү гэвэл өгсөн. Хариу нь манай талд гараагүй нь үнэн. Гэхдээ би зөвхөн “Монголын алт” компани л энд ажиллах ёстой гэж үзсэндээ хэлээд байгаа юм биш. Бид Монголоо л бодох хэрэгтэй байна. Энэ бодлынхоо үүднээс хэлж байна.

-Та дээр хэдийгээр сонгон шалга­руулалтын эцсийн дүн гараагүй ч гэсэн одоогийн тендерийн явцыг хүчингүй болгох тухай дурссан. Энэ нь манай улсын нэр хүндийг дэлхий нийтэд унагах юм биш үү?

-Харин би үүнийг чинь хүсээгүй учраас энэ оны нэгдүгээр сараас эхлээд л Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд захидал бичиж, санал бодлоо илэрхийлж ирлээ шүү дээ.

-Гэхдээ та өнөөгийн улстөрч­дийг ойлгож байгаа биз дээ. Тэ­дэнд Тавантолгойг гурван ашиг со­нирхлын дунд тавих шалтгаан байгаа шүү дээ. Нэг ёсны мухардал ч гэж хэлж болох юм?

-Шийдвэр гаргахад төвөгтэй бол­чихсон нь ойлгомжтой. Энэ нь улстөржсөн талаасаа ч ганц биш юм шүү. Олборлолтод гадаадынхныг оролцуулах нь зөв үү, үгүй юү гэдгийг л анхнаас нь бодох ёстой байсан. Гадаадынхныг оролцуулах нэг үндэслэл нь урьдчилгаа мөнгийг шагнал маягаар аваад түүгээрээ сонгуулийн амлалтаа биелүүлэх шаардлага байсан байх. Тэр ч байж болох асуудал. Гэхдээ үүнээс чинь болоод л гадны улс орны дунд асар том зөрчилдөөн үүсчихлээ. Гадаадынхны зэрэгцээ Монголдоо бид зөрчилдөөнд орчихлоо. Ийм хоёр том зөрчилдөөн дунд гарц хайх хэрэгтэй. Тэр гарцыг л би үндэснийхээ хөрөнгө оруулагчдад олборлолтыг нь хариуцуулах гэж бодоод байгаа юм. Ядаж гадаадынхан “Тавантолгойг дотоодынхоо хү­чээр олборлох боллоо” гэхэд өөр хоорон­доо зөрчилдөж, манай руу асуудлыг хурцатгахгүй харьцангуй тайвнаар хүлээн авч мэдэх юм шүү дээ.

-Үндэсний хөрөнгө оруулагчид Тавантолгойг ашиглалаа гэхэд тэрбум төгрөгийн урьдчилгааг өгч чадахгүй гэдэгтэй та санал нийлнэ биз дээ?

-Өгөхгүй ээ. Ер нь урьдчилгаа гэдэг чинь зээл шүү дээ.

-Сонгуулийн амлалтын цаана хамгийн чухал нь улстөрчийн, улс төрийн намын нэр төр яваад байх шиг байдаг?

-Амлалтаа биелүүлэх нь зөв. Гэх­дээ урьдчилгаа маягаар хүүтэй мөнгө зээлж, үүнийхээ төлөөсөнд ордоо ашиглуулах зарчимдаа буулт хийх шаардлагатай болно. Ийм юм­наас хол байх хэрэгтэй. Өөрсдөө л барьцаанд орно шүү дээ.

-Одоогийн байдлаар та “Засгийн газрыг барьцаанд орчихсон байна” гэвэл хүлээн зөвшөөрөх үү?

-Одоохондоо гарын үсэг зурж, гэрээгээ байгуулчихаагүй бай­на. Гарын үсэг зурсны дараа л барьцаанд орсон, ороогүй тухай яри­на. Өнөөдрийн хувьд “Барьцаанд битгий ор­чихоорой” гэдэг үүднээс хэлж байгаа үгийг анхааралтай сонсч, сайтар зөв­лөж, судлах хэрэгтэй. Энэ үүднээс л анхааруулж байгаа юм.

-Та өмнө нь Оюутолгойн төслийг эхлүүлэх үед “Гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй” гэж хэлж байсан. Харин Тавантолгойн тухайд “Дотоодын хөрөнгө оруу­лагч хэрэгтэй” гэх байр суурийг ба­римталж байна. Үүнийг зарим хүмүүс “Үзэл бодлын өөрчлөлт” гэж дүгнэхийг үгүйсгэх аргагүй болов уу?

-Оюутолгойн зэс Тавантолгойн нүүрс хоёрын хооронд тэнгэр газар шиг зөрүү бий. Оюутолгойн нөөцийн ихээхэн хэсгийг далд уурхайн хэл­бэрээр ашиглах шаардлагатай. Ма­найханд далд уурхайгаас ашигт малт­мал ашиглах туршлага бараг байхгүй. Энд чадах чадахгүйн асар их зөрүү гарч ирж байгаа биз. Үүнийг бас ялгаж салгах хэрэгтэй. Дээр нь Ашигт малтмалын тухай хуульд хувийн хөрөнгөөр хай­гуул хийж, нөөцийг нь тогтоосон бол төр 34 хувийг эзэмших ёстой гэсэн заалт бий. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд энэ заалт мөр­дөгдсөн. Гэтэл Тавантолгойд төр 51-ээс дээш хувийг эзэмших ёстой байтал тэр хувь нь байхгүй бол­чихоод байна. Энэ хоёр ордын гол ялгаа нь энэ учраас баримт­лах бодлогын хувьд өөр байх шаардлагатай болчихоод байгаа юм.

Г.Отгонжаргал

"Улс төрийн тойм"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж