Х.Баделхан: Газрын үнэ хоёр дахин нэмэгдсэн

Хуучирсан мэдээ: 2018.06.21-нд нийтлэгдсэн

Х.Баделхан: Газрын үнэ хоёр дахин нэмэгдсэн

Х.Баделхан: Газрын үнэ хоёр дахин нэмэгдсэн

Засгийн газраас Газрын үнэлгээний бүс /зэрэглэл, тойрог/, суурь үнэлгээ, төлбөрийн хувь, хэмжээг шинэчлэн тогтоожээ. 1996 оноос хойш үүнийг шинэчлээгүй бөгөөд 2019 оны нэгдүгээр сараас эхлэн шинэчлэн тогтоосон үнийг мөрдөх юм байна. Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханаас тодрууллаа.


-Газрын суурь үнийг шинээр тогтоолоо. Ямар өөрчлөлт оруулсан юм бэ?

-1996 онд хөдөө аж ахуйн болон Улаанбаатар хотын газрын үнийг тусад нь тогтоосон. Хөдөө аж ахуйн зориулалттай газрыг хангайн уулархаг бүс, алтайн уулархаг бүс, хээр тал, талын бүс гэж хуваан үнэ тогтоосон. Бэлчээрийн, тариалангийн, хадлангийн гэж гурван төрлийн үнэ тогтоосон. Улаанбаатар хотын нэг га газрын суурь үнийг 440 сая төгрөгөөр тогтоосныг өнөөг хүртэл мөрдөж байна. Өнгөрсөн хугацаанд газар, газар хувьчлалын тухай хууль гарсан. Тиймээс үнийг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарсан учраас шинээр үнэ тогтоож байгаа юм.  

Хөдөө аж ахуйн газрыг нийт 31 бүсэд хувааж байгаа. Тухайлбал, Алтайн уулархаг бүсийг дотор нь 10 гаруй бүсэд хувааж байх жишээтэй. Уул, тал, үржил шимийг нь харж үнийг тогтоосон. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг 16 бүсэд хуваарилсан. Төвийн инженерийн шугам сүлжээтэй хэсэг, захын гэх мэтчилэн хуваарилсан. 16 бүс дотор 17 зориулалтаар газрын үнийг тогтоосон. Тухайлбал, төсвийн байгууллага, бизнес, орон сууц барих зэргээр ангилж үнийг тогтоож байгаа. Хөдөө аж ахуйн зориулалттай газрын үнийг долоон жилд нэг удаа өөрчилнө. Улаанбаатарын газрыг хоёр жилд нэг удаа өөрчлөх журам оруулсан. Үүнтэй хамт газрын үнэлгээний журмыг өөрчилж, үнэ тогтоохдоо хоёр жил орчим зах зээлийн судалгаа явуулж, орон нутгаас санал авсан. Тогтоолын төслийн 2017 оны арванхоёрдугаар сард Засгийн газрын хуралдаанаар оруулсан. Тэгээд дахин судлах шаардлагатай хэмээн үзэж зургаан сарын хугацаанд УИХ, Засгийн газар, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар, эрдэмтэн судлаачдын саналыг авч үнэ тогтоосон. Үржил шим багатай газрын үнэ өмнөхөөсөө 2-3 дахин буурсан. Улаанбаатар хотын дэд бүтэц сайтай газруудын үнэ хоёр дахин нэмэгдсэн.

-Иргэн газар худалдаж авахаар бол суурь үнэд өөрчлөлт орох уу?

-Иргэнд ямар нэг төлбөрийн дарамт байхгүй. Харин бизнесийн зориулалтаар ашиглахад зориулж суурь үнийг тогтоож байгаа.

-Төсвийн байгууллага сургууль, цэцэрлэгийн зориулалтаар газар авахаар бол суурь үнийг хэрхэн тогтоосон юм бэ?

-Төсвийн байгууллага сургууль, цэцэрлэг барина гэвэл үнэ багатай. Улаанбаатар хотод төсвийн байгууллага зөвхөн албан хэрэгцээндээ газар авна гэвэл сургууль барина гэвэл нэг га нь 23600 төгрөг, харин арьс ширний үйлдвэр барина гэвэл нэг га нь 1.4 сая төгрөгийн үнэтэй. Хамгийн өндөр үнэ гэж ойлгох хэрэгтэй. 23600-1.4 сая төгрөгийн хооронд үнэ хэлбэлзэнэ. Энэ бол суурь үнэ. Энэ үнийг хэлэлцээд нийслэлээс суурь үнийг тогтоож болно. Дуудлага худалдаа явуулаад ч шийдэж болно. Улаанбаатарын хувьд дэд бүтцэд холбогдсон, үйлчилгээндээ ойр газрын үнэ өндөр байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж